Ц.МЯГМАРБАЯР

 

Одоогоос 10 гаруй жилийн тэртээ Монголын баялгийг ашиглах гэсэн гадны хөрөнгө оруулагчид манай руу хошуурч байсан цаг. Гэвч өнөөдөр хариуцлагатай  уул уурхайг хөгжүүлж чадаагүй түүнчлэн хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль эрх зүйн орчин бүрдүүлээгүйээс тэд бүгд гарц явцгаасан. Тэгвэл тэднийг дахин дуудах энэ цаг үед “Уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ “Mongolian mining week-2022”-ыг УУХҮЯ, "Оюу толгой" хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм.  Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын хамгийн өндөр хөрөнгө оруулалттай “Оюу толгой” компани  монголчуудыг долоо хоног уул уурхайгаар амьсгалуулж, уул уурхайн талаар зөв ойлголт өгөх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Монгол Улс  ирэх хэдэн арван жилдээ далд уурхайн инноваци, шинэ техник, технологи мэдлэгийн төв болно гэсэн зорилтыг хангах том амбиц дор чуулсан юм.  Монгол Улсыг бүсийн хэмжээний далд уурхайн судалгаа, шинжилгээний төв болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр гадаад оюутнууд ирж суралцах, Оюу толгойн далд уурхайд дадлага хийж мэргэжлээ дээшлүүлэх боломж олгохыг зорьж байна.  Ирээдүйд далд уурхайг илүү  ашиглана хэмээн алсын зорилгоо тодорхойлжээ.

Цар тахлаас үүдэлтэй нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тасалдахад манай эдийн засгийн өсөлт буурч өрх, аж ахуйн нэгжүүд  халаасаа сэгсэрч, зарим нь хаалгаа барьсан. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байгаа. Гэхдээ л бидэнд “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр”,  “Эрдэнэс таван толгой” зэрэг том уурхай байсан тулдаа энэ бүх хямралыг даван гарч байна.  Харин  дахин ийм  хэд хэдэн уурхай нээж гадаадын шууд хөрөнгө оруулалтаар ашиглах нь чухал байгааг ч салбарын экспертүүд хэлсээр. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан хэмжээгээрээ бусад улстай харьцуулахад манай улсынх хамгийн өндөр гэдэг ч ард түмэнд ирэх үр, өгөөж муу, мөн жилээс жилд нэмэгдэж байх ёстой хөрөнгө оруулалт буурсаар байгаа нь харамсалтай.

 

УУЛ УУРХАЙ ҮАБЗ-ИЙН ХЭМЖЭЭНД ТАВИГДАХ САЛБАР МӨН ҮҮ

Уул уурхайн салбар эдийн засгийн үр өгөөж, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө нөхөн сэргээлтээрээ дэлхий нийтэд хамгийн том салбар юм. Тухайлбал, өнөөдөр дэлхий дээр 1.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалттай 13 мянган уул уурхайн төсөл хэрэгжиж байна. Гэвч Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж авсан хэмжээгээр бусад улстай харьцуулахад харьцангүй өндөр хэрнээ   олборлож буй бүтээгдэхүүний хэмжээ болон  экспортолж буй хэмжээгээр харьцангүй бага.  Энэ нь юутай холбоотой вэ гэдэгт энэ хэдэн өдрүүдэд асуулт хайсан. Өөрөөр хэлбэл, өндөр хэмжээний хөрөнгө оруулалт татаж байсан энэ салбарт жил ирэх тусам хөрөнгө оруулалт буурч байгаад учир шалтгаан байна.

Засгийн газрын зүгээс  дэлхий нийтийг хамарсан цар тахлын сөрөг нөлөөг урьдчилж харах боломжгүй байсан.  Энэ нь 1-3 жил үргэлжилнэ гэсэн тооцоо бидэнд байгаагүй. Түүнчлэн манайх мөнхийн хоёр том хөршийн дунд далайд гарцгүй орон. Энэ  утгаар хөрш орнуудад гарч буй цар тахал болон дайны нөхцөл байдлын улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гэсэн тайлбарыг өгдөг. Гэвч дэлхийн бусад орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж буй нь харин ч цар тахлын үед өссөн чиг хандлагатай байгааг статистикт дурьдсныг “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний үеэр салбарын судлаачийн илтгэлд  онцолж байв. Тэгэхээр зөвхөн цар тахлаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон уу гэдэгт эргэлзээ төрүүлсээр байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурна гэдэг нь бид уул уурхайн дараагийн том төсөл хөтөлбөрөө  хөдөлгөх санхүүгийн эх үүсвэргүй  болно гэсэн үг.  Ер нь уул уурхайн салбарын асуудал нийт иргэдийн, нийгмийн, улс эх орны, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын улмаар  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд очиж тавигдах болов уу  гэдэг нь асуудал дагуулсаар. Үндсэндээ улсаараа хямрах хэмжээнд яагаад хүрэв гэдэг санаа энэ чуулганд тавьсан илтгэл бүрээс цухалзаж байлаа.

 

ДЭЛХИЙН УЛС ОРОН ВАЛЮТЫН УРСГАЛ ТАТАХ КРАНТАА БҮХ СУВГААРАА НЭЭЖ БАЙНА

  Уг нь ашигт малтмал хамгийн шинжлэх ухаанч,улирлын чанартай, ирээдүйн зураглал тодорхой салбар. Дэлхий энэ салбар руу  техник, технологийн хурдаар тоглож  байна. Нэг ёсондоо аль болох зах зээлд үнэтэй байгаа баялгийг экспортод хурдан гаргаж, боломж байвал нэмүү өртөг шингээн боловсруулж  ашиг олох валютын урсгалыг өөрийн орондоо татах чиглэлд  бүх сувгаар “крант”-аа нээн зүтгэцгээж байна.  Үүнийг нүүрсний  мэргэжилтнүүд маш тодорхой хэлсэн. Ойрын 10-15 жилд нүүрсийг орлох технологи нэвтэрсэн байхыг хэлээд байна. Гэтэл бид хэдэн зуун жилийн дараах  нөгөө л ирээдүй хойч үедээ өвлүүлэх тухай ярьсаар хоцорч сууна. Үүнийг нөгөө зуун жилийн “эморол” гэхээс өөрөөр юу гэх билээ.

 

ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ГЭДГИЙГ ЧУУЛГАН САНУУЛАВ

Энэ удаагийн чуулганы нэг сайн зүйл нь бид  уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах ёстой гэдэг дээр нэгдэж байгаа нь сайшаалтай  харагдсан.

Хөрөнгө оруулагчдад тавьж байгаа шаардлага, хөрөнгө оруулалтын орчныг бий болгож буй хууль эрх зүйн орчныг тэдэнд ээлтэй, аюулгүй байх ёстой гэдгээ одоо л нэг яс махандаа шингэтэл  ойлгож байгаа харагдсан. Уул уурхайн салбар тогтвортой байснаар 5,10,20,30 жилийн дараах асуудлыг өнөөдөр төлөвлөдгөөрөө онцлогтой. Энэ байдлыг ч “Оюу толгой” төсөл харуулж байна. Тиймээс манай улс ганц уул уурхай гэлтгүй бүх салбарт тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлагатай гэдгийг сануулсаар.

 

БИД ХЭР ХЭМЖЭЭНДЭЭ ТОХИРСОН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙХ

 Бусад улс ялангуяа уул уурхай олон зуун жил хөгжсөн Чилид гэхэд парламент болон Засгийн эрх солигдох бүрт ямар нам, хэн байхаас үл хамаарч салбарын бодлогод нь ямар ч өөрчлөлт ордоггүй аж. Ингэснээр тус салбар нь хамгийн тогтвортой эдийн засгийн үр өгөөж нь нэмэгдсээр ард түмэн нь орлоготой хангалуун амьдралтай байдаг аж. Гагцхүү хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үүргийг хуулиараа баталгаажуулсан байдаг. Нөгөөтэйгүүр бид  уул уурхайд дэлхийн хэмжээний том тоглогч биш. Маш жижиг тоглогч. Чили, Австрали, Норвег, Энэтхэг Африк зэрэг орнуудын эрдэс баялгийн салбарын олборлолт, экспорт зэрэгтэй  харьцуулашгүй. Тийм учраас бид өөрийнхөө хэр хэмжээнд тохирсон бодлого шийдвэрийг гаргадаг байх нь чухал болохыг  “Mongolian mining week-2022” чуулган  сануулсан. 

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулсан “Монголын уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож тус  салбарынханд баяр хүргэж  үг хэлсэн юм. Тэрбээр  “Шинэ сэргэлтийн бодлого”, Оюу толгойн хэлэлцээрийн бодит үр дүнд  Монгол Улсын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын өсөлт 2012 оныхтой дүйцэхэд ойрхон байгаад итгэлтэй байна" хэмээсэн.  “Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ “Эрдэнийн говь” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тодруулсан юм. 2000 гаруй ханган нийлүүлэгч дундаас “МИАТ” компани шилдгийн шилдэгээр тодорсон бол шилдэг ханган нийлүүлэгч найман компанийг мөн тодруулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)