Д.АРИУН

Киргизийн нийслэл Бишкек энэ өдрүүдэд олон улсын хэвлэлийн анхаарлын төвд байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалт болж байгаа энэ үед зэрэгцээд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам болж байна. Наадмын нээлт нь наймдугаар сарын 31-нд болж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад ирсэн төр засгийн тэргүүнүүд оролцов. Өмнө нь Киргизийн хэвлэлд Дэлхийн нүүдэлчдийн наадмыг шууд дамжуулах талаар Орос, Монгол зэрэг орны телевизүүд санал тавьсан тухай мэдээлж байсан.

Монголын Үндэсний олон нийтийн телевиз өчигдөр орой наадмын нээлтийн үйл ажиллагааг шууд дамжуулав. Нүүдэлчдийн наадмын нээлт болсон “Бишкек Арена” стадион зөвхөн монгол үзэгчдийн төдийгүй бүс нутгийн улс орнуудын хэвлэлүүдийн анхаарал татсан сэдэв болж байна. Тиймээс энэ талаар мэдээллийг  бэлтгэн хүргэж байна.

Киргизийн нийслэл Бишкек хотын баруун өмнөд хэсэгт, Орок тосгоны орчимд барьсан “Бишкек Арена” стадион 51 мянган үзэгч хүлээн авах хүчин чадалтай  бөгөөд багтаамжаараа Төв Азийн хамгийн том стадион болж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Анхны томоохон арга хэмжээгээ энэ цэнгэлдэх хүрээлэнд энэ удаа хийсэн ч албан ёсны нээлт нь аравдугаар сарын 5-нд болох аж.

 

35 мянган суудлаас 51 мянга хүртэл

“Бишкек Арена”-гийн шавыг тавих ёслол 2023 оны наймдугаар сарын 30-нд  болж, тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров оролцсон байна. Анхны зураг төслөөр 35 мянган хүний суудалтай, 109 мянган ам метр талбай бүхий цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөжээ.

Барилгын ажил 2024 оны хоёрдугаар сарын 25-нд эхэлжээ. Төслийн захиалагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Кыргызстройсервис” төрийн өмчит байгууллага, гүйцэтгэгчээр “Ордо курулуш компани”, зураг төслийн байгууллагаар “Градстройресурс” ажилласныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Стадионы хүчин чадлыг эхлээд 45 мянга, 2025 оны эхээр 51 мянга болгон нэмэгдүүлсэн байна. Үүнийг Азийн хөлбөмбөгийн холбооны шаардлагатай холбон тайлбарласан байдаг ба  Азийн цомын тэмцээний нээлтийн тоглолт, шигшээ тоглолтыг хүлээн авах стадион дор хаяж 50 мянган хүний суудалтай байх ёстой аж.

Дашрамд дурдахад, Киргиз, Узбек, Тажик улс 2031 оны Азийн цомыг хамтран зохион байгуулах урьдчилсан хүсэлт гаргасан ч, тэмцээнийг хүлээн авах стадионуудын эцсийн жагсаалт одоогоор батлагдаагүй байгаа билээ.

Стадионы нэр ч барилгын явцад өөрчлөгджээ. 2025 оны аравдугаар сард “Азаттык Арена” гэж нэрлээд байсан бол мөн оны арванхоёрдугаар сард “Бишкек Арена” болгон өөрчилсөн байна.

 

280 метрийн диаметртэй аварга байгууламж

“Бишкек Арена” 280 метрийн диаметртэй, 70 метрийн өндөртэй. Хөлбөмбөгийн талбай нь олон улсын стандартын дагуу 105х68 метрийн хэмжээтэй.

Барилга нийт найман түвшинтэй бөгөөд гурван давхар нь газар доор, тав нь газрын дээр байрладаг. 51 мянган суудлын 47 800 нь стандарт суудал бол үлдсэн хэсэг нь VIP зочид, төлөөлөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд зориулагджээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн өөрийн талбай 85 мянган ам метр. Үүн дээр зогсоол болон техникийн бүс 60 мянга, худалдааны бүс 35 мянган ам метр талбай эзэлнэ. Ингэснээр эдгээр гурван хэсгийн нийлбэр талбай 180 мянган ам метр болж байна.

Гэхдээ нийт талбайн талаар хэвлэлүүдэд 190 мянган ам метр гэсэн тоо ч гардаг.  Тус улсын төрийн байгууллагуудын хамгийн сүүлд нийтэлсэн мэдээлэлд энэ тоо албан ёсоор баталгаажаагүй байна.

Багтаамжаараа “Бишкек Арена” нь бүс нутгийн бусад томоохон стадионуудаас давж байна. Тухайлбал, Туркменистаны Олимпын стадион 45 мянга орчим, Узбекистаны “Пахтакор” 35 мянга, Казахстаны “Астана Арена” 30 мянга гаруй үзэгч хүлээн авах хүчин чадалтай.

 

Төсөв нь хэд болсон бэ?

“Бишкек Арена”-гийн барилгын эцсийн өртөг одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна. Ерөнхийлөгч Садыр Жапаров наймдугаар сарын 26-нд стадионыг улсын төсвийн хөрөнгөөр бүрэн барьсан гэж мэдэгдсэн боловч нийт хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсныг зарлаагүй.

Албан ёсны мэдээллээс тодорхой байгаа хамгийн сүүлийн тоо нь 2024 оны дөрөвдүгээр сард зарлагдсан 21 сая ам.доллар гэдэг тоо юм. Тухайн үед энэ хөрөнгийг зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд төрд буцаан төвлөрүүлсэн хөрөнгийн сангаас гаргасан гэж  хэвлэлүүд мэдээлж байжээ. Гэхдээ 21 сая ам.доллар нь тухайн үед барилгын ажилд олгосон хөрөнгө болохоос стадионы эцсийн өртөг биш гэдгийг тодотгох  нь зүйтэй.

Хэвлэлүүдэд 60 сая ам.доллар, 12.681 тэрбум сом гэсэн өөр тоонууд ч дурдагдсан байна. Гэвч эдгээрийг Киргизийн төрийн байгууллагууд эцсийн барилгын өртөг хэмээн албан ёсоор баталгаажуулаагүй байна.

 

Киргизийн уламжлалт гэрийн хэлбэрийг архитектурын шийдэлд  ашигласан

“Бишкек Арена”-гийн архитектурын шийдэлд Кыргызстаны үндэсний ахуй, уламжлалыг тусгажээ. Стадионы дээвэр нь киргиз гэрийн тооно буюу түндүк-ийг санагдуулахуйц хийгдсэн бол гадна фасадын хийцэд гэрийн ханын торон бүтэц болох кереге-гийн хэлбэрийг ашигласан байна. Барилгын найман функциональ блок ч уламжлалт сууцны бүтцийн хэсгүүдтэй бэлгэдлийн хувьд холбогддог байна.

Стадион 26 орцтой бөгөөд үзэгчдийг 15 минут орчимд суудалд нь оруулах боломжтой гэж зураг төсөл боловсруулагчид тооцжээ. Мөн фасад нь арга хэмжээний онцлогоос хамааран өнгө, дүрслэлээ өөрчлөх динамик гэрэлтүүлгийн системтэй.

Цэнгэлдэх хүрээлэнд олон улсын шаардлагад нийцсэн эрлийз зүлэг, орчин үеийн LED гэрэлтүүлэг, ойролцоогоор 3600 автомашины багтаамжтай битүү зогсоол, VIP лож, баг тамирчид, хэвлэл мэдээлэл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэсгүүдийг байгуулсан.

 

Зөвхөн хөлбөмбөгийн талбай биш

“Бишкек Арена” нь зөвхөн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах зориулалттай биш. Спортын бусад тэмцээн, концерт, төрийн ёслол, олон улсын болон соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулах боломжтой олон зориулалттай цогцолбор юм.

Цогцолборын нэг хэсэгт гурван давхар Bishkek Arena Mall байгуулахаар төлөвлөжээ. Тэнд супермаркет, кино театр, хоолны газар, ресторан, кафе, дэлгүүр болон үзвэр үйлчилгээний газрууд ажиллана гэсэн үг. Худалдааны төвөөс олох орлогыг стадионы ашиглалт, засвар үйлчилгээ болон дэд бүтцийн шинэчлэлд зарцуулахаар төлөвлөсөн гэж хэвлэлүүдийн мэдээнд дурджээ.

Ийнхүү Киргиз улс спортын томоохон тэмцээнээс гадна олон улсын хэмжээний концерт, төрийн ёслол, соёлын арга хэмжээ зохион байгуулах шинэ төвтэй болж байна. Тэгэхдээ бүр гэр хэлбэрийг ашигласан архитектурын шийдэл бүхий.

Монголд хэзээ ийм дэлхийн хэмжээний дуучин, хамтлагууд тоглох, хөлбөмбөгийн томоохон тэмцээн зохион байгуулах шаардлага хангасан цэнгэлдэх хүрээлэнтэй болох бол??

Эх сурвалж: zms.mn