З.ЦЭЦЭГ

 

Бидний эмээ нар "Хамгийн гол нь тогтвортой байдал" гэж байнга хэлдэг байв. Тогтвортой ажил, тогтмол цалин, гэр бүл, орон байр, мөн ирээдүй нь тодорхой байх явдлыг хэвийн амьдралын үндэс суурь гэж үздэг байлаа. Харин өнөө цагийн эмэгтэйчүүд өөр нэгэн асуултыг өөрөөсөө асуух нь элбэг болжээ. "Гэхдээ “би” юу хүсэж байна вэ?" Анх харахад нэг үе нь аюулгүй байдлыг, нөгөө үе нь эрх чөлөөг сонгосон мэт санагдаж болох ч, илүү нарийвчлан ажиглавал энэ ялгаа тийм ч тодорхой биш болох нь харагддаг. Орчин үеийн эмэгтэйчүүд дэмжлэг туслалцааг эрэлхийлдэг ч үүний төлөө өөрсдийн амьдралын замыг орхиход бэлэн байхаа больжээ. Энд тогтвортой байдлын хэрэгцээ өөрчлөгдөж буй хэрэг бус, харин түүний төлөө төлөх ёстой үнэ цэнийн талаарх ойлголт л өөрчлөгдөж байна. Энэ сэдвээр eva.ru нийгмийн философич Милана Аксельродтой хамт гүнзгийрүүлэн хэлэлцсэн байна.

 

Тогтвортой байдал нь хязгаарлалт бус, харин үнэ цэн байв

 

Өнөөгийн өнцгөөс харвал өмнөх үеийнхний амьдралыг дүгнэхэд амархан байдаг. Боловсрол эзэмших, ажил хийх, гэрлэх, хүүхэд төрүүлэх, гэр бүлээ авч үлдэх, нэг газартаа олон арван жил ажиллах зэрэг тогтсон хэв маягийг дагаж мөрддөг байсан тул эмэгтэйчүүд илүү бага эрх чөлөөтэй байсан мэт санагдаж болох юм. Гэхдээ бидний эмээ нар эрх чөлөөг бага эрхэмлэдэг хүмүүс байгаагүй. Тэд зүгээр л өөр нөхцөл байдал, өөр цаг үед өсөж торнисон хэрэг юм.

ХХ зуунд цалинтай ажил эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгдсэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, хөдөлмөрийн зах зээлийн судлаачдын түүхэн мэдээллээс харахад гэрлэсэн эмэгтэйчүүдийг ажил эрхлэлтэд олноор оруулах нь энэ үйл явцад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь эмэгтэйчүүдэд өөрийн гэсэн орлого, ажил мэргэжил олгох боломжийг олгосон боловч тэднийг одоогийн үүрэг хариуцлагаас нь чөлөөлсөнгүй. Боломжууд өргөжсөн ч нийт ажлын ачаалал буураагүй.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээллээр өнөөдөр эмэгтэйчүүд эрчүүдээс бараг хоёр дахин их цалингүй гэрийн ажил хийдэг.

Нэгэн зөрчилт байдал үүсээд байна. Эмэгтэйчүүд илүү их бие даасан байдалтай болсон хэдий ч уламжлалт үүрэг хариуцлагынхаа нэлээд хэсгийг хэвээр хадгалсаар байна.

 

Хүмүүсийн хувьд аюулгүй байдал яагаад тийм чухал вэ?

 

Үнэт зүйлсийн чиглэлээр судалгаа хийдэг хамгийн нэр хүндтэй судлаачдын нэг Рональд Инглхарт зарим нийгэм яагаад дэг журам, аюулгүй байдлыг эрхэмлэдэг, харин бусад нь бие даасан байдал, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг чухалчилдаг болохыг олон арван жилийн турш судалжээ.

Олон улсын "Дэлхийн үнэт зүйлсийн судалгаа"-ны мэдээлэлд нэгэн зүй тогтол ажиглагддаг. Хүмүүс эдийн засаг болон бие махбодын аюулгүй байдлын баталгаагүй байдлыг мэдэрч буй нөхцөлд аюулгүй байдал, урьдчилан таамаглах боломжтой байдал, тогтсон нийгмийн хэм хэмжээ зэрэг "амьд үлдэхүйг чухалчилсан үнэт зүйлс" илүү их ач холбогдолтой болдог байна. Аюулгүй байдлын мэдрэмж, өөрийн амьдралд нөлөөлөх чадвар өсөхийн хэрээр өөрийгөө илэрхийлэх, бие даасан байдал, сонголт хийх зэрэг үнэт зүйлс улам бүр бэхжиж байна.

