Фото: Энэтхэгийн зохиолч, олон нийтийн зүтгэлтэн, Лев Толстойн нэрэмжит Олон улсын энх тайвны шагналын шүүгчдийн нэг Ачала Моулик "Улс түмнүүдийн хооронд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө" олгодог Лениний нэрэмжит Олон улсын энх тайвны шагналын 70 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал дээр (баруун талд). 2026 оны 9-р сарын 10
Энэтхэгийн зохиолч, судлаач Ачала Моулик амьдралынхаа олон арван жилийг Оросын уран зохиол, түүх, Энэтхэг-Оросын соёлын харилцааг судлахад зориулжээ. Түүний нэр Пушкин, Толстой, Тагор зэрэг дэлхийн утга зохиолын суутнуудыг холбон судалсан бүтээлүүдтэй салшгүй холбоотой.
35 ном, бүтээлийн зохиогч тэрээр энэ удаа Москва хотноо Лев Толстойн нэрэмжит Олон улсын энх тайвны шагналын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтан хүрэлцэн иржээ. 2026 оны есдүгээр сарын 9-нд Кремлийн Их ордны Гэгээн Андрейн танхимд болсон шагнал гардуулах ёслолд оролцсон юм. Гэхдээ Ачала Моуликийн түүхийг зөвхөн олон ном бичсэн зохиолч, судлаачийн намтар гэж харахад учир дутагдалтай.
Түүний амьдралын замналд сонирхлоо орхилгүй дагах, бүтээлээ тууштай хамгаалах, алдаа бүтэлгүйтлийн дараа дахин эхлэх, мэдлэгээ бусдад түгээх гэсэн эмэгтэй хүний манлайллын олон чанар бий.
“Би Орос орноос урам зориг авсаар л байна”
Ачала Моулик Оросын уран зохиолтой анх залуу насандаа гүнзгий танилцжээ. Түүний анхны томоохон бүтээлүүдийн нэг болох “Оросын уран зохиолын дүр төрх: Пушкинаас Евтушенко хүртэл” ном 50 жилийн өмнө хэвлэгдсэн байна.
Хагас зуун жил өнгөрсөн ч энэ номыг бичиж байх үеийн сонирхол нь өөрчлөгдөөгүй гэдгийг тэр хэлдэг. “Би Орос орноос урам зориг авсаар л байна” хэмээсэн нь түүний амьдралын урт замыг тодорхойлох нэг өгүүлбэр мэт.
Гэхдээ Оросын тухай сонирхол нь зөвхөн уран зохиолоор хязгаарлагдсангүй. Энэтхэг, Орос хэмээх хоёр өөр соёл иргэншил хоорондоо хэрхэн ойлголцож, харилцан суралцаж болохыг судлах өргөн хүрээтэй сэдэв болжээ. Тэрээр нөхөр Мохандас Мозестой хамтран бичсэн “Соёл иргэншлийн яриа хэлэлцээ: Уильям Жонс ба Дорно дахины судлаачид” бүтээлдээ Оросын дорно дахины судлал, Энэтхэг судлалын хөгжлийн түүхийг судалсан байна.
Өөрийн судалгааны ажлынхаа гол санааг Орос, Энэтхэгийг сөргөлдөгч бус, харилцан яриа өрнүүлж чадах хоёр соёл иргэншил хэмээн харах явдал гэж тайлбарладаг. Энэ бол түүний бүтээлүүдийг холбож байдаг гол санаануудын нэг.
Пушкиныг Энэтхэгийн уншигчдад хүргэхийн төлөө
Ачала Моуликийн тууштай зан чанарыг хамгийн тод харуулах нэгэн түүх бол “Пушкины сүүлийн шүлэг” жүжгийнх нь хувь заяа. Энэтхэгт Пушкиныг Толстой, Достоевский, Чеховын хэмжээнд өргөн мэддэггүй байсан үед тэрээр Оросын их яруу найрагчийн тухай жүжиг бичжээ. Гэвч хэвлүүлэхэд амар байсангүй.
Нэгэн хэвлэн нийтлэгч түүнээс “Пушкиныг ер нь хэн мэддэг юм бэ?” хэмээн асууж, бүтээлийг нь хэвлэхээс татгалзсан байна. Гэвч Ачала Моулик бууж өгсөнгүй.
Эцэст нь Энэтхэгийн Үндэсний Номын Сангийн тусламжтайгаар жүжгээ хэвлүүлж чадсан байна. Тус бүтээл борлуулалтаараа тэргүүлж, гурав дахь удаагаа хэвлэгдсэн байна. Бүр Энэтхэгийн сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт багтжээ.
Дели хотод болсон нээлтийн тоглолтууд гурван өдөр дараалан танхим дүүрэн үзэгчтэй байсныг тэр дурсан ярьдаг. Энэ амжилтын цаана нэг чухал чанар харагдана. Бусад хүн таны санааг эхэндээ ойлгохгүй байж болно. Харин өөрөө итгэж байгаа зүйлээ орхихгүй байх нь бүтээлч хүний хамгийн том хүч юм.
Хүнд үеийг туулж, бүтээлээ дуусгасан нь

Ачала Моулик нөхөр Мохандас Мозесын хамт, 1980 он. Ачала Моуликийн хувийн архиваас
Ачала Моуликийн амьдралд хувийн хүнд сорилт ч тохиолдож байжээ. Нөхөр нь “Пушкины сүүлийн шүлэг” жүжгийг бичихийг түүнд санал болгож, эхний нооргийг нь уншиж амжсан байна. Гэвч удалгүй гэнэт нас баржээ. Үүний дараа Ачала Моулик хоёр жилийн турш уг бүтээлдээ гар хүрч чадаагүй байна. Гэсэн ч тэр жүжгээ дуусгахаар шийджээ.
Пушкины тухай олон бүтээл уншиж, түүний ертөнцөд улам бүр гүн орж, эцэст нь өөрийн бүтээлийг дуусгасан байна. Эндээс түүний амьдралын бас нэгэн сургамж харагдана. Заримдаа амжилт гэдэг бусдыг давах биш, өөрийн эхлүүлсэн зүйлээ эцэст нь дуусгаж чадсан байхыг хэлдэг.
Пушкин, Толстой, Тагорын дунд өөрийн дуу хоолойг хайсан нь
Ачала Моулик Пушкиныг Энэтхэгийн агуу яруу найрагч Рабиндранат Тагортой зэрэгцүүлэн судалжээ. Түүний үзсэнээр Пушкин, Тагор хоёр өөр өөр орны уран зохиолын сэргэн мандалтын том төлөөлөгчид байв. Тэд дэлхийн шинэ санааг хүлээн авч байсан ч өөрсдийн үндэсний түүх, соёлын уламжлалаас урам зориг авч байжээ.
Харин Лев Толстой нь Ачала Моуликийн судалгааны бас нэг том сэдэв. Тэрээр “Лев Толстой: Энэтхэгээс харсан зуун жилийн өнцөг” номдоо Оросын их зохиолчийн Энэтхэгийн соёлтой холбогдох үзэл санаа, Махатма Гандид үзүүлсэн нөлөөг судалсан байна.
Толстойн хүчирхийллийн бус тэмцлийн талаарх үзэл санаа Гандигийн үзэл баримтлалд нөлөөлсөн хэмээн Ачала Моулик тайлбарладаг. Ийнхүү түүний судалгааны сэдэв нэг зохиолчоос нөгөөд, нэг улсаас нөгөөд шилжих боловч нэг л зүйл дээр огтлолцдог. Хүмүүс, соёл иргэншлүүд бие биеэ ойлгох боломж уран зохиолд байдаг.
“Сонирхлоо амьдралынхаа ажил болгож чадвал...”
Ачала Моулик 16 настайгаасаа Оросын түүх, уран зохиол, хөгжимтэй танилцаж эхэлсэн гэж ярьдаг. Их сургуульд байхдаа ч Орос найз нөхөдтэй болжээ. Анх хүүхэд, өсвөр насандаа төрсөн сонирхол нь хожим мэргэжлийн судалгаа болж, улмаар ном, жүжиг, өгүүлэл, олон улсын соёлын харилцааны ажил болон өргөжсөн байна. Энэ бол түүний амьдралын хамгийн сонирхолтой талуудын нэг.
Хүн заавал нэг өдөр “манлайлагч” болохоор шийддэггүй. Заримдаа өөрийн сонирхсон зүйлдээ үнэнч байж, олон жилийн турш хөдөлмөрлөсний эцэст бусдад үлгэр дуурайл болох замналыг бий болгодог. Ачала Моулик өнөөдөр ч судалгаагаа үргэлжлүүлж байна. Түүний хамгийн сүүлийн үеийн бүтээл “Мянган жилийн дайн: Орос ба Өрнөд” 2025 онд хэвлэгдсэн бөгөөд орос хэл дээрх хувилбарыг 2026 оны аравдугаар сард гаргахаар төлөвлөжээ.
Тэрээр амьдралынхаа турш нэг сэдвийг дахин дахин шинээр харж, судалж, өөрийн үзэл бодлоо бүтээлээрээ илэрхийлсээр иржээ. Тиймээс Ачала Моуликийн түүхийг “амжилтад хүрсэн эмэгтэй” гэхээс илүү “өөрийн сонирхол, үзэл санаа, бүтээлдээ олон арван жил үнэнч байж чадсан эмэгтэй” гэж тодорхойлох нь илүү зохистой.
Учир нь манлайлал заримдаа олны өмнө чанга дуугаар ярихаас бус, өөрийн сонгосон замаас буцахгүйгээр олон жил алхахаас эхэлдэг.
www.russkiimir.ru сайтаас орчуулж бэлтгэсэн З.Цэцэг