Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч дэлхийд алдартай “Мэссэ Франкфурт” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Л.Эрдэнэбилэгийг урьж, хөрөнгө оруулалтын салбарын тулгамдсан асуудал болон шийдлийн талаар ярилцлаа. 

Германы Франкфурт хотод төвтэй “Мэссэ Франкфурт” компанийн хувьд дэлхийн 80 гаруй оронд салбартай, олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч байгууллага. Л.Эрдэнэбилэг нь компанийн үйл ажиллагааг таниулах, дотоодын баялаг бүтээгчдийг бэлтгэх, гадны хөрөнгө оруулагчидтай холбохоос гадна маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөхөөр долоо дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. 

 

ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГУУДАД ОРОЛЦОХ НЬ ГАДНЫХНЫГ ТАТАХ НЭГ ГАРЦ 


Монгол Улс экспортлогч орон болохоор хичээж байна. Миний харж байгаагаар  олон улсын үзэсгэлэн яармагуудад Монголын бүтээгдэхүүнээ танилцуулахад хувийн болон төрийн зүгээс хамтарч оролцох нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг томоохон гарц гэж хэлж болно.
Ковид гарахаас өмнө бид Парист болсон томоохон үзэсгэлэнд Монголын хонины ноос болон сарлагийн хөөвөр бүтээгдэхүүнийг танилцуулсан. Энэ аялалд 5-6 монгол компани, тэр дундаа нэхмэл сүлжмэлийн чиглэлийн компаниуд оролцсон. Тэд бэлэн бүтээгдэхүүн болон өөрсдийн ээрсэн утаснуудаа танилцуулахад гадныхан нэхмэл сүлжмэлийн салбарт шинээр гарч байгаа экзотик тодотголтой бүтээгдэхүүнүүдийг маш их сонирхож байлаа. Хамгийн гол нь манай бүтээгдэхүүнүүдийн чанар гаднын зах зээлийн стандартад хэрхэн нийцэж, зөвшөөрөгдөх вэ гэдэг нь гол асуудал юм билээ. Аз болоход бид урьдчилж харж, бэлтгэсэн учраас олон улсын сертификатуудыг нь аваад очсон учраас Герман болон Европын бусад орнуудын стандартуудыг хангаж, зах зээлд нь тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Монголд үйлдвэрлэж байгаа эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээлд гаргана гэж хоосон ярихаасаа илүүтэйгээр ажил хэрэг болгохын тулд ямар стандартын дагуу, ямар тоо хэмжээтэйгээр, хэдий хэр хугацаанд байх бизнес төлөвлөгөөнүүдийг илүү гүнзгий түвшинд боловсруулах хэрэгтэй байна. Эдгээр боловсруулсан төлөвлөгөө, ажлуудыг бодит үйл хэрэг болгохын тулд Засгийн газар, яам, тамгын газруудаас бодлогоор зөв дэмжих хэрэгтэй. Жишээ нь гарал үүслийн гэрчилгээнээс авахуулаад экспорт хийхэд улс болгоны шаардлага өөр байдаг. Үүнийг Монголын үйлдвэрлэгч нарт яам тамгын газрууд нь хялбарчилж ойлгуулж, соён гэгээрүүлж, бэлтгэж өгөх хэрэгтэй. Компаниуд бүгд дор бүрнээ бор зүрхээрээ нэг ажлыг хэдэн талд хийгээд явдаг нь салбар доторх уялдаа холбоо маш сул байгааг харуулж байна. 


Эхлээд гадны зах зээл рүү гарах стандартуудыг хангах хэрэгтэй. Дараа нь бараа бүтээгдэхүүнээ стандартын дагуу жигд байлгах ёстой. Манайхны хамгийн том алдаа бол ажил эхэллээ, эхний нэгээс хоёр жилд хүчээ сайн төвлөрүүлж, тэр үедээ бүтээгдэхүүний хамгийн оргил дээжүүдээ гаргадаг. Харин дараа нь арга зүйгээ олоод ирэхээрээ цалгардах тохиолдлууд ажиглагддаг. Энэ нь нэгдүгээрт,  үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгч нарын бизнесийн сахилга бат, тэдгээрийг харж хянаж зааж зөвлөдөг хүн байдаггүй болохоор алдаа гардаг. Нөгөөтэйгүүр, үүнийг сайн хийж чадах юм бол экспортынх дүн нэмэгдэж, , гаднаас авч байгаа валютынх орлого тогтвортой байна гэдгийг компаниуд сайн мэддэггүй. Монгол компаниуд бүтээгдэхүүн нийлүүлэлтдээ богино хугацаанд баталгаа өгч чаддаг хэрнээ ханган нийлүүлэлтийн болон бодлогын, эдийн засгийн асуудлуудаас шалтгаалан урт хугацааны захиалга авахаасаа айж эхэлдэг.  Урт хугацаанд тогтвортой, чанартай бүтээгдэхүүн гадагшаа нийлүүлж, гаднаас валют оруулж ирэхийн тулд бодлогын түвшинд тодорхой байх, үйлдвэрлэгч нарын бизнесийн болон хөрөнгө оруулалт, санхүүгийн тал дээрх соёл гэгээрлийн ажлууд хийх хэрэгтэй байна. Дэлхийн олон орон хөрөнгө оруулалт татахыг хичээж, бие биетэйгээ өрсөлдөж байна. Бид энэ зах зээлд өрсөлдөхийн тулд нэгдсэн ойлголттойгоор, урт хугацааны хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Үүний нэг гарц нь олон улсын үзэсгэлэн юм. 

