Ц.БАЯР
Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг Монголбанкнаас хэрэгжүүлж, 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд уг бүтээлийг залсан.
Тэгвэл өчигдөр /2026.05.28/ тус баримлын эх загварт тулгуурлан “Чингис хаан” дурсгалын зоосыг урлан бүтээж, албан ёсоор нээлтийг нь хийлээ.
Зоосны эх загварыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болдын урлан бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлаас сэдэвлэсэн ба тэрээр 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн ордны өмнөх "Их эзэн Чингис хаан", "Өгөөдэй хаан", "Хубилай хаан", "Боорчи жанжин", "Мухулай жанжин" нарын монумeнталь цогц хөшөө баримлыг бүтээж Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн манай улсын нэрт барималч билээ.

Монгол Улсад анх удаа 3D технологи ашиглан урлан бүтээж, Бүгд Найрамдах Итали Улсын Тоскана мужийн Флоренци хотод хүрэл баримлыг үйлдвэрлэжээ. Баримлын уран сайхны гүйцэтгэл, цутгалт, өнгөлгөө, угсралтын ажилд зохиогч хяналт тавин хамтран ажилласан байна. “Их Эзэн Чингис хаан” баримал нь долоон метр өндөртэй бөгөөд суурийг нь Италийн алдарт карарра гантиг чулуугаар урласан монументаль бүтээл юм.
“Их Эзэн Чингис хаан” баримлын эх загварыг үндэслэн “Чингис хаан” дурсгалын зоосыг зургаан төрлөөр үйлдвэрлэсэн байна. Үүнд, орчин үеийн “smartminting ultra high relief” технологийг ашиглан мөнгөн таван унц, нэг килограмм, алтан нэг килограммын зоосыг бүтээсэн бөгөөд анх удаа мөнгөн нэг унц, алтан 0.5 грамм, нэг унцын төрлийн зоосны арын дэвсгэрт цагны үйлдвэрлэлийн салбарт түгээмэл хэрэглэгддэг гильоше (“guilloche”) буюу гоёмсог, гялалзсан эффект үүсгэдэг тусгай техникийг ашиглан үйлдвэрлэж, худалдаанд гаргалаа. Монголбанкны дурсгалын зоосыг жил бүр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэж, цуглуулга, бэлэг дурсгалд зориулан худалдаанд гаргаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 103 (7845)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn