Сөүл хотод 80 жилд тохиогоогүй хүчтэй аадар бороо орж, ноцтой түвшинд шилжжээ

0
хуваалцах
1376
үзсэн

Б.Хулангоо

Өнгөрсөн даваа  гарагт Өмнөд Солонгосын төвийн бүс нутаг, тэр дундаа нийслэл хотод нь хүчтэй аадар бороо орсны улмаас орон сууц, зам барилга байгууламж усанд автаж, багагүй хэмжээний хохирол амсаад байна.  Сөүлийн өмнөд хэсэгт цагт 100 мм-ээс илүү хурдацтай бороо орж, метро зогсоход хүрчээ.  Улмаар цахилгаан тасарч, нам дор газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.

Тус улсын Ерөнхий сайд Хан Дак Су холбогдох байгууллагуудад сонор сэрэмжтэй байж, эрсдэл өндөртэй газруудад эд хөрөнгийн хохирол учруулахаас урьдчилан сэргийлж,  байгаа бүхнээ дайчлан ажиллахыг үүрэг болгожээ.

Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийг Цаг уурын албанаас  нь өмнөх өдрөөс нь анхааруулж байжээ.  Анхааруулга мэдээнд “ Нийслэл болон баруун боомт, Инчон, Сөүл хотууд, хойд Ганвон муж, Кёнги мужийн хойд хэсгээр хүчтэй аадар бороо орно” гэдгийг дурьджээ. 

Одоогийн байдлаар Сөүлийн өмнөд хэсгийн Ганнам дүүрэгт байрлах автобусны буудлын зарим дэлгүүр усанд автжээ. Мөн Конвенц, Үзэсгэлэнгийн төвийн зарим байгууламжаас ус гоожсон гэж мэдээлжээ. Энэ нь тус бүс нутгийн сүүлийн 80 жилд тохиож байгаагүй хамгийн хүчтэй аадар бороо гэж цаг уурын албанаас мэдээллээд байгаа бөгөөд онцгой байдал, аврах ангийнхан бэлэн байдлын зэргийг ноцтой түвшинд аваад байна. Өчигдөр шөнийн байдлаар хүчтэй усархаг аадар бороо орсны улмаас долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй болоод байна.

Эх сурвалж:www.polit.mn