Өмнөх үеийнхний хувьд тогтвортой байдлын энэхүү хэрэгцээ онцгой ойлгомжтой байсан. Амьдралынхаа явцад бидний эмээ, элэнц эмээ нар дассан амьдралын хэв маягтаа хэд хэдэн томоохон өөрчлөлт хийсэн байж магадгүй юм. Үүний үр дүнд, төгс бус байсан ч тогтвортой байдал нь илүү хувилбар гэж үзэж болно. Өнөөдөр нөхцөл байдал өөр байна. Эмэгтэйчүүд илүү олон сонголттой болсон.

Өнөө үед хүн хорь эсвэл дөчин насандаа гэрлэх боломжтой болжээ. Та хэд хэдэн удаа мэргэжлээ сольж, бизнес эрхэлж, өөр газар руу нүүж, гэрлэлтээ цуцлуулж, шинэ гэр бүл зохиож болно. Мөн өмнөх үеийнхний жишгээр бус, харин хожуу насандаа ээж болох эсвэл огт өөр амьдралын хэв маягийг сонгох ч боломжтой.

Энэ нь залуу эмэгтэйчүүд гэр бүлийг үнэлэхээ больсон гэсэн үг биш юм. Харин өөрчлөгдөж буй зүйл бол гэр бүлийн хүрээнд хувь хүн өөрийн мөн чанар, бие даасан байдлаа хадгалан үлдэх нь илүү чухал болж ирж байгаа явдал юм.

Энэ бол бидний цаг үеийн нийгмийн томоохон өөрчлөлтүүдийн нэг.

 

Илүү их эрх чөлөө бий болсон ч эмэгтэйчүүдэд тавигдах шаардлага буураагүй байна

 

Хувь хүний ​​бие даасан байдал, эрх чөлөө нэмэгдэх нь эмэгтэй хүний ​​гүйцэтгэх үүргийн талаарх уламжлалт үзэл бодлыг сулруулна гэж таамаглаж болох юм. Гэвч Орос улсад хийсэн судалгаа үүнээс өөр, илүү зөрчилтэй дүр зургийг харуулж байна. 2005 онд Оросын иргэдийн 33 хувь нь эмэгтэй хүн хүүхдээ төрүүлсний дараа гурван нас хүртэл нь ажил хийхээ зогсоох ёстой гэж үздэг байв. Харин 2025 он гэхэд энэ үзүүлэлт 49 хувь болж өсжээ. Ийнхүү хорин жилийн хугацаанд уг үзүүлэлт буураагүйгээр барахгүй, харин ч 16 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Эмэгтэйчүүд илүү их эрх чөлөөтэй болсон ч тэднээс хүлээдэг  хүлээлт буураагүй байна.

Нийгэм орчин үеийн эмэгтэйчүүдээс заавал ээж болохыг, гэр бүлийн амьдралд гүнзгий оролцохыг хүлээсээр байна. Гэсэн хэдий ч соёл нь мэргэжлийн түвшинд хүрэх, мөнгө олох, хувийн өсөлт хөгжилтийг эрэлхийлэх, гадаад төрхөө хадгалах, сонирхолтой, санхүүгийн хувьд бие даасан байх зэрэг шинэ шаардлагыг тавьдаг.

Нийгэм манай эмээ нарт нэг л, нэлээд шулуун амьдралын замыг санал болгосон. Өнөөгийн эмэгтэйд олон арван сонголт байдаг бөгөөд ихэвчлэн хэд хэдэн сонголтыг нэгэн зэрэг амжилттай хэрэгжүүлэхийг хүлээдэг.

 

Бид эрх чөлөөг хүсдэг ч гэлээ түшиг тулгуур хэрэгтэй хэвээр байна

 

Өөр нэгэн анхаарууштай тоон үзүүлэлт бий. 2023 онд Оросын иргэдээс гэр бүл зохиоход юу шаардлагатайг асуухад 57 хувь нь хайр сэтгэлийг нэрлэжээ. Гэвч үүний араас нэн бодит шаардлагууд буюу 35 хувь нь орон сууцтай байх, 30 хувь нь эцэг эхээсээ хараат бусаар амьдрах боломж олгох хэмжээний орлоготой байхыг тус тус дурдсан байна.

Энэ нь чухал нэгэн зүйлийг харуулж байна. Эрх чөлөөг хүсэх нь аюулгүй байдлын хэрэгцээг үгүйсгэдэггүй. Бид өөрсдийн амьдралаа өөрсдөө сонгохыг хүсдэг ч нөгөө талаас орон гэр, мөнгө хөрөнгөтэй байх, бусдаас хараат бус байх баталгааг мөн хүсдэг. Үүнд ямар ч зөрчил байхгүй.

Хүн тогтвортой байдлын наад захын суурьтай байх үед эрх чөлөө онцгой үнэ цэнтэй болдог. Өөрөөр хэлбэл, бид уламжлалт үнэт зүйлсээс аажмаар холдож, гэр бүлийн маргаангүй эрх мэдэлд бага түшиглэдэг шашны бус нийгэмд амьдарч байна. Гэсэн хэдий ч эдийн засаг болон бие махбодын аюулгүй байдал, тогтвортой байдал, мөн өнөөг хүртэл олж авсан амжилт ололтоо хадгалан үлдэх нь нэн чухал хэвээр байна.

Бид тогтвортой байдлаас эрх чөлөө рүү бүрэн шилжиж амжаагүй байгаа бөгөөд өнөөдөр эдгээр хоёр хэрэгцээ зэрэгцэн оршсоор байна.

 

Эрх чөлөө нь зөвхөн боломж төдийгүй, бас хариуцлага болох нь тодорхой болсон

 

Эрх чөлөөнд хүмүүсийн тэр бүр ярьдаггүй өөр нэг тал бий. Нийгмээс хүлээн зөвшөөрөгдсөн ганцхан зам байх үед сонголт хийх боломж тун хязгаарлагдмал байдаг. Харин олон арван сонголт гарч ирэхэд шинэ төрлийн айдас бий болдог. "Хэрэв би буруу сонголт хийсэн бол яах вэ?"

Би зөв хүнээ сонгосон болов уу?. Зөв мэргэжлээ сонгосон уу?. Салах хэрэгтэй байсан юм болов уу?. Хүүхдээ арай эрт гаргах ёстой байсан юм болов уу?. Би ажил, карьертаа хэтэрхий олон жилийг зориулаад байна уу?. Яагаад би бизнес эхлүүлээгүй юм бол?. Эсвэл яагаад бизнес эхлүүлчихээд одоо өдөржин шөнөжин ажиллаж сууна вэ? гэх мэт...

Өмнө нь нийгэм эмэгтэй хүнд олон асуултын хариултыг бэлэн өгдөг байв. Харин өнөөдөр тэрээр хариултаа өөрөө олох хэрэгтэй болжээ. Яг энэ цэгт л эрх чөлөө гэдэг зүйл зүгээр нэг сайхан сонсогддог үг байхаа больж, бодит утгаараа мэдрэгдэж эхэлдэг.

Эрх чөлөө гэдэг бол өөрийн гаргасан шийдвэрийн хариуцлагыг хүлээх явдал юм. Тэр шийдвэр маань алдаа болж хувирсан ч гэсэн шүү.

Бид сонгох эрхээ олж авсан. Эмэгтэйчүүдийн хувьд энэ бол сүүлийн үеийн нийгмийн хамгийн чухал ололт амжилтуудын нэг юм. Гэсэн хэдий ч энэ нь өмнө нь тогтолцооны голчлон хангаж байсан зүйлийг бие даан бүтээх хэрэгцээг бий болгосон. Карьер, санхүүгийн аюулгүй байдал, нийгмийн хүрээлэл, өвөрмөц байдал, хувийн амьдралын зам.

Тиймээс орчин үеийн эмэгтэй тогтвортой байдлаас илүү эрх чөлөөг хүсдэг нь тодорхой зүйл биш юм. Тэрээр жинхэнэ өөрийгөө золиослох шаардлагагүй тогтвортой байдлыг, үнэ цэнээ батлахын тулд төгсгөлгүй уралдаан болж хувирдаггүй эрх чөлөөг эрэлхийлдэг. Магадгүй энэ нь төлөвшил, эмэгтэй хүний ​​​шинэ хязгаар юм.

Бидний эмээ нар өөрсдөө сонгоогүй нөхцөл байдалд амьдралыг хадгалан авч үлдэхэд суралцах шаардлагатай байсан бол, харин бидний үеийнхэн амьдралыг сонгож, тэрхүү сонголтынхоо хариуцлагыг үүрэхэд суралцах ёстой.

Эх сурвалж: zms.mn