Б.ДОЛЖИНЖАВ

Турк болон Сири улсын нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 4372-д хүрээд байна.  Үүнээс гадна гэмтэж, бэртсэн хүний тоо 15 мянгыг давсан гэж Туркийн Онцгой байдлын газрын дарга Юнус Сезер хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм.

Туркт болсон энэ харамсалтай үйл явдалтай холбогдуулан бусад улс орнууд тусламжийн гараа сунгаж байна. Тухайлбал, Австрали улс хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байгууллагуудад 10 сая ам.долларыг хандивласнаа тус улсын Ерөнхий сайд Энтони Албанез мэдэгдэв. Тэрбээр “Туркчүүдэд гүн эмгэнэлэл илэрхийлье. Манай улсын тусламж нэн шаардлагатай байгаа хүмүүстээ хүрч очно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэхээ Австралид айлчлах үеэрээ зарлажээ.

Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Турк руу түргэн тусламжийн хэрэгсэл болон онцгой байдлын аврагчдыг илгээхээр болжээ.

Эх сурвалж:BBC