 

ХАА-Н БҮТЭЭГДЭХҮҮНДЭЭ АНХААРЧ, ЭКСПОРТЫГ СОЛОНГОРУУЛЪЯ


Монгол Улс эрдэс баялаг, түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бэлдэц маягаар гаргаж байна. Хэрэв бид баялаг бүтээгч улс болохыг хүсч байвал  экспортоо солонгоруулах хэрэгтэй. Одоогоор уул уурхайн салбар гаргаж байгаа дүн, авчирч байгаа валютынхаа хэмжээгээр экспортын гол бүтээгдэхүүн нь гарцаагүй. Үүн дээрээ тулгуурлаад бид дундаршгүй уул уурхай гэж хэлдэг ХАА-н салбараа дэмжих хэрэгтэй. ХАА-н туслах бүтээгдэхүүн, ноос ноолуур, мах, сүү, арьс шир зэргийг цааш нь яаж хөгжүүлэх вэ, яаж хөнгөн хүнсний үйлдвэртэй болох вэ гэдгээ бодолцох хэрэгтэй. 
Бид гуравдагч хөршийн бодлого болон гадагшаа яаж Монголд үйлдвэрлэсэн баялгуудаа оновчтой хүргэх вэ. Зөвхөн гарт баригдах зүйл биш оюуны бүтээлүүдийг гадагшаа гаргах тал дээр маш сайн судлах хэрэгтэй юм. 

 

МОНГОЛ ЗАЛУУЧУУДАД ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ МАНЛАЙЛАХ БОЛОМЖ БИЙ


Манай үзэсгэлэнгүүд ихэнхдээ бизнес хоорондын үйл ажиллагааг зохион байгуулдаг буюу худалдагч, худалдан авагчдыг уулзуулдаг. Бид одоогоор оюуны болон технологийн үзэсгэлэнгүүдийг Азийн болон Европын зах зээлд гаргаж ирээгүй байна. Гэхдээ Монголд энэ потенциал байгааг олон үзэсгэлэн дээрээс хардаг. 
Бид зөвхөн түүхий эд материал болон бараа таваарыг экспортлохоос гадна сүүлийн үед аппликэйшн хөгжүүлэлт зэрэг оюуны, биет бус бараа бүтээгдэхүүнийг экспортлох талаар бас зорьж байна. Жишээ нь Монголоос Америкт ажиллаж амьдарч байгаа хүмүүс дотор технологийн томоохон компаниудад ажилласан туршлага, Цахиурын хөндийд амжилт гаргасан олон түүх байна. Гадныхан хүртэл Монголын залуучуудын технологи дээр суурилсан ажлуудыг ямар чадварлаг хийж байгааг харж, ойлгож, дэмжихийг хүсдэгээ илэрхийлдэг. Жишээ нь, өнгөрсөн жил Америкийн “Input output global” гэдэг компани Хонгконг дахь салбараараа Монголд ирж сурталчилгаа хийсэн. Тэдний үүсгэн байгуулагч нь хэлэхдээ “Монгол залуучууд маш чадварлаг, математикийн болон шинжлэх ухааны маш сайн суурьтай. Технологийн салбарт ирээдүйд манлайлах боломж байна. Монголд асар том потенциал байна” гэсэн. 


Залуучуудынхаа энэ инерцийг бид маш зөв ашиглах хэрэгтэй. Дэлхийн тавцанд гаргахын тулд бид зөвхөн аппликэйшнээр төсөөлөх биш технологийн шинэ дэвшлүүд дээр, decentralized data буюу төвлөрөөгүй дата боловсруулалт, блокчэйн технологи, технологийн хурдасгуур зэргийг ашиглаж өдөр тутмын амьдрал, тулгамдаж байгаа асуудлууд дээр шийдлүүдийг олох гарц байна. Жишээ нь, төрийн үйлчилгээнүүдийг хүртээмжтэй байлгах үүднээс аппликэйшнүүд бий болсон. Хэрэглэгч буюу иргэд шууд гар утаснаасаа хандаж чаддаг болсноор олон асуудлууд шийдэгдсэн. Энэ бол зөвхөн өнгөн хэсгийг нь л хэлж байна. Үүнээс цаашаа маш олон нийгмийн болон эдийн засгийн асуудлуудыг шийдэх боломж бий. Эдгээрийг танилцуулдаг том үзэсгэлэнгүүд жилийн турш болдог. Тиймээс бид жилийнхээ хуанли дээр тэмдэглэж, төлөвлөгөө гаргаад, зорьж очдог. Гадныхантай холбогдох ямар гарц суваг байна тэрийг олж, өөрсдийгөө санал болгож, хамтарч ажиллах саналаа тогтмол өгч байх хэрэгтэй. 


Өмнө нь 2015 оны үед Германд яам, тамгын газрын төлөөлөгч нар үйлдвэрлэгчидтэй хамт очиж, тэндээс гадны хөрөнгө оруулалт болох байгууллагуудтай танилцаж холбоо тогтоож байсан. Иймэрхүү ажлуудыг бид жил болгон тогтмол зохиох хэрэгтэй. 
Монголчуудын хамгийн амжилттай хөрөнгө оруулалт татах үзэсгэлэн гэвэл нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн, ялангуяа зөвхөн Монголоос, Төв Азиас гардаг соёлын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг гэж би хэлнэ. 

 

БИЗНЕСИЙНХЭН ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТӨРИЙГ ШАХАЖ, ШААРДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ


Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд бид хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Сайжруулна гэхээр нэгдүгээрт, эдгээр реформууд нь цаг тухайдаа хийгдэж байх. Хоёрдугаарт, реформууд нь уялдах бусад хууль эрх зүйн бичиг баримтуудтайгаа зэрэгцээд хамт шинэчлэгдэх хэрэгтэй. Үүнийг зүйрлэвэл утсан дээрх апп шинэчлэгдэж байхад үйлдлийн систем давхар шинэчлэл хийдэг шиг гэж ойлгож болно. Системчилсэн байдлаар үзэх хэрэгтэй. Бид Хөрөнгө оруулалтын хуулиа хамгийн гоё  байхаар баталчихаад, Татварын тухай, Компанийн тухай болон бусад холбогдох хуулиудыг нь сөхөж харахгүйгээр зүтгээд байвал ажил нэг цогц, үр дүнтэй байж чадахгүй. Эргээд хуулийн хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа байгууллагууд хоорондын үл ойлголцол, дарамт шахалт бий болно. 
Миний харж байгаагаар хууль эрх зүйн шинэчлэлтүүдийг нь цаг тухайд нь хийх, хийсэн шинэчлэлүүдийн талаар нийтэд мэдээлж, соён гэгээрүүлэх ажил хийхэд онцгой анхаарах хэрэгтэй. Бизнес эрхлэгчид хүртэл өөрсдөө зүгээр сууж болохгүй. Энэ хийсэн өөрчлөлтүүдийг анзаарах хэрэгтэй. Араас нь нэхэж хөөцөлдөж, шахаж шаардаж одоо алдаа оноог нь хэлж байхгүй бол зөвхөн төрийн гарыг хараад сууж болохгүй. Тэгэхээр эргэх холбоог сайжруулах хэрэгтэй.  

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БИДНЭЭС ИТГЭЛЦЛИЙГ ХҮСДЭГ


Хөрөнгө оруулагчид хамгийн эхэнд “Та нарт итгэж болох уу. Би насаараа ажиллаж олсон мөнгөө танайд хөрөнгө оруулаад үр ашгийг нь хүртэж чадах уу” гэж асуудаг. Ерөнхийдөө харанхуй өрөөнд тэмтчиж байгаа хүмүүс гэж зүйрлэж болохоор. Тиймээс бид тэр өрөөнд гэрэл асааж өгөх хэрэгтэй. Тэр хүмүүсийн итгэл найдвар, чиг баримжаа нь болж, гараас нь хөтлөөд “Бид та нартай хамт байна” гэсэн итгэлцлийг төрүүлэх хэрэгтэй. Жишээ нь, 2010-2013 он Монголын эдийн засаг маш өндөр өсөлттэй байсан. Үзэсгэлэнд явж байгаа компаниуд хүртэл зоригтой болчихсон байсан. Тэрнээс хойш хөрөнгө оруулалт буураад, итгэл алдраад, найдах юмгүй болоод ирэхээрээ хүн бамбайгаа өргөөд, өөрийгөө хамгаалаад, эрсдэлтэй алхам хийхээ больдог. 


Гадны хөрөнгө оруулагч нарт бидэнд төсөл байна, орд байна, зах зээл байна гэхээсээ илүүтэйгээр бид та нарын итгэлийг алдахгүй гэдэг мэссэжийг маш зөв, тогтмол өгөх хэрэгтэй. Хэлсэн үгнээсээ буцаж болохгүй. Чадахгүй бол чадахгүйгээ хэлэх хэрэгтэй, ил тод, нээлттэй байх хэрэгтэй. 


Хөрөнгө оруулагчдын хувьд дараагийн нэг хүсдэг зүйл бол зах зээлийн боломж, болон хандлага. Бид аль болох мэдээллийг ил тод, бөгөөд бодитой хэлж байх ёстой. Мөн амжилтын түүхүүдээ байнга хуваалцаж байх хэрэгтэй. Бид өөрсдийн амжилттайгаар хөрөнгө татсан түүхүүдийг жишээ болгоод өнгөрдөгөөс биш энэ компани нь одоо ч гэсэн ашигтай ажиллаж, амжилтад хүрсэн хэвэр байгаа гэдгийг тэр болгон хэлдэггүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчид эндээс урт хугацааны биш, богино болон дунд хугацаанд хамтын ажиллагааг л олж хардаг. Харин урт хугацааны хамтын ажиллагаа бий болгоё гэвэл энэ бизнес төдийгөөс өдий хүртэл цаг хугцаа, бэрхшээл тулгарсан ч амжилттай үргэлжилж байгаа гэдгээ тодорхой харуулах хэрэгтэй. Тэрийгээ үйлдлээр, дүр зургаар дээрээс нь хамгийн гол нь үүрэг амлалтаар үзүүл. Ингэж байж гадны хөрөнгө оруулагчид Монголтой  ажиллах боломжтой гэсэн итгэлийг авна. Тэгэхгүй бол бусад орнуудтай харьцуулахад, хатуу болон зөөлөн дэд бүтэц, хүн амын тоо, зах зээлийн хэмжээ гээд бидэнд сул тал олон байгаа. Харин сул талаа аль болох боломж гэж харуулах ёстой. Мэдээж хүн ам олонтой Азийн орнуудтай харьцуулаад хоосон амлаж болохгүй. Аливаа асуудалд бодитой, ул суурьтай, өөдрөгөөр хандах хэрэгтэй. 

 

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН АЖЛЫГ ТӨР ХИЙХЭЭ БОЛЬЁ


Холбоод, мэргэжлийн байгууллагуудын ажлыг төр засаг хийгээд байдаг. Янз бүрийн хяналтын ажил, бараа бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах тал дээр төр оролцдог. Иймэрхүү ажлыг төр хийж байгаа нь нэг талаар сайшаалтай боловч нөгөө талаар төр энэ мэргэшсэн байгууллагуудыг бодлогоор дэмжиж, эдгээр байгууллагууд нь салбараа төлөөлдөг байх нь зүйтэй. Жишээ нь, Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын худалдааны танхим, Австралийн  худалдааны танхим, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг газрууд байна. Эдгээр байгууллагуудыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Хувийн секторууддаа тулгуурлаж байж эдийн засгийн өсөлт харагдана уу гэхээс төрийн өмчит компанийн тоо нь ихсээд, төр нэг халааснаасаа нөгөө рүүгээ мөнгө хийгээд яваа цагт эдийн засаг нэмэх талдаа харагдах л байх, гэхдээ тэлэлттэй байж чадахгүй. Хувийн салбарууд өөрсдөө идэвхтэй, хариуцлага нэхэж чаддаг байх нь чухал. Бид нар дэндүү урсгалаараа явдаг хүмүүс. Тэгэхээр бид нэгдэн нийлж, яаж жижиг зах зээлээ хамтдаа хөгжүүлэх вэ гэдгээ л харах хэрэгтэй. Нэгдсэн фронтоор ажиллах нь бидний хөгжлийн гарц болно. 


Манай “Мэссэ Франкфурт” байгууллагын хувьд жилийн 365 хоногт дэлхийн олон улс оронд янз бүрийн үзэсгэлэн зохион байгуулдаг. Бид 2023 оныг “Баялаг бүтээгчдийн жил” болгон зарласан. Дэлхийн өнцөг булан бүрт болж буй эдгээр үзэсгэлэнгүүдэд оролцохыг баялаг бүтээгчдэд уриалж байна, манай үүд хаалга үргэлж нээлттэй. Бүтээлээ гадны зах зээлд борлуулж, хатуу валют болгоод бизнесээ хөгжүүл, хувь нэмрээ оруул, хамтдаа хөгжицгөөе гэж уриалъя.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 22, 23 (7007, 7008)