Ц.МЯГМАРБАЯР 

 

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өчигдөр эдийн засгийн сүүлийн үеийн байдлыг танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрээр  танилцуулгынхаа эхэнд Төв банкны үйл ажиллагаа, төсөв,мөнгөний бодлогын уялдаа, макро түвшний ойлголтуудыг ард иргэдэд хүргэхдээ яагаад ийм бодлого явуулж буй учир шалтгааныг онол гэхээс илүүтэй энгийн хэлбэрээр ойлгомжтой хүргэх хэрэгтэй байна. Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг олон нийт буруу, зөрүү ойлгосон байдал ажиглагдлаа. Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр  банкуудын заавал байлгах нөөцийн эх үүсвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэр гарсан. Шийдвэрийн хэрэгжилт энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлчилнэ. Мөн банкуудын эрсдэл өмнөх үетэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч энэ хэрээр  өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл даах чадвар нь өссөн. Иймд гадаад зах зээлээс татсан хөрөнгөд (зээл, бонд гэх мэт) тавих шаардлагыг макро зохистой бодлогын хүрээнд бууруулахаар болсон гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгосон юм.  

-Ирэх саруудад шатахууны өсөлттэй холбоотойгоор инфляцын эрсдэл өндөр байхаар байна. Хоёрдугаарт, хөдөө аж хуйн салбарт  учрах эрсдэлүүдийг иргэдийн нуруун дээр дарамт болгож буулгахгүйн тулд Төв банк ямар бодлогын хариу арга хэмжээг хэрэгжүүлэхээр байна вэ?

-Өнөөдөр гадаад шокоос нөлөөтэй дэлхийн бүх улсад зэрэг нөлөө үзүүлж байгаа. Үүнтэй холбоотой улс бүхэн өөрийн макро эдийн засгийн суурь нөхцөл, төсвийнхөө орон зай, гадаад валютын нөөцтэйгөө уялдуулаад  тодорхой арга хэмжээг авч байгаа. Монгол Улсын төв банкны зүгээс мөн ижил энэ арга хэмжээнүүдийг өөрийн нөхцөлдөө зохицуулж уялдуулах, хувилбар тооцоог хийхийн зэрэгцээ дунд хугацааны суурь реформ дээр төвлөрч энэ чиглэлд хоёр үе шаттай реформ хийхээр төлөвлөж байна. Эхний үе шат нь Төв банкны олон жил хуримтлагдсан асуудлуудыг шийдэх суурь өөрчлөлтүүдийг Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар өргөн барина. Хоёрдугаарт, банкны секторт реформыг  Банкны тухай хуульд шинэчлэл хийх замаар үе шаттай хэрэгжүүлнэ. 

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэлтэй суурь хэрэглээний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн “шок” үүсэж байгаагаас үүдэлтэй мөнгөний дарамт ирж улмаар инфляцад  нөлөөлөх нөхцөлтэй байна. Сая ОУВС, Дэлхийн банктай хаврын уулзалтаар манай дээр ирэх дарамт бусад хөгжиж буй орнуудтай  харьцуулахад харьцангуй боломжийн түвшинд байгаа. Энэ нь бид ОХУ-аас нефть бүтээгдэхүүнээ авдаг. Засгийн газар дипломат яриа хэлэлцээрийн шугамаар үнийг тогтвортой байлгахад анхаарч идэвхтэй ажиллаж байгаа нь зөв арга барил. ОУВС дэлхийн улсуудад суурь үнийг тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь буруу гэж үзэж байна. Ялангуяа Монгол Улс шиг төсвийн орон зай багатай орнуудад боломжгүй. Тиймээс Төв банкнаас янз бүрийн хөтөлбөрт болон зах зээлд мөнгө нийлүүлэх үйлдэл хийж болохгүй гэж зөвлөж байна. Яагаад гэвэл инфляц нэмэгдэж буй энэ үед зах зээлд мөнгө нийлүүлэх нь инфляцыг улам өдөөх эрсдэлтэйг анхааруулсан. Гагцхүү энэ “шок” ард, иргэдийн амьдралд хамгийн бага хэмжээгээр нөлөөлөхөд үнийн өсөлтийг бага байх чиглэлд Засгийн газар илүү идэвхтэй ажиллах ёстой. Ялангуяа Төв банкнаас Засгийн газарт өгч буй зөвлөмжийн хувьд манай инфляц юунаас үүсэж байна вэ гэвэл дотоодын бараа, үйлчилгээ тэр дундаа мах, хүнсний ногооны үнийн өсөлт нийлүүлэлтийн сүлжээ бүрдэж чадаагүйтэй холбоотой. Тиймээс үүнд голлон ажиллах шаардлагатай.  Төв банк тариалалтын энэ эгзэгтэй цаг үед  инфляц үүсгэхээс сэргийлж эх үүсвэрийн зардлыг багасгах чиглэлд ажиллаж байна. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай уулзаж зохицуулалтынхаа арга хэмжээний хүрээнд ямар нэгэн байдлаар мөнгө нийлүүлэх биш банкуудаас тариалалтад гаргах эх үүсвэрийн зардлыг бууруулж  нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Ер нь төсөв, мөнгөний бодлого уялдах эрх зүйн механизмыг тодорхой болгох хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн суурь бүтэц  уул уурхайд түшиглэсэн, уул уурхайгаас экспорт хийж валютын нөөцөө бүрдүүлдэг орны хувьд  валютын ханш, инфляцаас илүү эмзэг тусдаг. Тиймээс Төв банкны зүгээс ханшийн дарамтыг үүсгэж  огцом савлуулж “шок” үүсгэхгүй байх бодлогыг барина.

