Х.Нямбаатар: Казиногийн зөвшөөрлийг хамгийн багадаа их наядын хөрөнгө оруулалтад олгоно

0
хуваалцах
139
үзсэн

С.УЯНГА

 

Казиногийн болон Бооцоот таавар, хонжворт сугалааны хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа.

 

-Дампуурлын хуулийг 20 гаруй жилийн дараа шинэчлэхээр оруулж ирлээ.  Хуулийн гол агуулгыг хэрхэн томьёолж байна вэ?

-Бизнес эрхлэхэд Монгол Улс ойлгомжтой байх ёстой. Маргаан үүсвэл шуурхай шийдвэрлэж өгдөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын аль алиныг нь хамгаалдаг хууль эрх зүйн механизмтай, шүүхийн шийдвэр гараад хэрэгждэг байх ёстой. Үүнийг шийдвэрлэхийн тулд Дампуурлын хуулийг оруулж ирж байгаа. Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн судалгаагаар манай улс 190 орноос 150-д орсон. 17-18 жилийн хугацаанд ердөө 260-аад дампуурлын хэрэг шийдэгдсэн байх жишээтэй. Гадны оронд бол дампуурал гэдэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх механизм. Гэтэл Монгол Улс төгс дампууруулж дуусах ёстой гэж үздэг. Мөн манайх компанийг зөвхөн эзний өмч ойлгоод байгаа. Гэтэл гэрээний үүргээ биелүүлэхгүй зургаан сар болбол тухайн компанийн бизнесийг хамгаалахын тулд дампуурлын хэрэг үүсэх ёстой. Нэг бол бизнесийг аварна, үгүй бол хохирол багатай дээр нь таслан зогсоож хөрөнгийг нь хувааж өгөх зохицуулалт юм. 2013 онд барьсан Гашуун сухайтын төмөр замын далангийн хохирол өнөөдөр ч барагдаагүй байна. Сүүлд Зүүн баянгийн төмөр зам дээр ажиллаж байсан хүмүүс ч хохирлоо барагдуулаагүй. Өөрөөр хэлбэл, бизнесийн тогтолцоонд ямар ч утга алга. Өгнө дөө, авна даа гэдэг зарчмаар өрийн сүлжээ үүсдэг. Тиймээс хуульд энэ мэт давхар зохицуулалтуудыг хийж өгнө. Нэгдүгээрт, дампуурлыг эцэслэн шийдвэрлэж өр авлагыг барагдуулж баланс үйлдэнэ. Нөгөөх нь эрсдэл үүсэнгүүт индикатор ажиллах учраас хуулийнхаа нэрийг өөрчилж Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болгож байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дээр дампуурлын хэргийн процессыг тусгайлж өгч байгаа.

ОУВС, Дэлхийн банкныхан бидэнтэй уулзахдаа Дампуурлын хуулиа шинэчлээч гэдгийг байнга хэлдэг. Хуулийг шинэчлэх асуудал 22 жил яригдлаа. Одоо хийж  чадвал хууль эрх зүйн салбарын хамгийн том суурь шинэчлэл болно.

-Сэтгэл санааны хохирлыг төлүүлэх асуудал олон жил яригдсан. Гэвч  загварчлал байхгүйгээс шаналлаа нотлохыг шаардсаар ирсэн. Шинэ зохицуулалтаар хүний амь нас, сэтгэл санааг яг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа вэ?

-Цагдаагийн харьяанд байсан криминалистикийн алба, шүүх эмнэлэг хоёр 2005 онд нэгдсэнээс хойш хэд хэдэн агентлагийн хаяа хавирганд явж ирсэн. Нийгэм хөгжихийн хэрээр бүх зүйл нарийн болж цахим шинжилгээ, дижитал гарын үсэг, зураг, видео, дуу бичлэг, физик, химийн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага үүсэж  байна. Үнэнийг хэлэхэд, гадаадад төгссөн физик, химийн нарийн мэргэжлийнхнийг цагдаагийн цол, урамшууллаар л тогтоон барьж байгаа. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд ганцхан сая төгрөгийн цалингаар шүүх эмнэлгийн нарийн шинжилгээ хийж байгааг эргэж харахаас аргагүй. Энэ алба бүх төрлийн гэмт хэрэг, зөрчлийн нарийн шинжилгээг хийдэг. Томоохон залилангуудын шүүхийн нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийхэд 2-3 портер санхүүгийн баримтыг уншиж шинжилдэг. Гэтэл цалин, нийгмийн асуудал эмгэнэлтэй. Тиймээс албыг нь бэхжүүлж шинжлэх ухааны байгууллага болгох зорилгоор Шүүх шинжилгээний хуулийг оруулж ирж байна.

Өмнө нь байгаль экологийн гэмт хэрэг дээр шинжээчийн дүгнэлт гараагүй гээд хэрэг шийдвэрлэдэггүй байсан. Тиймээс ял завшуулахгүйн тулд экологийн шинжилгээний албыг бий болгосон. Бас нэг онцлох зүйл бол хүний сэтгэл санааны хохирол, амь насыг анх удаа үнэлэх гэж байна. Одоо бол хүнийг санаатай алах гэмт хэрэг дээр оршуулгын зардлыг арайхийж төлдөг. Шүүхийн практикаар хүний амь насыг 50 сая төгрөгөөр үнэлээд байгаа хэр нь сэтгэл санааны хохирлыг төгс шийдвэрлэсэн зүйл байхгүй. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг тусгай загварчлалаар гаргаж, зэрэглэлийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нар хамтран тогтооно. Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 82.5 сая төгрөг байхаар ярьж байна. Энэ бол хамгийн бага жишиг загвар байх юм. Дараагийнх нь монгол хүний дундаж наслалтаас хохирогчийн амь насыг хасаж хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг тав дахин үржүүлэх хувилбар бий. Хохирогч 21 настай байлаа гэхэд дундаж наслалт 71 гэж үзэхэд зөрүү 50 гарч байна. Энэ хугацаанд хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх байжээ гэж үзэхэд 137.5 сая төгрөг байх юм. Ингэж байж эд материалаас гадна сэтгэцийн эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг үнэлнэ. Сэтгэл санааны хохирлыг тухайн улсын эдийн засгийн чадамж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор янз бүрээр тогтоодог. Солонгос улс гэхэд хүний амь насны суурь үнэлгээг 80 сая вонн байх жишээтэй. Гэхдээ сэтгэл санааны гэмтлийг тогтоох аргачлал бол эрүүл мэндийн шинжлэх ухаантай холбоотой учраас дэлхий нийттэй адил нэг л арга зүй байх юм. Хуулийг боловсруулах явцад хохирогч судлалын салбарыг улам хөгжүүлэх юм гэдгийг ойлгосон. Ер нь цаашид судалгааны орхигдсон чиглэлүүдийг гаргаж тавих ёстой. 

-Аялал жуулчлалын багц хууль орж ирэх гэж байгаа. Бооцоот тоглоом, морин уралдааны хуулийг хамтад нь оруулж ирэх үү. Тухайлбал, зөвшөөрөл олгох, сугалаа явуулах стандарт ямар байх вэ?

-Аялал жуулчлалын хуулийн гол концепц бол манайд ир, ирүүлэхийн тулд тийзээ хямдруулна гэж байгаа. Өөрөөр хэлбэл, сангаар дамжуулж авиа компаниудад татаас олгох хэлбэрээр тийзийн үнийг төр хүчээр бууруулах юм. Мөн визгүй ч “урьж”  болно. Харин жуулчид Монголд ирсний дараа хэрхэхийг хувийн хэвшлийнхэн мэдэж, үр шимийг нь орон нутаг хүртэх ёстой.

Аялал жуулчлалын хуулийг дагаад гурван хууль өргөн барина. Бооцоот таавар хонжворт сугалаа бол сүүлийн 20-иод жил маргаантай явж байгаа харилцаа. Сугалааны зөвшөөрлийг Сангийн яам өгдөг. Бооцоот тааварт тоглоомын зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам өгнө гэсэн нэртэй ч сүүлийн 16 жил ямар нэг зөвшөөрөл олгохгүй явж ирлээ. Тиймээс төрөл харилцаа болгохгүй бол цахим казиногоор гадагшаа сард 20-30 тэрбум төгрөг урсаж байна. Үүнийг болиулж бооцоот таавар, хонжворт сугалааны харилцааг дотооддоо зохицуулж тусгай зөвшөөрлийг нь өгье гэсэн агуулгаар хуулийн төслийг боловсруулсан. Зөвшөөрлийг манай яам дээр суурилсан зөвлөл олгохоор ярилцаж байна. Сугалаа явуулахдаа гадны лоттерей маягийн стандарттай болох ёстой. Харин спортын бэтийн  хувьд олсон орлогынхоо тодорхой хувийг холбооддоо өгдөг байхаар хөгжлийг нь уях агуулгатай. Үр дүнд нь дотоодын спорт хөгжиж валют олох боломжтой. Түүнээс одоогийн нөхцөл байдлаар цааш явах юм бол гадагшаа хандаж тоглож байгааг хүчрэхгүй юм билээ. Үүнээс улбаалаад үндэсний спортын хууль гаргаж мэргэжлийн тал руу нь явуулах ч боломжтой.

-Бооцоот морин уралдааныг хэн зохион байгуулах вэ, хөрөнгийг хэрхэн босгох вэ. Унаач нь ямар хүн байх гээд тодруулах зүйл их байна л даа?

-Англи сонгодог морин уралдааныг Монголд нутагшуулах хэрэгтэй. Дэлхийн томоохон морин уралдаануудын үеэр асар их мөнгө эргэлдэхээс гадна нөгөө талаас олон түмнийг цэнгээн баясгадаг том соёл болж байна. Тухайлбал, Хонконгод хил дээрээ болон төвдөө хоёр том цэнгэлдэхтэй. Энэ соёлыг Монголд нэвтрүүлэхдээ өөрсдөө хийе гэж байгаа юм. Хамгийн гол нь ашгийн төлөө бус нийтийн эрхзүйн субьект байгуулъя гэж байгаа. Энэ талаас нь харвал гишүүнчлэлийн босгыг нэг сая ам.доллараар тавьсан. Бусад оронд бол өндөр юм билээ. Өөрөөр хэлбэл, үр хүүхдэдээ өвлүүлэх ч юм уу, нийгэмд эзлэх байр суурьтай гишүүнчлэлийн сонирхол дээр холбооны мөнгө босож ирнэ гэж харж байгаа. 100 хүн элсэхэд холбооны үйл ажиллагааг эхлүүлж, дотоодын зах зээл дээрээс 300 тэрбум төгрөг босгоод ирэхэд Хүй долоо хутагт стадион барьж чадна. Дэргэд нь гишүүдийн жүчээ, мал эмнэлгийн тусгай бүстэй. Аятайхан цаг агаартай улиралд амралтын өдрүүдэд монголчууд морин уралдааныг үзэж бооцоо тавьдаг байх юм. Энд зөвхөн сонгодог англи адуунууд уралдана. Мэдээж хүүхэд унахгүй. 18 нас хүрсэн дээд сургууль төгссөн, тусгай мэргэжилтэй хүн унах учраас хүүхдийн эрх хөндөгдөхгүй. Эцэст нь монголчууд үзэж харах ч юмтай. Эдийн засагт ч нэмэртэйгээс гадна Монголын суурин соёл иргэншлийн том соёлыг нэвтрүүлэх ёстой гэдгийг л ойлгох хэрэгтэй. Цаашлаад Монгол Улс сонгодог адууны зах зээлийн төв болох боломжтой. Нэг хүний өмч биш нийтийн эрх зүйн субьект буюу олон нийтийн өмч байхаараа онцлогтой учраас төр оролцохгүй. Хамтын удирдлагын зарчмаар явах юм. Яваандаа дэлхийн морин уралдааны календарьт нэрээ оруулчих юм бол богино хугацаанд улсын төсвийн орлогоо бүрдүүлчих байх гэсэн том амбицаар харж байгаа.

-Монголчууд өнгөрсөн хугацаанд казино байгуулахаас эмээж ирсэн. Хууль болгон нь бараг бүтэлгүйтэж ирлээ. Казино байгуулах асуудал энэ удаа амжилттай урагшилж чадах болов уу?

-Аялал жуулчлалын хуулийг дагалдуулаад Казиногийн хуулийг өргөн барина. Харин олгох лицензийн тоо хэд, хаана байгуулах вэ гэдгийг эцэслээгүй. Бүс нутгийн хөгжлөө бодвол Замын-Үүд, зүүн талд Дорнод, баруун талд дөрвөн сум, аймгийн төв байх уу зэргээр ярилцаж байна. Ер нь бол хов хоосон Монголын хөрсөн дээр хэн хамгийн их бодит хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг мөнгөн дүнгээр нь лиценз олгоно. Хөрөнгө оруулалтын хэмжээ 300 сая ам.доллар  буюу их наяд төгрөгөөс доошгүй байх юм. Тусгай зөвшөөрөл авснаас хойш хөрөнгө оруулалтыг гурван жилийн дотор Монгол Улсад оруулна. Харин төр 25-30 жил бизнест нь огт оролцохгүй. Өдөр тутам орж байгаа орлогынх нь 40 хувийг Монголын Засгийн газар авна. Ширээ болгон дээр орж байгаа орлогоос татвар авна гэсэн үг. Үлдсэн 60 хувиараа амьдар, бооцоогоо тавь гэж байгаа юм. 30 жилийн дараа нийт ширээний тал хувийг Засгийн газар төлбөргүй шилжүүлж авна. Харин 10 жилийн дотор өөр хэн нэгэнд дахин лиценз өгөхгүй гэдгээ хөрөнгө оруулагчдад хэлэх ёстой. Хуулийг үндсэндээ Макаогийн казиногийн хуулиас санаа авсан гэж хэлж болно. Дэлхий дээр хамгийн их либералчлагдсан, хамгийн их орлоготой нь Макао шүү дээ.

-Казиногоос албан татварууд авахгүй гэсэн үг үү. Дотоодын бизнесмэнүүд лиценз авч болох уу?

-Манай зарим бизнесменүүд  зочид буудлынхаа хүзүүвчинд казино байгуулах сонирхол байх шиг байна. Хууль санаачлагчийн хувьд үгүй гэж хэлнэ. Бодит хөрсөн дээр хамгийн их хөрөнгө оруулалт амласан бол хэнд ч хамаагүй лиценз олгоно. Түүнээс биш дуудлага худалдаагаар өгөхгүй. Хөшгийн хөндийд газар, дэд бүтцийг нь өгье. Хэдэн сая ам.доллар оруулах вэ түүнийгээ хэл гэж байгаа юм. 350 сая ам.доллараар амралт зугаалгын цогцолбор бариад үүн дээр бидний тавьсан нөхцөлийг зөвшөөрч байвал 30 жил лицензээ эзэмшээд татвараа төлөөд явах маш тодорхой дүрэм, зарчим үйлчилнэ.

Сангийн яам өнөөх л хүн ам, аж ахуйн нэгж, эрүүл мэнд, нийгмийн даатгал, нэмэгдсэн өртгийн албан татвараа яриад байгаа. Уг нь тэр тусгай бүсээс 40 хувийн татвараа авахад л болно биз дээ. Дүрэм нь ойлгомжтой зүйл дээр татварын харилцаагаа цэгцэлмээр байгаа юм. Харин ширээг нь лацдаж тоолуур, камер тавиад түүнийг нь хянадаг татварын байцаагч байх хэрэгтэй.

-Зөвшөөрлийг нь хэн олгох вэ. Олгохдоо авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх вий гэх хардлага төрнө. Мэдээж монголчууд орохыг хориглох байх?

-Япон саяхан Казиногийн хуулиа баталсан. Солонгос дотоод, гадаадын иргэд ордог хоёр янзын эрх зүйн тогтолцоотой. Ер нь бол улс оронд бодит хөрөнгө оруулалт, маргаангүй татвар хураалт л ашигтай. Үүнийг дагасан аялал жуулчлал хэрэгтэй. Энэ гурван зарчим хэрэгтэй. Хөшгийн хөндийд шинэ хот байгуулъя гээд байгаа хэр нь бодитоор ам.доллар бариад ирж байгаа нь алга. Тиймээс хамгийн түрүүнд казинод хөрөнгө оруулах болов уу гэж бодож байгаа. Хамгийн хатуу шаардлага бол дотоодынхон казинод орохыг хориглоно. Казиногийн зөвшөөрлийг хэн олгох вэ гэвэл зөвлөл байх болов уу гэж төлөвлөж байна. 

Замын-Үүдэд казино байгуулаад  хятадууд орж тоглохгүй. Бүх хориглолтоо хийнэ гэсэн мессежийг өгсөн. Тиймээс Замын-Үүд гэхгүйгээр эхний ээлжид Хөшгийн хөндийн төслөө урагшлуулах хэрэгтэй юу гэдгийг бодох ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 227 (6959)