К.АНУ
Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.
Шинэ зохицуулалтаар автобусанд чангаар дуу, хөгжим тавьж сонсох, суудал дээр хөлөө тавих, хог хаях, идэж уух зэрэг үйлдэлд 500 сингапур доллар /1 SGD ≈ 0.783 USD/ хүртэлх торгууль ногдуулах боломжтой болжээ. Энэ нь ойролцоогоор 392 ам.доллар буюу монгол мөнгөөр 1.4 сая төгрөгтэй тэнцэнэ.
Харин бусад зорчигчдод аюул учруулах, автобусны буудал болон терминалын зорчих хөдөлгөөнд саад болох, нийтийн автобус, буудал, терминалын эд зүйл, орчныг бохирдуулах зэрэг илүү ноцтой зөрчилд 5000 сингапур доллар хүртэлх торгууль ногдуулна. Энэ нь ойролцоогоор 3917 ам.доллар буюу 14.1 сая төгрөг юм.
CNA агетлагийн мэдээлснээр, шинэ журмын хэрэгжилтийг автобусны компаниудын эрх бүхий ажилтнууд, тухайлбал тасалбар шалгагч, автобусны буудлын ажилтнууд хариуцах аж. Тэд зөрчил гаргасан гэж үзсэн зорчигчид захиргааны зөрчлийн мэдэгдэл өгөх эрхтэй бөгөөд хэргийг Сингапурын Газрын тээврийн газар шалган шийдвэрлэнэ.
Харин автобусны жолооч нарт зорчигчдод торгууль ногдуулах эрх олгоогүй байна. Тэдний үндсэн үүрэг нь автобусыг аюулгүй жолоодох тул зохисгүй үйлдэл гаргасан зорчигчийг үйлдлээ зогсоохыг шаардах, шаардлагыг биелүүлэхгүй бол автобуснаас буулгах эрхтэй. Хэрэв зорчигч эсэргүүцвэл жолооч автобусны хяналтын төвөөс, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагаас тусламж авах боломжтойг мэдээлэлд дурдсан байна.
Сингапурын Газрын тээврийн газар /Land Transport Authority, LTA/ шинэ зохицуулалтыг тайлбарлахдаа, нийтийн тээврийг зорчигчдод илүү тайван, аюулгүй орчин болгох зорилготой гэсэн байна. Харин бие махбодын болон сэтгэцийн онцлогтой зорчигчдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зохих уян хатан байдлыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Энэхүү зохицуулалт нь 2025 оны аравдугаар сард батлагдсан хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ба автобус болон төмөр замын нийтийн тээврийн зорчигчдын зан үйлд тавих шаардлагыг ижил түвшинд хүргэх зорилготой аж.
Эх сурвалж: polit.mn