Тойм:Олон улсад болсон онцлох таван үйл явдал

0
хуваалцах
211
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ сарын гурав дахь долоо хоног дэлхийн хэмжээнд онцлох үйл явдал ихтэй болж өнгөрлөө. Их Британийн хатан хааныг оршуулах хүндэтгэлийн ёслолын бэлтгэл арга хэмжээ, ШХАБ-ын уулзалт, цар тахлын тархалт буурсан хийгээд зарим орны удирдагч огцорсон гэсэн олон чухал үйл явдал өрнөлөө. Эдгээрийг тоймлон хүргэж байна.

Есдүгээр сарын 12-ны даваа гараг

III Чарльз хааныг хүлээн зөвшөөрөх эсэх маргаан дэгдэв

Их Британийн хатан хаан II Элизабет энэ сарын 8-нд таалал төгслөө. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд энэ долоо хоногийг түүний талаарх мэдээлэл дунд өнгөрүүлж байна.  Хатан хааны орыг түүний хамгийн том хүү III Чарльз өвлөсөн. Гэвч III Чарльз хааныг Их Британийн хамтын нөхөрлөлийн 15 орон төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрөх үү эсвэл сонгуулиар сонгосон удирдагчаа төрийн тэргүүнээр өргөмжлөх үү гэсэн асуудал даваа гарагаас эхлэн олны анхаарлын төвд байна. Хамтын нөхөрлөлийн орон буюу “нэг улс” хэмээгддэг 15 орны зоос, мөнгөн дэвсгэртийг хатан хааны дүрс чимдэг юм.

Австрали болон Шинэ Зеланд улсууд бүгд найрамдах засаглалтай болохыг дэмжих ч хатан хаан нас барсантай холбоотой бүтцийн өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдээд байна.  Тухайлбал,  Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн “Манай улс болон Их Британийн хааны гэр бүлтэй харилцах харилцаа илүү гүнзгийрнэ” гэж ярьжээ. Тэрбээр энэ сарын 19-нд болох хатан хааны оршуулах ёслолд оролцох юм.

Харин Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших Антигуа болон Барбуда гэсэн арлын жижигхэн орнууд бүгд найрамдах засаглалд шилжих, III Чарльз хааныг төрийн тэргүүнээрээ өргөмжлөхгүй байх асуудлаар ойрын гурван жилийн хугацаанд бүх нийтийн санал асуулга явуулахаар болжээ. Мөн Ямайка улс тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа хааны гэр бүлийнхэнд илэрхийлжээ. Тус улсын Үндсэн хуулийн асуудал хариуцсан сайд нь дараагийн 2025 оны бүх нийтийн сонгуулиар Ямайка улс бүгд найрамдах засаглалтай болох учир үндсэн хуулиа өөрчлөх хороо байгуулахаа мэдэгдээд байна.

Есдүгээр сарын 13-ны мягмар гараг

ДЭМБ:Цар тахалд “баяртай” гэж хэлэхэд ойртлоо

COVID-19 цар тахлын тархалт анх бүртгэгдсэн үеэсээ хамгийн бага түвшинд хүрлээ гэж ДЭМБ-аас мэдэгдэв. Нас баралт ч мөн адил хамгийн бага түвшинд хүрсэн нь цар тахал дуусахад ойрхон байна гэдгийг ДЭМБ-ын тэргүүн онцлов.

Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус “Цар тахал албан ёсоор дуусаагүй ч төгсгөл нь ойрхон байна. Одоо илүү шаргуу хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэх цаг болсон” гэв.НҮБ-ын Эрүүл мэндийн агентлагаас мэдээлснээр энэ долоо хоногт дэлхийн хэмжээнд 11 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 22 хувиар буурчээ.Гэхдээ одоо бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 90 орчим хувийг омикроны BA.5 хувилбар эзэлж байна.

Тодруулбал, Хятадын баруун зүгийн Шинжаань мужийн нэг хотод COVID-19-ийн тархалтаас үүдэн 40 гаруй хоног хөл хорионд орсны улмаас зайлшгүй шаардлагатай эм тариа болон бусад хэрэгслийн дутагдалд орж хоол хүнсний нөөц дууссан гэсэн асуудалтай тулгарчээ.

Есдүгээр сарын 14-ний лхагва гараг

Казахстан нийслэл хотынхоо нэрийг Астана болгоно

Казахстан улс нийслэлийн хотынхоо нэрийг Нурсултан болгон сольсоноос гурван жилийн дараа өмнөх нэрээ буцаан сэргээхээр зөвлөлдсөн талаар тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев лхагва гарагт мэдэгдэв. Тодруулбал, өмнөх ерөнхийлөгчийн нэрээр нэрлэсэн хотын нэрийг өөрчлөх санал гаргасан УИХ-ын хэсэг гишүүдийн саналыг Токаев хүлээн авсан байна. Тэрбээр 2019 онд ерөнхийлөгч болж, хуучин ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг огцорсны дараа улсынхаа нийслэл хотын нэрийг өөрчилж, Астана болгохыг уриалж байлаа.

ЗХУ-ын засаглалын дор байсан Казахстан улс 1991 онд тусгаар тогтносон. Энэ хугацаанд 30 жил улсаа удирдсан Назарбаев нийслэлээ Алматы хотоос Астана руу 1997 онд нүүлгэн шилжүүлсэн байдаг.

Есдүгээр сарын 15-ны пүрэв гараг

Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгөв

Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон огцрох өргөдлөө парламентынхаа даргад өргөн барьсан гэж пүрэв гарагт мэдэгдлээ. Ингэснээр тус улсын Засгийн газар бүтцээ өөрчлөх эрх нээгдлээ. Энэ ням гарагт болсон бүх нийтийн сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулах эрхийг өгсөн Шведийн “Moderate” намын дарга Ульф Кристерссоныг дараагийн ерөнхий сайд болж магадгүй хэмээн таамаглаж байна. Шведийн Засгийн газарт баруун жигүүрийн бүлэг олонх болсон учир дараагийн ерөнхий сайдыг сонгох юм.

“Moderate” намын дарга Ульф Кристерссон бүх нийтийн сонгуульд ялагдсан гэдгээ ерөнхий сайд Магдалена Андерссоны Соцаил Демократ нам хүлээн зөвшөөрсний дараа шинэ Засгийн газраа бүрдүүлэх ажлаа эхлүүлнэ хэмээн лхагва гарагт мэдэгдэж байлаа.

Шведийн Сонгуулийн ерөнхий хорооны хамгийн сүүлийн мэдээллээр “Moderate”, Христийн Ардчилсан болон Шведийн Ардчилсан, Либералууд намынхан 349 суудалтай парламентад 176 суудал, зүүн төвийн үзэл баримтлалтай намынхан 173 суудал авах төлөвөтэй байна. Цөөн саналыг тоолоогүй үлдсэн учир дээрх тоонд нэг их өөрчлөлт орохгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Одоо Шведийн иргэд Moderate” намын дарга Ульф Кристерссоны бүх шведчүүдэд зориулсан Засгийн газар байгуулахыг хүлээх л үлдлээ.

Есдүгээр сарын 16-ний баасан гараг

ШХАБ-ын хурлаар Путин, Ши Жиньпин нар тусгайлан уулзав

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-16-нд Узбекистан улсын Самарканд хотноо боллоо. Тус уулзалтад БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Энэтхэг, Казакстан, Пакистан, Тажикистан, Киргизстаны удирдагчид оролцож байна. Мөн Монгол, Беларусь, Ираны төрийн тэргүүнүүд ажиглагч орнуудыг төлөөлөн оролцож байгаа юм. Үүнээс гадна Армен, Азербайжан, Турк, Туркменистан улсын удирдагчдыг уулзалтын тусгай зочноор урьжээ.

Уулзалтын талаар Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев “ШХАБ-ын гишүүн орнууд дотны хөрш, найз, стратегийн түншүүд билээ. Тиймээс бид гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, үр өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Гурван жил орчим үргэлжилсэн цар тахлын дараа дэлхийн худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн салбар хүнд цохилтод орсон.Зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхийн худалдааны эргэлт буурах, хөрөнгө оруулалт багасах, эрчим хүчний хараат байдал үүсэх, хоол хүнсний хомсдол гэсэн олон асуудал үүсээд байна. Үүнээс гадна уур амьсгалын цочмог өөрчлөлт, байгалийн болон усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын тоо буурах, аюулт халдварт өвчний тархалт гэсэн бидэнд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй эмзэг байдлыг бий болголоо.Яг ийм үед ШХАБ-ын орнуудын шууд хамтын ажиллагаа нэн чухал” гэж ярьсан байна.Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үндсэн асуудал нь Украинд үүссэн хурцадмал байдал юм. ШХАБ-ын байгууллагын зарим орон Украинд үүссэн энэ асуудалд Оросыг эрс буруутгасан байр суурьтай байгаа юм.

Тус хурлын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар биечлэн тусгайлан уулзжээ. Уулзалтын үеийн талуудын уур амьсгал эерэг байсан гэж “Guardian” мэдээлэв. Тухайлбал В.Путин “Украинд үүссэн хурцадмал асуудалд бидний “найз” Хятад улс тэнцвэртэй байр суурьтай байгаад үнэхээр их баяртай байна. Хятадын удирдагчийн тус асуудалд санаа зовниж байгааг бид ойлгож байгаа. Хурлын үеэр өөрсдийн байр сууриа тайлбарлана” гэж ярьсан байна.

Эх сурвалж:Reuters, BBC, Guardian,CBS