
Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.АРИУНЧИМЭГ
Defence24 вэб сайтын 2026 оны 9-р сарын 6-ний өдрийн геополитикийн нийтлэл
Стив Виткофф, Жаред Кушнер нар зургаан сарын дараа Москва-Киевийн яриа хэлэлцээний шугамд эргэн орж ирлээ. Тэдний айлчлал том үр дүн үзүүлээгүй ч бараг зогсонги байдалд орсон яриа хэлэлцээний сувгийг дахин нээв. Цаг хугацаа чухал: ОХУ маш их хохирол амсаж, Украин улам бүр туйлдсан байдалтайгаар дайны дараагийн нэг өвөлд ойртож байна. Ийм үед нь Вашингтон цэргийн дарамтаас улс төрийн тохиролцоонд шилжих хангалттай орон зай байгаа эсэхийг шалгаж байна. Москвад болсон яриа хэлэлцээ гэнэт зохион байгуулагдаагүй. Талууд хэдэн сарын турш хэлэлцэж байж есдүгээр сарын эхэн үеийг яриа хэлэлцээнд эргэн орох таатай мөч гэж тооцоолов. Өмнө нь ОХУ нухацтай яриа хэлэлцээ хийх сонирхол багатай байсан бол Украин улс Барууны орнуудын цэргийн дэмжлэгээс ашиг хүртсээр байв. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр байна. Киев Оросын давшилтыг зогсоох чадавхитай хэвээр байгаа хэдий ч зэвсэг дутагдалтай, нөгөө талаар дайны талбарт дарамт шахалт бий болж, Европын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг Киев улам бүр мэдэрч байна.
Виткофф, Кушнер нар Москвад Владимир Путинтай гурван цаг гаруй хугацаанд уулзаж ярилцлаа. Оросын тал уулзалтыг ашигтай, бодитой гэж тодорхойлсон боловч гол асуудлууд дээр тохиролцоонд хүрээгүй. Москва эзэлж авсан Украины нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийх, Киевийг НАТО-д элсүүлэхгүй байх, зэвсэгт хүчээ хязгаарлах зэрэг үндсэн шаардлагаасаа ухраагүй байна. Тиймээс ч Путин дайны туршид Оросын тавьсан шаардлагаасаа ухраагүй, буулт хийсэн гэсэн мэдэгдэл хийгээгүй байна. Үүний зэрэгцээ Москвагийн уулзалт дайны талбараас цааш өргөн сэдвийг хамарчээ. Оросын албан тушаалтнууд АНУ-тай ирээдүйн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мөн ярьсан байна. Вашингтон зөвхөн фронтын шугам хаана зогсохыг хараагүй учраас энэ бол чухал асуудал юм. АНУ зөвхөн гал зогсоох эсвэл энгийн энхийн гэрээгээр хязгаарлагдахгүй, гал зогсоох хэлэлцээр, урт хугацааны энхийн гэрээ, Украины аюулгүй байдлын баталгаа, Орост тавьсан хориг арга хэмжээг хөнгөвчлөх эсвэл цуцлах, эдийн засгийн харилцааг хэвийн болгох, ирээдүйд АНУ–Оросын хамтарсан том төслүүд (эрчим хүч, хөрөнгө оруулалт гэх мэт) зэргийг яриа хэлэлцээний багц асуудал болгохыг зорьж байгаа. Киевт хийсэн энэ удаагийн айлчлал ч мөн адил чухал ач холбогдолтой. Виткофф, Кушнер нарын хувьд АНУ-ын хэлэлцээний төлөөлөгчийн хувиар Украинд хийсэн анхны албан ёсны айлчлал байв. Тэд Москвагаас Киевт ирэхдээ АНУ-ын шинэчилсэн саналуудыг Виткоффын хожим нь тодорхойлсноор "шинэ санаанууд"-ыг авч ирсэн юм. Киев АНУ-ын энэхүү саналуудыг няцаасангүй. Зеленский Украин улс яриа хэлэлцээнд бэлэн байгаа төдийгүй дайныг аль болох хурдан дуусгахыг хүсч байгааг тодорхой илэрхийлсний зэрэгцээ аливаа энх тайван нь Украиныг өөрийгөө хамгаалах чадвартай хэвээр байлгах аюулгүй байдлын баталгаа, нөхцөлийг багтаасан байх ёстой гэдгийг давтан хэлэв. Гол зөрчилдөөн үүсгэж буй нөхцөл нь энэ юм. Орос улс Украиныг НАТО-гийн гадна хүчгүй үлдээхийг хүсч байгаагын зэрэгцээ дайтаж эзэлж авсан Украины газар нутгийг ОХУ-ын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөхийг урьдын адил шаардаж байна. Харин Украин улс хүчирхэг армиа хадгалах, гадаад аюулгүй байдлын баталгаа авах, зөвхөн Москвад хүчээ сэргээх хугацаа өгөх тохиролцооноос зайлсхийхийг хүсч байна. Тиймээс газар нутгийн асуудал ялангуяа Донбасс хамгийн хэцүү нөхцөл хэвээр байна. Хэрэв яриа хэлэлцээ эцсийн шатанд шилжвэл хамгийн хэцүү шийдвэрүүдийг улс төрийн удирдагчдын түвшинд гаргах шаардлагатай болно.
Киевт болсон уулзалтаас АНУ нэгэн зэрэг хоёр хувилбар дээр ажиллаж байгаа нь тодорхой байна. Нэг нь улс төрийн тохиролцоонд хүрэх явдал. Нөгөө нь хэлэлцээ бүтэлгүйтвэл Украиныг дахин нэг өвлийн дайнд бэлтгэх явдал юм. Тиймээс агаарын довтолгооноос хамгаалах Патриотууд, пуужингийн довтолгооноос хамгаалах онгоц, эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэ нь чухал ач холбогдолтой юм. Вашингтон энх тайван тогтоох яриа хэлэлцээний сувгийг дахин нээж байгаа хэдий ч энх тайван хэдхэн хоногийн дараа тогтох юм шиг аашлахгүй байна.
Одоогийн үйл явц нь АНУ ийм хэмжээний яриа хэлэлцээг удирдах чадвартай цорын ганц оролцогч хэвээр байгааг баталж байна. Франц, Герман, Их Британи зэрэг Европын улсууд хэлэлцээнд оролцож, улс төрийн хувьд чухал хэвээр байгаа ч тэд энэ үйл явцыг удирдан манлайлахгүй байгаа. Турк улс зуучлах үйл явцад гол үүрэг роль гүйцэтхээ больсон, Арабын орнууд ч мөн адил. Хүсэл зоригийн Эвсэл нөлөөтэй боловч Орос-Америк-Украины хооронд үндсэн яриа хэлэлцээг явуулахад хүч чадавхийн хувьд хязгаарлагдмал. Украины хувьд цаг хугацаа улам бүр чухал болж байна. Киев Оросыг эсэргүүцэх чадвартай хэвээр байгаа ч зэвсгийн хомсдол, дотоод авлигын хэрэг, дайны эхэн үед зайлшгүй шаардлагатай байсан зарим улстай улс төрийн харилцаа улам хүндэрч байна. Зеленский мөн Герман, Францад болж буй улс төрийн өөрчлөлтүүдийг ажиглаж байна. Тиймээс Украин хүнд хэцүү ч цөхрөлгүй байр сууринаас хэлэлцээ хийх хангалттай цэргийн хүч чадалтай байгаа дээрээ тохиролцоонд хүрэх шаардлагатай. Польш болон Балтийн Тэнгисийн улс орнуудын үүднээс авч үзвэл Америкийн үүрэг онцгой чухал юм. Эдгээр улсууд Украинд өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлсэн анхны улсуудын нэг байсан бөгөөд Оросын цэргийн дарамт, хосломол дайны ажиллагаа, чухал дэд бүтцэд учирч болзошгүй аюул занал зэрэг дайны үр дагаварт шууд өртсөөр байна. Энэ есдүгээр сард АНУ-ын төлөөлөгчид НАТО-гийн зүүн жигүүрт АНУ-ын цэргийн хүчний байршил, байршуулах үйл явц зэрэг өргөн хүрээтэй аюулгүй байдлын хамтын ажиллагааг хэлэлцэх зорилгоор тус бүс нутагт айлчлах төлөвтэй байна.
Украины асуудлаар ирээдүйд ямар нэгэн тохиролцоонд хүрвэл Төв болон Зүүн Европын цэргийн хүчний тэнцвэрийн асуултууд шууд хөндөгдөх болно. Польш, Литва, Латви, Эстони улсууд гал зогсоох эсвэл улс төрийн хэлэлцээрт хүрсний дараа Америкийн цэргийн байр суурь ямар байх, одоо байгаа цэргийн байршлууд хэвээр үлдэх эсэх, хэрэв Орос цэргийн чадавхаа сэргээн босгож эхэлбэл бүс нутагт нэмэлт хүч хэр хурдан таран байршиж болохыг мэдэхийг хүсэх нь гарцаагүй. Гэсэн хэдий ч Польш болон Балтийн орнууд үл тоомсорлож болохгүй өөр нэг асуудал бий. Дайны талаар хэлэлцээний ширээнд суусан Орос бол хорлон сүйтгэх, терроризм, хосломол халдлагад илүү их орон зай гаргаж өгдөг Орос юм. Хэлэлцээ хийх нь Оросын Европ дахь дарамт алга болно гэсэн үг биш юм. Москва нэг хэлбэрийн хурцадмал байдлыг бууруулж, нөгөө хэлбэрийг нь нэмэгдүүлж чадна. Тийм ч учраас Москва, Киевт гарсан аливаа ахиц дэвшил нь Зүүн Европ илүү их сонор сэрэмжтэй байхаас аргагүй болгох юм. ОХУ нутаг дэвсгэрийн талаар хэлэлцээ хийж, гал зогсоохын хажуугаар НАТО-гийн орнуудын дотор хорлон сүйтгэх, сатааруулах, кибер ажиллагаа явуулах, төлөөлөгчдийг элсүүлэх ажлыг нэмэгдүүлж болзошгүй юм. Орос улс дайн зогсоох хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа харуулах тусам Польш, Балтийн орнууд Москва далдуур юу хийж байгааг илүү анхааралтай ажиглах шаардлагатай болно.
Эх сурвалж: https://defence24.com/geopolitics/us-envoys-reopen-the-peace-channel
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 168 (7910)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn