С.Намуунжаргал: Гимнастикаар 2028 оны олимпод оролцох бодол бий

0
хуваалцах
116
үзсэн

 

Б.НЯМСҮРЭН

 

Гимнастикийн спортоор амжилтаа ахиулж буй ирээдүйтэй  тамирчдын нэг бол дэд мастер С.Намуунжаргал билээ. Түүнийг “Амжилтын эзэн” буландаа урьж, ярилцлаа. 

 

-Та найман настайгаасаа  гимнастикаар хичээллэсэн. Энэ спортын юунд нь анх татагдсан бэ? 


-Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Аав ээж маань намайг спортоор хичээллүүлэх хүсэлтэй байлаа. Тиймээс ах маань өөрийн таньдаг гимнастикийн багшид анх шавиар оруулсан юм.  Анхны багшийг маань н.Энх-Амгалан гэдэг. Багш маань одоогоор АНУ-д амьдарч байгаа. Мөн н.Оргилмаа гээд багшийн бэлтгэлд хамрагддаг байсан. Харин  одоогийн дасгалжуулагч, багшийг Л.Мөнхзаяа гэдэг. Багш маань бэлтгэлээс гадна сайн хүн байхыг үлгэрлэж, зааж зөвлөх нь  үнэ цэнтэй санагддаг. Үргэлж анхаарал төвлөрөлт чухал гэдгийг захидаг. Тиймээс би бусдыг хүндэлж, ямар ч  амжилт гаргасан нэг л зангаараа байхыг хичээдэг. 


-Л.Мөнхзаяа багшийн бэлтгэлд олон хүүхэд  хамрагддаг байх даа? 


-Бэлтгэлд   бага, өсвөр насныхан хамрагддаг. Хамгийн бага нь гурав, дөрвөн насны дүү нар байдаг. Багаасаа техникээ сураад  цаашдаа хичээллэхэд хялбар.


-Ирээдүйгээ томоор харж, өөртөө итгэлтэй байх нь амжилт гаргах үндэс болдог. Залуу тамирчны хувьд өөрийгөө хэрхэн хурцалдаг бол? 


-Өдөр бүр бэлтгэлээ тууштай хийдэг. Хичээлтэй өдрөө гурван цагийн бэлтгэл хийнэ. Харин өвөл болон зуны амралтаар бэлтгэлдээ илүү цаг зарцуулж байна. Амжилт гаргах бүртээ  дуртай спортоо олж хичээллэсэндээ бахархдаг. Тэмцээн болон хичээл давхцах үед багш нар маань ойлгож, дэмжих нь миний амжилтад шат болдог. Би энэ спортыг сонгохдоо өөртөө зорилго тавьсан. Шантарч сэтгэлээр унах үедээ анх эхлүүлсэн зорилгоо санаж хичээдэг. Мөн хамт гимнастикаар хичээллэдэг бэлтгэлийн найзууд, дүү нараасаа урам авч бахархах сэтгэл төрдөг. 


-Мэдээж шантрах үе гардаг байх. Үүнийгээ хэрхэн даван туулдаг вэ? 


-Шантрах үе гарна. Гэхдээ би чадна гэсэн итгэлээр тэр үеийг давдаг. Надад итгэдэг олон хүний итгэлийг би алдах эрхгүй. Өнгөрсөн цар тахлын үеэр хэсэг хугацаанд гимнастикаасаа холдсон. 


-Гимнастик нь тэсвэр тэвчээрээс гадна багагүй ур чадвар шаарддаг байх даа? 


-Гимнастикийн спорт нь  булчин шөрмөс, биеийн бүх хэсгийг жигд хөгжүүлдэг.  Гимнастикаар сууриа тавьсан тамирчин ямарч спортоор хичээллэсэн давуу талтай. Бэлтгэл хийхэд бие халаалт их чухал. Тухайлбал, спортын гимнастик нь тэсрэлттэй, хүнд төрөл болохоор бэртэх эрсдэл өндөртэй. Хэрэв бэртлээ гэхэд  эдгэрэхэд цаг хугацаа их шаардана. Бэлтгэлдээ эргээд ороход их хөдөлмөр орно. 


-Өөрт тань олимп болон ДАШТ-ий медаль дутуу байгаа гэсэн. Тиймээс зорилго нь  тодорхой санагдлаа? 


-Удахгүй Солонгос улс руу багштайгаа  45 хоногийн  бэлтгэлд явахаар зэхэж байна. Хамтарсан бэлтгэлээс техникүүдээ бататгаж, ихийг сурах зорилготой. Мөн гуравдугаар сард болох Туркийн Анталия хотод болох спортын гимнастикийн өсвөрийн дэлхийн аваргад  оролцох зорилготой. Холын зорилго гэвэл 2028 оны олимпод оролцох бодол бий.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (6999)