З.БАТЦЭЦЭГ

2016 онд Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро 90 насандаа таалал төгссөний зургаан жилийн ойд зориулсан Гавана хотноо болсон дурсгалын үдэшлэгт 1.5 мянга орчим оюутан, Залуу коммунистуудын эвлэлийн төлөөлөгчид оролцов. Уг арга хэмжээнд Кубын парламентын дарга Эстебан Лазо Эрнандес болон Ф.Кастрогийн хувьсгалт тэмцлийн зэвсэгт нөхөд Рамиро Валдез, Хосе Рамон Мачадо Вентура нар оролцов

Тоглолт, дурсгалын арга хэмжээ Кастро 1950 онд Хууль зүйн факультетийг төгссөн Гаванагийн их сургуулийн нутаг дэвсгэрт болсон. Их сургуулийн барилгын шатны урд тайз барьж, шатыг нь үзэгчдийн суудал болгон хувиргажээ. Тайзны дээгүүр байрлуулсан том дэлгэц дээр Фиделийн амьдралыг харуулсан дүрс бичлэгийг үзүүлжээ. Оролцогчид "Эх орон эсвэл үхэл", "Би Фидель" гэсэн уриа лоозон барьсан байв.

Фиделийн ах Раул Кастро тус улсын зүүн хэсэгт орших Сантьяго-де-Куба хотын Санта Ифигениа оршуулгын газарт  хувьсгалчийг дурсан хүндэтгэл үзүүлсэн байна. Чандрыг боржин чулуугаар сийлсэн торонд байрлуулсан бөгөөд дээр нь "Фидель" гэсэн ганц үгтэй хар ногоон өнгийн пайз бэхлэсэн байна. Кубын сонинууд хувьсгалын удирдагчийн хөргийг нэгдүгээр нүүрэндээ нийтэлж, Кастрогийн дурсгалд зориулсан баримтат кино, концертыг телевизээр дамжуулж байв.

2006 онд хүндээр өвчилсөн Фидель Кастро 2008 онд дүү Раулдаа төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгчээ. Фидель Кастро 2016 оны арваннэгдүгээр сарын 25-нд таалал төгсөв. Тэрээр нас барахаасаа өмнө өөрийх нь нэрээр талбай, гудамжийг нэрлэхгүй байхыг, мөн түүний хүндэтгэлд хөшөө босгохгүй байхыг хүсчээ.

Эх сурвалж: www.polit.mn