З.ЦЭЦЭГ

 

Иордан голын баруун эрэг дэх еврей суурингуудад хориг арга хэмжээ авах тухай Лондон хотын шийдвэрийн хариуд Израиль улс Иерусалим дахь Британийн консулын газрыг хаахаар болсныг Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар мэдэгдэв.

Мягмар гарагт Британийн Гадаад хэргийн сайд Эд Милибэнд олон улсын эрх зүйн дагуу хууль бус гэж тооцогддог Иордан голын баруун эрэг дэх еврей суурингуудтай худалдаа хийхийг хориглож буйгаа зарлалаа. Лондон хот эдгээр сууринд үйл ажиллагаа явуулж буй компаниудын эсрэг арга хэмжээ авч, тэдгээртэй холбоотой аливаа бараа, үйлчилгээний сурталчилгааг хориглоно гэдгийг тэрээр онцолсон байна. Милибэндийн хэлснээр, Израиль улстай (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарынхаа хүрээнд) хийх худалдаанд хязгаарлалт тогтоохгүй ажээ.

Саарын үзэж буйгаар, Их Британийн Лейборист засгийн газраас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд болон Израилын эсрэг чиглэсэн өрөөсгөл, нэг талыг барьсан мэдэгдлүүд нь Британийн еврейчүүдийн эсрэг чиглэсэн антисемит халдлагын урьд өмнө байгаагүй өсөлтөд ихээхэн нөлөөлжээ. Мөн тэрээр Лондонгийн авсан эдгээр арга хэмжээ нь аравдугаар сарын сүүлчээр болох Израилын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэг болж байна гэдгийг онцолсон байна.

"Их Британийн Лейборист засгийн газраас авч хэрэгжүүлсэн шинэ хориг арга хэмжээний эсрэг Израилийн зүгээс авах хариу арга хэмжээний хүрээнд би Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн зөвшөөрлөөр Иерусалим дахь Британийн консулын газрыг хаахаар шийдвэрлэлээ" гэж Саар мэдэгдэв.

Израилийн авах өөр нэг хариу арга хэмжээ бол Кирьят-Гат хотод байрладаг, Газын зурвас дахь нөхцөл байдлыг хянах болон тусламж үзүүлэх олон улсын төвөөс Британийн төлөөлөгчдийг гаргах явдал юм гэж сайд онцоллоо.

Израилийн авч буй хариу арга хэмжээнд Баруун эрэг дэх Палестины Засаг захиргааны хүчнийг сургах Британийн талын үйл ажиллагааг зогсоох алхам мөн багтаж байна. Өөр нэгэн хариу арга хэмжээ бол антисемит болон Израилийн эсрэг үйл ажиллагаанд оролцсон Британийн сонгогдсон 12 албан тушаалтан болон бусад иргэнийг Израильд нэвтрэхийг хориглох явдал юм.

Их Британи улс өмнө нь Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир, Сангийн сайд Безалел Смотрич нарт, мөн тэдэнтэй холбоотой хэт даврагч үзэлтэй суурьшигчид болон байгууллагуудад хориг арга хэмжээ авч байсан.

Иордан голын баруун эрэг дэх Израилийн суурьшлын үйл ажиллагаа нь тус улсын олон улсын хамтын нийгэмлэг болон Палестины Засаг захиргаатай харилцах харилцаанд томоохон асуудал болж байна. Түүнчлэн, еврейчүүдийн суурьшлын үйл ажиллагааг Палестины газар нутагт еврей улсын байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого гэж үздэг палестинчуудтай энх тайван тогтоох үйл явцад эдгээр үйлдэл нь саад тотгор учруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7912)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn