Н.САРАНГЭРЭЛ

 

Шинэ үзвэрийн жилийнхээ нээлтийг өнөөдөр хийх гэж буй УДЭТ-ын  захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуутай  Германы сонгодог зохиолч Бертольд Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийн талаар болон УДЭТ-ын урын сангийн бодлого, төрөөс хэрэгжүүлж буй соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, театрын урлагийг сурталчлан таниулах үйл хэргийнх нь талаар ярилцсанаа хүргэе. 

 

-Театрын хувьд үзвэрийн жилийн нээлтээ өвөрмөц сонин жүжгээр хийх гэж байна. Шинэ уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхэлье?

-Манай хамт олон үзвэрийн 92 дахь жилийн нээлтийг Германы сонгодог зохиолч, их бичгийн хүн, найруулагч, туульсын театрын эцэг гэгддэг Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр хийх гэж байна.

Дэлхийн театрын урлагийн тулах багана болсон алдарт Брехтийн жүжгийг Монголын тайзнаа өөрийнх нь алдарт онол, арга барилаас нь шингээсэн шинэлэг хэлбэрээр амилуулж буй юм. Өнөөдөр нээлтээ хийх гэж буй “Сычуаны сайн хүн” жүжгийн уран бүтээл, үйлдвэрлэлийн бэлтгэл ажил хангагдсан. Найруулагчийн хувьд сүүлийн цэгээ хатгах л үлдээд байна.

-Б.Брехтийн зохиолуудаас танай театр өмнө нь тавьж байсан биз дээ?

-Манай театр Б.Брехтийн зохиолоор өмнө нь хоёр жүжиг тавьсан. 1972 онд С.Галсанжав найруулагч “Эхийн сэтгэл буюу Кавказын цэрдэн дугуй”-г , Б.Мөнхдорж найруулагч алдарт “Галилейн амьдрал” жүжгийг 1988 онд тайзны бүтээл болгож, Монголын үзэгчдийг Брехттэй танилцуулсан түүхтэй. Эдгээр жүжгийг Брехтийн өөрийнх нь арга барилаар биш уламжлалт аргаар тайзнаа амилуулсан байдаг. Тухайн үедээ шуугиан тарьсан сайн уран бүтээлүүд болж байсныг ахмад үеийн үзэгчид, уран бүтээлчид мэднэ.

-Энэ удаагийн сонголт өмнө тавьж байсан жүжгүүдээс юугаараа онцлог болох бол?

-“Сычуаны сайн хүн” жүжиг нь Москвагийн Театрын урлагийн сургуулийг төгсөөд ирсэн залуу найруулагч Э.Ёндоншаравын сонголт. Театрын удирдлага, хамт олон залуу найруулагчийн сонголтод хүндэтгэлтэй хандаж, энэ уран бүтээлийг хийх боломжийг олгон, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж,  бүхий л талаар дэмжиж, нэг баг болон ажиллалаа.

-Найруулагчийн хувьд өмнө нь танай театрт ажиллаж байсан. Нэг үгээр тодорхойлбол театрын бүтээгдэхүүн байх аа?

-Э.Ёндоншаравын хувьд СУИС-ийг төгсөөд манай театрт туслах найруулагчаар  ажиллаж байгаад дэлхийд нэр хүндтэй Москвагийн Театрын урлагийн академид  сурахаар явсан. Амжилттай сурч төгсөөд найруулагчийн хувьд сургуульд үзсэнээ батлах, найруулагчийн ажлын туршлага хуримтлуулах зорилгоор жил гаруй хугацаанд ОХУ-д амьдарч, хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Сонгодог уран бүтээл нь аливаа эх зохиогчдын авьяас, ур чадварыг сорьдог гэдэг утгаараа тэр дундаа Брехтийн өөрийнх нь онол, арга барилаар хийхийг хичээж байгаа гэдгээрээ энэ удаа театр ч, Э.Ёндоншарав найруулагч ч Брехт болон үзэгч олныхоо өмнө ээлжит шалгалтаа өгөх гэж байна.

-Энэ жүжигт ажиллуулахаар ОХУ-аас зураач урьсан гэж сонссон?

-Аливаа шинэ уран бүтээл найруулагч, зураач, хөгжмийн зохиолч гээд  уран бүтээлчдийн дээд зэргээр харилцан ойлголцох багийн ажил байдаг. Энэ утгаараа найруулагчийн хүсэлтээр Орост хамтарч уран бүтээл хийж байсан театрын зураач Анна Гребенниковаг урьсан. Зочин зураач маань тайз чимэглэлийн сонирхолтой шийдлүүдийг гаргаж, уран бүтээлчидтэй нягт хамтран ажиллаж байна. Жүжгийн дараа Монголын театрын зураачидтай харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг ажлыг хамтарч хийхээр төлөвлөсөн.

-Шинэ найруулагчийн дүрийн сонголт бас сонирхолтой санагдаж байгаа. Танай театр шинэ залуу уран бүтээлчдээр цус сэлбэснийг ч анзаарч болохоор. Энэ нь та бүхэн урын сангийн бодлогоос гадна хүний нөөцийн бодлогодоо ч анхаарч байгаа хэрэг биз дээ?

-Театрын гол цөм нь уран бүтээлчид буюу жүжигчид. Тиймээс театр жүжигчдийн бүрэлдэхүүнд онцгой анхаарч, үе үеийнхний төлөөллөөр хүний нөөцөө бүрдүүлж ирсэн уламжлалтай.  Энэ онд гэхэд шинэ жүжгийн гол дүрийг бүтээж байгаа жүжигчин Н.Ялалт, Т.Хулан зэрэг мэргэжил, ур чадвараараа түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн найман уран бүтээлч театрт ирсэн. Мөн манай “Театр-студи”-ийг төгссөн 10 гаруй авьяаслаг залуу уран бүтээлчийг үндсэн жүжигчнээр авсан байгаа.

-Брехтийг тайзнаа амилуулах нь театрын хувьд нэр төр үү, эсвэл зэрэг зиндааны илэрхийлэл үү?

-Дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны санд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог тодотголтой уран бүтээлийг тайзны бүтээл болгоно гэдэг нь  тухайн театрын зэрэг зиндааг ч, нэр төрийг ч илэрхийлдэг. Эх зохиогчид, жүжигчид, уран бүтээлчдийн авьяас ур чадварыг шалгадаг шалгуур юм. Манай театрт 1936 онд анх тавигдсан Н.Гоголийн “Байцаагч түшмэл”-ээс эхлээд  2020 онд олны хүртээл болсон Л.Толстойн “Анна Каренина” хүртэл Софокл, У.Шекспир, Ф.Шиллер, А.Чехов, Л.Толстой зэрэг дэлхийн сонгодгуудыг өөрийн тайзнаа амилуулж, урын сангаа баяжуулсан бахархалт түүх бидэнд бий.

-Жүжиг бол та бүхний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн. Нэгэнт зардал гаргаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол ашиг олох ёстой. Та ерөнхий продюссерын хувьд Б.Брехтийн энэ жүжгээс хэр их ашиг олно гэж тооцож байгаа вэ?

-Улс орны санхүү эдийн засаг амаргүй, Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа энэ хэцүү цаг үед театр өөрийн боломж бололцоогоороо сонгодог уран бүтээл хийнэ гэдэг амар биш. Төрийн байгууллагын хувьд Алсын хараа 2050, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, Соёлын яамны урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэл явуулж, театрынхаа эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг хангах, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэвч бидний эрхэм зорилго болох мэргэжлийн өндөр түвшинд чанартай уран бүтээл туурвиж, үзэгч олны оюуны хөтөч байх, тэднийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ ч биелүүлж, театрын урлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, энэхүү жүжгээрээ хэлж, хүргэх гэсэн санаа, ашиг орлого олох аль алийг нь ч хийж хэрэгжүүлж, үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. 

-Танай театрын тайзыг чамгүй олон сар  эзэгнэж, үзэгчдийг байлдан дагуулсан “Тамгагүй төр” жүжгийг та бүхэн хувийн байгууллагатай хамтран бүтээсэн. Энэ хамтын ажиллагааны олз нь юу байв?

-Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Ч.Найдандорж найруулагч манай тайзнаа анх 1998 онд тавьж байсан. Хэдийгээр 24 жилийн өмнө тайзны бүтээл болж байсан ч манай урын санд байнгын тоглогддог түүхэн жүжгүүдийн нэг “Тамгагүй төр”-ийг тайзнаа шинэчлэн тавихад хамтрах саналыг “Херо энтертайнмент-ын Б.Баатар найруулагч тавьсан. Бид тэдний хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж, дөрөвдүгээр сараас хойш бүтэн гурван сарын хугацаанд театрын төлөвлөгөөт ажлуудаа хойш тавьж, “Тамгагүй төр” жүжгийг шинээр тайзны бүтээл болгох орчин, нөхцөлөөр хангаж бизнесийн байгууллагатай хамтран ажиллалаа. Хоёр байгууллага харилцан бие биеэсээ сурч, туршлага мэдээлэл солилцож, энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй гадаадын улс орнуудад тоглох гэж байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн яах аргагүй мөн.

-Театр үзэгч хоёр салшгүй холбоотой байж театр оршин тогтнодог. Үзэгчдийг татах, ирээдүйн үзэгчийг бэлтгэхэд ямар бодлого баримталж байна вэ?

-Мэдээж үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай уран бүтээл туурвиж байж үзэгчдийг татна. Аливаа театр өөрийн үнэнч үзэгчидтэй байдаг. Хүний төгс хөгжлийн асуудалд онцгой анхаарч байгаа өнөө үед улс орнууд бүх нийтийн урлагийн боловсролын талаар олон талт арга хэмжээ авч асуудлыг өргөн утгаар хэлэлцэх болсон. Театр гэх ойлголтын нэг талд нь театрын урлаг, нөгөө талд нь үзэгч байдаг. Театр оршин тогтнохын тулд бүхий л цаг үед ирээдүйн үзэгчдээ бэлтгэж, зогсошгүй эргэх холбоог бий болгох нь хамгийн чухал. Тиймээс бид 2015 оноос эхлэн хүүхэд залуучуудад театрын урлагийн боловсрол олгох, ирээдүйн үзэгчээ бэлтгэх зорилгоор "Театр үзэгч" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд "Театр-Аялал", "Театр-Ирээдүй", "Театр-Бэлэг дурсгал", "Театр-Лекц", "Тоглолтын дараа үзэгч уран бүтээлчдийн уулзалт" гэсэн таван чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Театрт ирэх үзэгчийн тоо жил бүр нэмэгдэж буй нь энэхүү хөтөлбөр тодорхой хэмжээнд үр дүнтэй болсныг харуулж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 225 (6957)