Хятадын эрх баригчид Төв цэргийн зөвлөлийн дэд дарга асан Жан Юся, тус зөвлөлийн гишүүн, Нэгдсэн штабын газрын дарга асан Лю Жэньли нарыг Коммунист намаас хөөж, хэргийг цэргийн хууль сахиулах байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болсон байна.
Хятадын төрийн мэдээллийн агентлаг Синьхуагийн мэдээлснээр, хоёр генералыг улс төрийн сахилга бат, дүрэм журмыг ноцтой зөрчсөн, бүлэглэл байгуулсан, намдаа үнэнч бус байсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан зэрэг үйлдэлд буруутгажээ. Мөн шалгалтаар тэдний улс төрийн болон эдийн засгийн зөрчил хоорондоо холбоотой байсан бөгөөд их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудал илэрсэн гэж мэдээлсэн байна.
Жан Юся нь Төв цэргийн зөвлөлийн хоёр дэд даргын ахмад нь бөгөөд БНХАУ-ын хамгийн өндөр албан тушаалтай генералуудын нэг байв. Тэрээр мөн Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн байсан. Лю Жэньли нь Төв цэргийн зөвлөлийн Нэгдсэн штабын газрын даргаар ажиллаж, цэргийн ажиллагаа, төлөвлөлт, байлдааны бэлэн байдлыг хариуцаж байжээ. Хятадын эрх баригчид хоёр генералыг 2026 оны нэгдүгээр сард “сахилга бат, хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Улмаар наймдугаар сарын сүүлчээр Төв цэргийн зөвлөлийн төрийн албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Энэ удаагийн шийдвэр нь Хятадын Ардын чөлөөлөх армийн дээд удирдлагад үргэлжилж буй авлигын эсрэг шалгалтын хүрээнд гарч байна. 2025 онд мөн өндөр тушаалын хэд хэдэн генерал, тэр дундаа Төв цэргийн зөвлөлийн өмнөх дэд дарга Хэ Вэйдунь намын гишүүнээс хасагдсан юм. Жан Юся, Лю Жэньли нарыг намаас хөөсөн шийдвэрийг Хятадын Коммунист намын Төв хорооны бүгд хурлаар эцэслэн батлах ёстой гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters, CNA