Өнгөрсөн нэгдүгээр сард Төв банкнаас авч хэрэгжүүлсэн арга хамжээ, мөн  Мөнгөний бодлогын хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгүүдийн гол зорилго нь ханшийг тогтвортой байлгах,импортод чиглэсэн хэрэглээний зээлийг хумих, бизнесийн зээлийг нэмэгдүүлэх чиглэлд ажилласан. Эдгээрийн үр дүнд өнөөдөр манай улсын экспорт боломжийн гадаад валютын нөөц өндөр хэмжээнд байна. Энэ хэмжээг цаашид хэвээр хадгалж гадаад “шок”-оос нөлөөтэй төлбөрийн тэнцэл дээр ирэх нефть бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд гадагшаа хийх төлбөр тооцоог саадгүй, түргэн гүйцэтгэхэд нөөцийг бэлэн байлгаж хэрэгжүүлэх бэлтгэлтэй байна.

Энэ дашрамд нэг зүйлийг онцолж хэлэхэд ОУВС манай улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг маш даруухан гаргадаг. Энэ нь нэг талаар зөв юм. Учир нь геополитекоос үүдэлтэй гадаад “шок” хэрхэх, хэдий хугацаанд үргэлжлэх, эсвэл ингээд намжих уу гэх мэт юу  болохыг бүгд мэдэхгүй байж муу төсөөлөл гаргаж дэлхийд болон улс орныхоо зах зээлд буруу хүлээлтийг бий болгох нь маш хортой.

-Газрын тосны ханшийн өсөлтөөс шалтгаалж нефть болон шатахууны импорт дээр мөнгөн дүнгээр илэрхийлбэл хэдий хэмжээний валютын өсөлт бий болохоор байгаа вэ?

-Одоогоор манай улс шатахуун, дизель түлш импортоор худалдаж авахад 2.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 110 ам.долларт хүрэхэд нэг тэрбум төгрөгийн дарамт төлбөрийн тэнцэл дээр ирэх тооцоог гаргасан. Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад манай валютын нөөц өндөр байгаа. Нөгөөтээгүүр, экспортод ахиц гарсан. Гэхдээ Төв банк Засгийн газрын үйл ажиллагаанд оролцдоггүй. Миний тухайд өмнө бодит секторт ажиллаж байсны хувьд экспортод нэлээн анхаарал тавьж байна. Нүүрсний үнэ болоод экспорт ч нэмэгдлээ. Түүнчлэн бүтээгдэхүүнүүд дэлхийн инфляцыг дагаад нэмэгдэж байгаа. Энэ утгаараа “offset” хийх зүйл ч байна.

Гэхдээ бид эдгээрийг мэдээлэхээс өмнө бодох хэрэгтэй. Ханш дээр ч гэсэн тийм дарамт ирнэ, тэд болно гэж тодорхой тоо хэлмээргүй байна. Учир нь зах зээл дээр буруу хүлээлт үүсгэмээргүй байна. Ханшийг тогтвортой барих бодлогыг Төв банк тууштай хэрэгжүүлнэ. Ер нь манай эдийн засгийн онцлог болон ялангуяа ийм нөхцөлд  ханш өөрөө хөдөлж байх ёстой зүйл. Гэтэл манай эдийн засаг олон импортлогчтой, цөөхөн экспортлогчтой учраас Хятад болон бусад орноос их хэмжээгээр бүтээгдэхүүн орж ирснээр /дэлхийн инфляцыг импортолж/ давхар цохилт ирдэг. Тиймээс ханш дээр анхаарал тавихаас өөр аргагүй нөхцөлд явж ирсэн. Энэ утгаар ханшийн огцом савлагааг үүсгэхгүй.

- Гадаад эх үүсвэр татсан банкуудад споп хэлцэл хийхэд нь Монголбанк дэмжлэг үзүүлнэ гэсэн.Энэ дэмжлэгийг талаар тодруулна уу?

-Манай банкуудын татсан гадаад эх үүсвэр эрс өссөн. Гол санаа нь урт хугацааны эх үүсвэрийг банкуудаар татуулах гол зорилго. 1-3 жилийн хугацаатай эх үүсвэр татах нь  нэмэгдэж үүнтэй холбоотойгоор банкуудад эрсдэл үүсэх учраас үүнээс сэргийлэхийн тулд бодлогын арга хэрэгжүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, гурван жилээс дээш урт  хугацаатай  эх үүсвэр татах нь эрсдэлээ бууруулж байгаа гэсэн үг. Ингэснээр гурван жилээс дээш эх үүсвэр татвал Төв банкнаас дэмжинэ гэсэн үг. 1-3 жилийн хугацаатай эх үүсвэр нь нэмэгдээд байгаа нь учраас тодорхой хэмжээгээр бодлогын арга хэмжээ авч байгаа юм. Нөгөөтээгүүр, ирэх жилүүдэд гадаад эх үүсвэрийг тогтворжуулах, үүнээс үүдэн системийн тогтвортой байдлыг хангах зорилготой.

Гэнэтийн шийдвэрт иргэд бухимддаг учраас ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Банкуудад ч гэсэн эртнээс бодож, төлөвлөх, бэлтгэлээ хангах зохион байгуулалт хийх хугацааг өгч байна. Эх үүсвэр татах нь өөрөө тодорхой хугацаа шаарддаг. Хэдийгээр өмнө татсан богино хугацаат эх үүсвэр нь банкуудад одоогоор эрсдэл үүсгэх хэмжээнд хүрээгүй ч ирээдүйд ирэх эрсдэлийг зохицуулагч банк урьдчилж харж бодлогын арга хэмжээ авч байна гэсэн үг.

-Гадаад харилцаанд Төв банк ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Төв банк гадаад харилцаан дээр нэлээд идэхтэй ажиллаж байгаа. Монгол Улсын Төв банканд гадаад талаас итгэх, итгэл үзүүлэх нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, манайд хөрөнгө оруулах, төгрөгөөр бонд гаргах, төгрөгт итгэх итгэл нэмэгдсэн. Тодруулбал, Олон улсын хөгжлийн байгууллага, Олон улсын банкуудаас орж ирэх эх үүсвэр нэмэгдэх чиг хандлагатай байна. Энэ нь манай аж ахуй нэгж, банкуудад сайн гэсэн үг. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр  нэмэгдэхийн хэрээр эрсдэлийн жин буурч эх үүсвэрийн зардал төдий хэмжээгээр буурна.

-Гадаадын банк байгуулах тухайд та юу хэлэх вэ ?

-Гаднын банк орж ирлээ гээд Монгол сүйрчихгүй, бид тусгаар тогтнолоо алдахгүй. Гэтэл зарим хүн гаднын банк орж ирсэн ч зээлийн хүү буурахгүй мэтээр ярьдаг. Яаж мэдээд байгаа юм бэ. Эхлээд ороод ирэг л дээ, ажиллаг, дараа нь үр нөлөөг ярилцъя. Ормузын хоолойн хямрал дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг дэлхий нийтээрээ таамаглаж чадахгүй байна. Харин манай зарим иргэн их сайн мэдээд, нийгмийн сүлжээнд бичдэг. Дотоодод хуримтлал  байхгүй тул манай банкууд өнгөрсөн онд гаднаас 800 орчим сая ам.долларын эх үүсвэрийг жилийн дунджаар 3-4 хувийн хүүтэй татсан байна. Тэгвэл гадаадын банк энэ хөрөнгө оруулалтыг үнэгүй хийнэ. Тэдний эх үүсвэрийн зардал 0 байна.

Ерөнхий сайд Н.Учрал банкны салбарт гадаадын банкийг оруулах цаг болсон гэж үздэг. Учир нь өрнөөс өрийн хооронд өдөр хоног өнгөрч, зээлийн өндөр хүү үнийн өсөлтөд шингэж бид илүүг төлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт 2025 онд 50 хувиар багассаныг онцолдог.  D.parliament.mn-д Банкны тухай хуулийн төслийг байрлуулж, иргэдээс санал авч байна. Банкны салбарыг либералчилна. Либералчилна гэхээр зөвхөн үнэ чөлөөлөх биш юм. Хуулиа ч сайжруулах хэрэгтэй. Гадаадын банкууд яагаад өнөөг хүртэл манайд цөөн байна вэ. Энэ салбар маш их зохицуулалттай, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Бид банк, газрын тос, эрчим хүчний салбаруудаа либералчлаагүй. Иймд одоо эдгээр салбар манай хөгжлийн тээг болчихлоо.Тиймээс банк байгуулах боломжийг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрэх журмыг тодорхой ил тод хялбар болгох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7824)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn