Ц.БАЯР

Ирэх өвөл хотоороо хөлдөх үү, эс  хөлдөх үү гэдэг нь эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх  нарны таван  цахилгаан станцыг хүйтрэхээс өмнө барьж байгуулах явдал.  Учир нь ирэх өвөл 150 М/Вт-ын чадлын дутагдал үүсэж хотоороо хөлдөх эрсдэл байгааг Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдээд байгаа. Гагцхүү  эрсдэлгүй давах нэг гарц нь сэргээгдэх эрчим хүчний станц барих ажлыг яаралтай эхлүүлэх юм. Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар таван газарт 50 М/Вт-ын нарны таван цахилгаан станц байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс нарны станцын тендерийг зарлаж, маш богино хугацаанд буюу ирэх өвлөөс өмнө ашиглалтад оруулах ажлыг удахгүй эхлэхээр төлөвлөжээ. Эдгээр эх үүсвэр бүгд ашиглалтад орвол нийт хүчин чадал  240 М/Вт-аар нэмэгдэнэ. Үүгээр зогсохгүй батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Ингэж  ирэх өвлийг давахын дээр цаашид сэргээгдэхийн болон бусад төслийг дэмжихэд системийн тохируулгын чадавхыг нэмэгдүүлэх тооцоо хийжээ.

Энэ хүрээнд Эрчим хүчний яамнаас нарны цахилгаан станцуудыг хаана, хаана байгуулах газрын байршлыг сонгож, ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Энэ төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж нээлттэй өрсөлдөөнт шалгаруулалтыг явуулж, хэн хамгийн бага үнэ санал болгосныг шалгаруулж, ажлыг нь ирэх долоодугаар сард эхлүүлэхийг зорьж байгаа гэж Эрчим хүчний яамны сайдын мэргэжлийн зөвлөх,инженер Л.Жамбаа ярьж байна. Эдгээр станцуудыг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2026-2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулах юм.

 

Хятад суурилагдсан хүчин чадлаас гурав дахин нөөцтэй байдаг

 

Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр  чадлын дутагдалтай буюу өөрийн хэрэглээгээ бүрэн хангах чадамжгүй байна. Тэгвэл бусад оронд тухайлбал, Хятад улсад суурилагдсан хүчин чадал нь эрчим хүчний хэрэглээнээсээ гурав дахин их нөөцтэй байдаг аж. Аль нэг газарт доголдол гарлаа гэхэд өөр эх үүсвэрт холбоод л ямар ч асуудалгүй ажиллана. Гэтэл манай улс хэрэглээгээ ч хангаж дийлэхгүй, гаднаас аваад ч  дутсан байдалтай байна. Ийм байдлаар олон жил явж ирсэн нь нэг талаас харамсмаар.

Уг нь манай улсын хувьд хэрэглээнээсээ 30 хувиар давсан чадлын нөөцтэй болох зорилт тавьж байгаа аж. Ийм хэмжээний нөөц бүрдүүлэх баялаг хангалттай. Гэвч загасчны морь усгүй гэгчээр өнгөрсөн жилүүдэд нөөц бүрдүүлэх тухайд үе үеийн удирдлагууд хуруугаа ч хөдөлгөөгүй өнөөдөртэй золгосон нь эрсдэлтэй нөхцөл рүү ийнхүү түлхсэн гэдгийг экспертүүд ярьсаар. Уг нь нөөцтэй байж засвар үйлчилгээ хийнэ. Нөөцгүй учир засвар үйлчилгээ хийх боломжгүй, хийсэн ч “хам хум” хийгээд залгаж байх жишээтэй. Ийм байхад эрчим хүчний салбарт доголдол гарах нь аргагүй.

 

Цахилгаан станц ашиглалтад орсон ч 500К/Вт-ын шугам татах шаардлагатай

 

Өнгөрсөн өвөл ДЦС-ын зууханд гэмтэл гарч, цахилгааны хязгаарлалт хийж айл, өрхүүд лаа, шүдэнз нөөцлөх болсон. Одоо ч хязгаарлалт хийгдэж байна. Энэ нь нэг талаар  улсын эрчим хүчний сүлжээ тоног төхөөрөмжийн элэгдэлд орсон хуучин, хоцрогдсон технологитой холбоотой. Харин ч нам зогсолт хийчихгүй байгаа нь салбарын инженерүүд “монголчилсоор” өдийг хүргэсэн гэдгийг ч салбарынхан хэлдэг. Хэдийгээр Төв аймгийн нутагт Баян, Бөөрөлжүүтийн том чадлын цахилгаан станцууд баригдаж байна. Эдгээр станцууд ашиглалтад орвол төв рүү татах шугам манайд байхгүй учраас чадлын дутагдлыг нөхөх боломжгүй. Яг одоогоор  500К/Вт-ын шугам татах шаардлагатай. Энэ шугамыг татахад хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг онцгой нэмэхээс аргагүй. Тэгэхээр станц барихаас өмнө нь дамжуулах шугамаа барих хэрэгцээг шийдвэр гаргагчид тооцоогүй.

 

Ачааллыг тооцож ялгаатай тариф мөрдөнө

 

Эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөхийн тулд хэрэглээний үнийг нэмэх талаар олон жил яригдсан ч шийдэгдээгүй. Нэмэх шийдвэр гарсан боловч иргэдэд очих санхүүгийн дарамт нэмэгдэнэ гэж хойшлуулсан. Үүнийг шийдэх хэд хэдэн арга байгааг салбарын судлаач, эдийн засагчид ярьдаг.

Нэгдүгээрт, иргэд, ААН-үүдэд дарамтгүйгээр үнэ тарифыг зохистой түвшинд нэмэх буюу өртөгт нь ойртуулах. Үүнийг зөвхөн үнэ нэмнэ гэж ойлгож болохгүй. Тарифыг хот, хөдөөгүй нэг л дүнгээр тооцдог. Тариф тогтоох арга, хандлага бодлогоо өөрчлөх ёстой. Жишээлбэл, оргил ачааллын цагаар эрчим хүч хэрэглэвэл илүү үнэтэй тарифаар төлнө гэх мэтээр өдөр шөнө, өглөө орой, өвөл зун, хавар намар гэх мэтээр цаг, орон нутаг, эх үүсвэрээс хамаарч олон үзүүлэлтээр олон төрлийн ялгаатай тариф мөрдүүлэх хэрэгтэй. Тэгж байж хэрэглэгчдэд зөв ойлголт өгнө. Оргил ачааллын цагаар эрчим хүчний тариф илүү өндөр үнэтэй байдаг шүү гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулахаас хэмнэлтийг эхлүүлнэ гэдэг. Тэгэхээр хоолоо эрт хийх, эсвэл хоолны цагаар угаалгын машин, индүү зэрэг бусад цахилгаан хэрэгслийг давхар ажиллуулж ачааллыг улам нэмэхгүй байх хэрэглээний соёлд суралцах ёстой болж байна. Ус, цахилгаан, дулааны үнэ цэнийг иргэд төдийлөн ойлгохгүй байна.

Хоёрдугаарт, эрчим хүчний салбарын өртөг зардлыг бууруулах, хулгай, үр ашиггүй байдлыг цэгцлэх эрчим хүч, дулаан үйлдвэрлэх өртгийг бууруулна. Энэ тухай ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн доктор Д.Үлэмж онцолдог.Ингэж байж гурван жилдээ багтан үнэ тариф болон худалдаж, худалдан авч буй болон үйлдвэрлэж, дамжуулж байгаа бүх талуудад ашигтай, дарамтгүй, төрөөс татаас авдаггүй зохистой, хэвийн түвшинд оруулж зах зээлийн жам ёсны бүтэц ажиллаж эхлэх ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 87 (7829)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn