Г.Бямбасүрэн: "Ноён эмэгтэй" намайг илүү задалж, хурцалсан

0
хуваалцах
419
үзсэн

П.АМГАЛАНБАЯР

 

Киноны нэг амин сүнс бол яах аргагүй зохиол билээ. Эмзэг нандин хэрнээ, хүчирхэг эмэгтэйчүүдийн түүхийг сонирхолтойгоор  харуулсан “Ноён эмэгтэй” уран сайхны киноны зохиолчоор ажилласан “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэнг  “Өөр зочин” буландаа урьж, ярилцлаа.

 

-“Ноён эмэгтэй” киноны зохиолыг үргэлжилсэн үгийн нэрт зохиолч С.Жаргалсайханы “Бид эрчүүдийг хүснэ” жүжгээс сэдэвлэсэн гэсэн. Жүжигт дөрвөн эмэгтэй тухай өгүүлдэг. Харин та кино зохиолоо бичихдээ дүрээ  олон болгож задалсан нь сонирхолтой санагдлаа?

-“Бид эрчүүдийг хүснэ” жүжгийн зохиол БНСУ-ын шоронд хоригдож байгаа эх орноо санасан,  зовлон, шаналалыг туулж яваа дөрвөн эмэгтэйн тухай  өгүүлдэг. Миний хувьд кино зохиолд ажиллахдаа арав гаруй дүр болгож задалж бичсэн. Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч С.Жаргалсайхан гуайн жүжгээрээ дамжуулж илэрхийлж буй утга санаа үнэхээр гайхалтай.

Энэ нь дүрийн задаргаа хийж зохиолоо бичих хөшүүрэг боллоо. Киноны үйл явдал жүжгийн зохиолоос өөр боловч хэлэх гэсэн санаа утга агуулга нэг.

Хувьсал” продакшн драма төрлөөр  кино, тайз дэлгэцийн уран бүтээл хийдэг. Харин  энэ удаад Монголд анх удаа эмэгтэй айкшн драма төрлийн “Ноён эмэгтэй” уран сайхны киног хийж байгаагаараа онцлог.

-Өмнө  уг зохиолоор  “Хувьсал” продакшн тайзны жүжиг хийсэн. Хэзээнээс  дэлгэцийн уран бүтээл  болгохоор зорив?

-Тухайн үед ерөнхий продюсер Н.Цоггэрэл ах “Өнөөгийн нийгэмд хүчирхэг эмэгтэйчүүдийн манлайлал давамгайлж,  эмэгтэйчүүдийн эрх хөндөгдөж  байна. Тиймээс  нийгэмд  дуу хоолой болохын тулд энэ уран бүтээлийг  кино болгоё” гэсэн. Үүнийг У.Уранчимэг эгч болон багийн хамт олон дэмжиж жүжгийн зохиолыг кино  зохиол болгох ажилд орсон.

Би өмнө нь “Тэнгэрээс буусан од” киноны зохиолд ажилласан. Тэр үед Урнаа эгч дараагийн киноны зохиол дээр ажиллах үүргийг надад өгсөн юм. Би анх “Бид эрчүүдийг хүснэ” жүжгийн зохиолыг уншаад уйлах, инээх, баярлах бүхий л мэдрэмжийг авсан. Өмнө тайзны жүжгээр үзэгчдэд хүрч байхад Урнаа эгчийн  уншдаг монологиийн хэсэг сэтгэлд хүчтэй буусан л даа. Учир нь шоронд  хоригдож байгаа эмэгтэйчүүдийнхээ зовлон, баяр гунигийг  нь хуваалцахын тулд эрэгтэй хүний үүднээс монологи  уншдаг юм. Кинон дээр ч гэсэн энэ хэсэг гарна. Энэ хэсэгт киноны нэг утга санааг зангидсан.

-Киногоор эрхээ хасуулсан эмэгтэйчүүдийн тухай эмзэг сэдвийг хөнджээ. Судалгаа их хийсэн байх?

-Тэгэлгүй яахав. Жил гаруй хугацаанд кино зохиолоо бичсэн. Энэ үедээ давхар судалгаа хийсэн. Кино зохиолын үг хэллэг, үйлдлийг илүү бодитой болгохын тулд судалгаа их чухал. Монголын болон гадны шоронд болж байсан бодит байдлаас сэдэвлэн бичсэн бичвэр,  зохиолыг  уншсан.   Кино зохиол цаг хугацааны хувьд өнөөгийн нийгэмд болж байгаа үйл явдал биш учраас  одоогийн шоронгийн  нөхцөл байдал өөр. Тиймээс  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаныхантай уулзаж, зөвлөлдсөний үндсэн дээр, үйл явдалаа  2000 оноос өмнөх  болгож, судалгааныхаа дагуу он цагийг нь шилжүүлж бичсэн. Учир нь 2000 оноос өмнө нийгмийн  уур амьсгал, ялангуяа шоронд байсан хүмүүсийн хувьд өлсгөлөнтэй, өрсөлдөөнтэй цаг үеийг туулдаг байсан нь судалгаагаар харагдсан. Тиймээс үг хэллэг, үйлдэл цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Гэсэн ч киноны өнгө төрхийг  илүү шинэлэг,  хүмүүст сонирхолтой байлгах үүднээс баялаг болгохыг зорьсон. Уг киноны зохиол бодит хэн нэгний амьдралыг харуулаагүй, уран сайхны кино  учраас тухайн нөхцөл байдлыг сонирхолтой болгохыг хичээсэн. Гэхдээ бодит амьдралд ойр. Жүжигчний мэргэжил хүн судалдаг. Эргэн тойрон  дахь зүйлсийг ажиглаж, өөртөө тусгаж, мэдрэх хэрэгтэй. “Ноён эмэгтэй”  кино бодит түүхээс сэдэвлээгүй ч амьдралаас олж харж, бичигдсэн дүрүүд ч бий. Цар тахлаас үүдэж хоёр жилийн дараа кино үзэгчдэд хүрч байгаа ч тэр хугацаанд илүү сайжруулсан. “Ноён эмэгтэй” 400-500 хүний сэтгэл, хүч хөдөлмөр шингэж бүтсэн кино.

-Анх кино зохиолоо бичиж эхлэхэд ямар мэдрэмж төрөв.  Хэрхэн зохиолдоо орж, амьдарч гарсан бүтээл вэ?

-Эхлээд өөрөө кино зохиолынхоо ерөнхий шугамыг гаргаад дараа нь хамт олноороо уншаад, чиглүүлээд явсан. Бид бүгдийн хамтын бүтээл. Зохиолоо бичих явцдаа сэтгэлзүйн хувьд тодорхой хэмжээний хямралд орсон. Эргэн тойрон дахь юмнаас цочих, хүнийг харахаар итгэхгүй цаана нь өөр  хүн нуугдаж байгаа юм шиг санагдаж, илүү мэдрэмтгий, түгшүүртэй болсон тохиолдол бий. Ганцаараа нам гүм орчин суугаад л зохиолоо бичдэг байлаа. Кино зохиол бичих явцдаа найруулагчдаа уншуулна, гологдоно гээд олон зүйл өрнөсөн. Зохиолыг бичиж эхлэхдээ “Зохиолоо дуусгачих юмсан, зохиолоо дууссаны дараа зургаа аваад эхлэчихвэл гээд  шатаж, догдолсон цаг хугацаа байсан. Кино зураг авалтад энэ зохиолоороо явна “төгсөв” гээд тавих мэдрэмж  үнэхээр гайхалтай.  “Ноён эмэгтэй” киноны далд суурьд ч тэр, ил хэсэгт ч хүмүүст хүргэх гэсэн олон санаа оршиж байгаа.  Үүнийг хүн бүр өөр өөрсдийнхөө өнцгөөс ойлгоосой. Хамгийн чухал нь эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Эмэгтэй хүний амьдралд эрэгтэй хүн ямар  чухал юм бэ.  Эрэгтэй хүний түшиг, хайр халамж үгүйгээс эмэгтэй хүн алдаж, онож,  амьдралаа нуруундаа үүрч явж байгаа юм шүү.  Хэн нэгнийхээ нуруун дээр илүү ачаа үүрүүлэхгүйгээр  эмэгтэй, эрэгтэй хүн хамтдаа амьдралаа  босгож, авч явах хэрэгтэй гэсэн нэг санааг мөн зангидсан.

-Та кино зохиол бичихээс гадна Туул гэх эмэгтэй дүрд ажилласан. Таны дүр “Ноён эмэгтэй”-г хэрхэн тодотгох вэ?

-Хэдий шорон ч тэнд хүн л амьдарч байгаа  учраас  хайр сэтгэл бий. Хайр дурлалдаа хөтлөгдсөн,  гэгээлэг, эерэг үзэл бодолтой эмэгтэйн дүрд ажилласан. Мэргэжлийнхээ ажлыг хийсэн гоё цаг хугацаа байлаа.

-Та өмнө нь найруулагчаар ажилласан. Жүжигчин, найруулагч, зохиолч гэсэн мэргэжлийн  сайхан, хэцүүг аль алиныг мэддэгийн давуу тал нь юу байв?

-Харах өнцөг илүү өөрчлөгддөг. Сайн жүжигчид дүрүүдийн харьцаа, бүх зүйлийг тооцоолж хардаг. Харин найруулагч, кино зохиолч илүү цар хүрээтэй харах шаардлагатай болдог. Би хэдий жүжигчин мэргэжилтэй ч  бусад зүйлсийг суралцаад, хичээгээд яваа нь өөрийгөө илүү  хөгжүүлэхийг хүссэн. Би кино зохиолч биш,  зохиол бичих гэж хичээж  яваа  залуу уран бүтээлч. Мэдээж туршлага бага учраас судлах зүйл их байсан. Тиймээс байнга  бодож, бясалгаж, өөрийгөө их дайчилсан. Кино  маань олон  дүртэй учраас  дүр бүхнийг тод гаргахыг хичээсэн.

-Дахиад кино зохиол бичих төлөвлөгөө бий юу?

-Хэдий мэргэжлийн кино зохиолч биш ч гэсэн хичээвэл болох юм байна гэдгийг  мэдэрсэн цаг хугацаа байлаа. Бас хүмүүс надад итгэсэн учраас шантрахгүй хичээх хэрэгтэй. Тиймээс нэгэнт  эхэлсэн зүйлээ хүмүүс намайг хүлээн зөвшөөртөл кино зохиол бичиж, өөрийгөө  бүх талаар хөгжүүлэхийг зорьж байна. Залуу хүн  өөрийгөө сорьё, хөгжүүлье гэж бодож байвал хөрвөх чадвартай  байх ёстой. Жүжигчний хувьд намайг хувиргах  дүрд тоглохыг хүсдэг.

-Та мюзиклийн жүжигчин  мэргэжилтэй.  Энэ төрөл Монголд сайн хөгжөөгүй юм шиг санагддаг?

-Тийм шүү. Монголд хөгжимт жүжгийн төрөл сайн хөгжихгүй л байна. Оюутан  байхдаа “Парисын дарь эхийн сүм”,  “Кайтс” гэсэн  гайхалтай хөгжимт жүжигт ажилласан. Тайзны  бүтээл бүх зүйл нь амьд харилцаан дунд бий болдог. Харин дэлгэцийн уран бүтээл камерийн цаана өрнөж байгаа учраас өөрчлөх боломжтой. Гэхдээ урлаг гэдэг утгаараа нийгэм хүмүүсийн  амьдралд хүчтэй нөлөөлж байх ёстой. 

-Та гавьяат жүжигчин У.Уранчимэг болон “Хувьсал”  продакшнтай  олон жил хамтарч ажиллаж байна. Таныг олон талаас хөгжүүлэх гол хөшүүрэг болдог байх?

-Тэгэлгүй яахав. Урнаа эгч маань  үндсэн уран бүтээлчдээсээ гадна кино, арын албаны уран бүтээлчиддээ  үргэлж урам өгч, боломж олгодог. Уурлаж, инээж, баярлаж байгаа нь ил тодорхой хүн. Бүх зүйлийг нарийн төлөвлөдөг, шударга, хувийн зохион байгуулалт  шаардлага өндөртэй.  Энэ бүх зан чанараас нь  байнга суралцдаг. Хамтарч ажиллаад есөн жил болжээ. Бас гэрийнхэн маань намайг үргэлж дэмждэг. Аав ээж хоёр маань урлагт хайртай хүмүүс. Намайг урлагийн замыг сонгоход  хэзээ ч хорьж байгаагүй.  Дүү маань төгөлдөр хуурч мэргэжлээр сурч байна.

-Уран бүтээлч хүн зэмлэл, магтаалыг зэрэг даах  ёстой гэж Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай хэлсэн байдаг. Таны хувьд шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Уран бүтээлийн дараа  янз бүрийн шүүмж ирнэ. Тэр бүхнээс хэрэгтэйг нь өөртөө тусгаж авдаг.Магтаал, шүүмжид авах гээхийн ухаанаар хандаж байж цааш том алхмуудыг хийх байх. Анх жүжигчин мэргэжлээр төгсөний дараа  “Хайр” дуун дээр  ажиллаж байхад  нэг олны танил хүн “Мэргэжлээрээ л ажиллаач” гэж хэлж байсан. Тухайн үед  би муу дуулаад байгаа юм болов уу гэж эмзэглэсэн. Одоо бодоход  эмзэглэх шалтгаан байхгүй байсныг харж байна. Хэн нэгэн өөрт өгсөн зөвлөгөөг эмзэглэж хүлээж авна гэдэг хоцрогдсон үзэл.

 -Таны уран бүтээлдээ баримталдаг зарчим юу вэ?

-Хүнд төвөг болохгүй, өөртөө  үнэнч байхыг хүсдэг. Хүнд  төвөг удахгүйн тулд  үйлдэл, үг хэллэг, харилцаа,  биеэ авч явах байдал зөв байх ёстой шүү дээ. Харин уран бүтээлч хүн, тууштай, хөдөлмөрч байх ёстой. Учир нь уран бүтээлч хэмээх алдрыг зүүсэн бол  дагаад ирэх үүрэг хариуцлагыг нь хүлээх хэрэгтэй. Хүмүүсийн нүдэнд урлаг энгийн мэт харагдавч цаана  нь их хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн байдаг. Хийсэн зүйлийнхээ ард гарах  мөч бүхэнд би буруу замыг сонгоогүй юм байна, бид  чадлаа гэж боддог. Хэцүү, халширмаар,  орхиод явчихмаар цаг хугацаа их байдаг ч  тэр бүхэнд нураад байвал ард нь гарч чадахгүй шүү дээ.

-Уран бүтээл хийх явцад бэрхшээлтэй зүйл тулгарахад өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

.-Зорилгоо, тухайн зүйлийн үр дүнг бодох хэрэгтэй.  Аливаа  зүйл өрнөх хугацаа тэр бүр дардан байхгүй. Хэдий тухайн үед хэцүү байсан ч даваад гарсны дараа  илүү амттай байдаг. “Ноён эмэгтэй” кино яг тийм бүтээл байж чадлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)

Иргэн
Хавтгай нүүртэй, онин нүдтэй, хар үстэй ба шар арьстай Монголчууд яаж ичихгүй өөрсдийгөө сурталчлаад байна вэ?