Улаанбаатарын иргэд махаа үнэтэй худалдан авдаг байсан бол энэ хавар маш үнэтэй худалдан авдаг боллоо. Дээхнэ үед мах магнаг болох гэдэг хэлц үгийг хөгшчүүл “мах их үнэд орох” хэмээн хэлэлцдэг байсан бол тэр цөвүүн цаг нь иржээ.

Гэхдээ бид 70 сая малтай. Улиг болтол, жилийн жилд мах үнэд орж байгааг ярьсаар л ирсэн. Гэхдээ энэ жил гойд үнэтэй байгааг тоож байгаа хүн гэж алга, тоолдог хэдээ маханд өгөх үү яах уу гэж толгойгоо гашилгасан хотын иргэд л хий бухимдаж байна. Хотын удирдлагуудаас хэдэн сэтгүүлчид нь ширүүхэн асуучихвал нөөцийн мах чинь байгаа биз дээ гээд хотын дарга нь улс төрийн хэрүүлийнхээ хажуугаар “жон” гэхээ мартахгүй. Нөөцийн мах ч асуудалтай. Хариугүй туранхай, тэгээд идье гэсэн ч олигтой мах ч байдаггүй хэдэн хөлдөөсөн ясаа “нөөцийн яс” гэж нэрлэвэл таарна гэж бухимдсан иргэд “хошигноцгоож” байна.

Гэтэл нийслэлчүүд нэг кг үхрийн махыг 10 ам.доллараар худалдан авч байгаа нь АНУ-д худалдаалагдаж байгаа нэг кг махтай ойролцоо. АНУ-ын Костко дэлгүүрт нэг lb буюу ойролцоогоор 430 гр мах дөрвөн ам.доллараар зарагддаг бол илүү чанартай ангилал болох ангус мах долоон ам.доллараас дээш үнэтэй зарагддаг. Килограммаар тооцвол энэ нь 10-25 ам.долларын хооронд хэлбэлзэж, төгрөгт шилжүүлбэл 35-85 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол, Америк хоёр улсын махны үнэ ижил болжээ.

Гэхдээ мэдээж үнэ дангаараа амьжиргааны хэмжигдэхүүн биш. Иргэн Б орлогоосоо хэдийг ямар зүйлд зарцуулж байгаагаар бодит байдал хэмжигддэг. Гэтэл Монгол, Америк хоёр улсын амьжиргааны түвшинг харьцуулж үзье.

Монголд дундаж цалин хоёр сая төгрөг орчим байгаа үед нэг килограмм мах авахад иргэн орлогынхоо бараг хоёр хувийг зарцуулж байна. Харин АНУ-д дундаж орлого 3-5 мянган ам.доллар бөгөөд нэг килограмм мах авахад 0.2 орчим хувийг л зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, америк хүн махыг монгол хүнээс 8-10 дахин бага зардлаар худалдан авч байна.

Монгол Улс өнөөдөр 70 гаруй сая толгой малтай, дэлхийн хэмжээнд бэлчээрийн мал аж ахуй давамгайлсан цөөн орны нэг. Онолын хувьд махны нийлүүлэлт хангалттай, бүр илүүдэлтэй мэт санагдана. Гэвч бодит байдал дээр махны үнэ кг нь 10 ам.доллар. Мэдээж ингэж нэмэгдэхэд хэд хэдэн гол шалтгаан бий.

Зах зээл дээрх нийлүүлэлт, тэр дундаа хаврын тарчиг цагаар малаа төхөөрснөөс тарга тэвээрэг нэмээд намар зарах малчны бизнес ухаан, махны ченжүүд дээр нь хадгалалт, тээвэр, дэд бүтэц сул гээд олон асуудал бий. Тиймээс ч жилийн жилд нийслэлчүүд нөөцийн мах нэртэй төрийн зохицуулалттай маханд дугаарлах, өвлийн идшээ ахиухан бэлдэх, чадаагүй нь зах зээлийн өндөр үнээр худалдан авах гэсэн хэдхэн сонголттой өдийг хүрсэн.

Харин энэ жилийн хувьд онцгой байгаа нь нөөцийн махны чанар болон инфляцийн дарамт илүү нөлөөлж байгаа гэж хэлж болно. Монгол Улсад инфляци долоо орчим хувьтай байгаа ч хүнсний инфляци үүнээс хоёр дахин өндөр буюу 12-14 хувьд хүрснийг Статитистикийн газраас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, өрхийн хамгийн чухал хэрэглээ болох хүнсний бүтээгдэхүүний үнэ бусад бараанаас хавьгүй хурдтай өсөж байгаа нь иргэдийн амьжиргаанд хамгийн хүчтэй дарамт болж байгаа юм. Мөн хотжилт нэмэгдэж, Улаанбаатарын хүн ам төвлөрөхийн хэрээр эрэлт өсөж, зах зээлийн тэнцвэр алдагдаж байгаа нь үнийн өсөлтийг улам хурдасгаж байна.

Харин Америкийн Нэгдсэн Улсад махны үйлдвэрлэл нь өндөр бүтээмжтэй, аж үйлдвэрийн түвшинд хөгжсөн. Нийлүүлэлтийн сүлжээ бүрэн тогтсон, хадгалалт, тээвэр, боловсруулалт өндөр стандартаар хийгддэг тул зах зээл дээр үнэ харьцангуй тогтвортой байдаг. Сонирхолтой нь Монголын бэлчээрийн малтай төстэй, байгалийн гаралтай тэжээлээр өсгөсөн үхрийн махыг америкчууд “ангус” хэмээн нэрлэдэг бөгөөд илүү үнэтэй зарагддаг. Ингээд үзэхээр Монголд энгийн хэрэглээ гэж тооцогддог бэлчээрийн мах өндөр хөгжилтэй оронд тансаглал юм уг нь.

Махны үнийг зохицуулахаар төрөөс болон иргэд ч ганц нэг санаачлага гарган хэрэгжүүлж байгаа ч тоймтой үр дүн лав авчирсангүй. Малчдын мах борлуулах цэг гэж хэдэн газарт байгуулсан нь эхэндээ иргэдэд таалагдаж байсан ч одоо тийш бараг зүглэхээ больсон гэх. Тиймээс ч махны үнээ бид ярьсан хэвээр л хаврын уртыг барж байна. Гэтэл мах бол өдөр тутмын хамгийн гол хэрэглээ бөгөөд бид америкуудтай харьцуулахад 10 дахин илүү зардлаар мах худалдан авч байгаа нь өөрөө асуудал болчихоод байна. Өрхийн төсөвт жинтэй дарамт үүсгэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг өрхийн орлогын хоёр хувиар худалдан авна гэдэг өөр хаана ч байхгүй өндөр үнэтэй байгааг илэрхийлж байгаа хэрэг. Гэтэл өрхийнхөө орлогын бутархай хувиар мах худалдан авдаг америкт мах яаж ч үнэд орлоо гэсэн өдөр тутмын энгийн хэрэглээ хэвээр байна. Тиймээс ч асуудал нь махны үнэд биш өрхийн орлогод нөлөөлж байгаа дарамтанд учир байна.

Монгол, Америк хоёр улсад зарагдаж байгаа жирийн нэгэн өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнийг ижил үнээр биш харин амьжиргаанд ирж байгаа дарамтаар нь харьцуулахад тэнгэр газар шиг ийм ялгааг бид харж байна. Үнэ ижил байсан ч амьжиргаа ижил биш. Монгол хүн мах авахдаа бодож байхад америк хүн сонгож байна. Энэ ялгааг багасгахын тулд махны үнэ биш, харин өрхийн орлогыг өсгөх бодлогыг бодитоор хэрэгжүүлэх цаг иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 87 (7829)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn