Д.АРИУН
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт: Бишкекийн эхний өдөр юу болов?
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын 25 жилийн ойн дээд хэмжээний уулзалт өчигдөр наймдугаар сарын 31-нд Киргизийн нийслэл Бишкек хотноо эхэлсэн. Энэ удаагийн уулзалтад ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдээс гадна бусад орны төлөөлөл өндөр төвшинд оролцож, байгууллагын цаашдын хөгжлийн чиглэл, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байна.
Уулзалтад нийт 17 улсын төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд ШХАБ-ын түүхэнд анх удаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш бүс нутгийн гол байгууллагуудын удирдагчдын хамт хүрэлцэн иржээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Бишкек хотноо 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Тухайлбал, ШХАБ-ын дүрэмд 25 жилийн түүхэнд анх удаа нэмэлт, өөрчлөлт оруулах, аюулгүй байдлын заналхийлэлтэй тэмцэх нийтийн төвийн дүрмийг батлах, Душанбе хотод Мансууруулах бодистой тэмцэх төв байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Мөн ажиглагч болон яриа хэлэлцээний түншийн одоогийн статусыг “ШХАБ-ын түнш” гэсэн нэг ангилалд нэгтгэх, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах талаарх зөвлөлдөх ажиллагааг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
ШХАБ-ын 25 жилийн ойн дээд хэмжээний уулзалтын эхний өдөр тус байгууллагын цаашдын шинэчлэл, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна Монгол Улсын хоёр талын харилцаанд хамаарах хэд хэдэн чухал уулзалт, хэлэлцээ өрнөсөн. Тодруулбал ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь гишүүн болон оролцогч орнуудын удирдагчдын хоёр талын уулзалтууд идэвхжсэн дипломат талбар болж байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт: Бишкекийн эхний өдөр юу болсныг zms.mn тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирсэн.
Тэрээр өчигдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.
ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.
Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.
Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.
Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэснийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.
Хятад-Киргизийн харилцааг шинэ шатанд гаргана

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровтай мөн уулзаж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Талууд уулзалтын дараа “Шинэ эрин үед Хятад, Киргизийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр чанартай хөгжүүлэх тухай” хамтарсан тунхаглал болон мөнхийн сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн хөрөнгө оруулалт, тээвэр, гаалийн хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг солилцсон байна.
Ши Жиньпин Хятад–Киргиз–Узбекистаны төмөр замын төслийг чанартай хэрэгжүүлэх, хилийн боомтуудыг шинэчлэх, сэргээгдэх эрчим хүч, ашигт малтмалын боловсруулалт, хиймэл оюун ухаан, технологийн инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалжээ. Мөн хоёр улс терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврагч үзэл, хар тамхи болон хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Ши Жиньпин: Хятад улс дэлхийн олон туйлт байдлыг урагшлуулахын тулд Оростой хамтран ажиллахад бэлэн байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай өчигдөр уулзах үеэрээ Хятад улс дэлхийн засаглалын шинэчлэлийг дэмжиж, тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг бүрдүүлэхийн төлөө Орос болон бусад улстай хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгдэв.
Тэрээр мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн чиглэлийг тодорхойлж, тогтвортой, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд Орос болон бусад талуудтай хамтран ажиллахыг хүсэж байгаагаа тэмдэглэсэн талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
В.Путин: Орос, Хятадын цогц түншлэл, стратегийн харилцан үйлчлэл нь улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын удирдагчтай уулзахдаа Балбын хил орчмын Хятадын Төвдийн өөртөө засах оронд болсон хөрсний гулсалтын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүл, найз нөхөддөө эмгэнэл илэрхийлсэн байна.
Хоёр орны хамтын ажиллагаа эдийн засаг зэрэг бүх салбарт амжилттай хөгжиж байна. "Бид эрчим хүч, аж үйлдвэр, сансар судлал, тээвэр, ложистикийн чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна" гэж Оросын ерөнхийлөгч тэмдэглэжээ. Тэрээр Хойд тэнгисийн замаар Хятадын контейнер зөөгч хөлөг онгоцны анхны тогтмол аялал наймдугаар сарын дундуур эхэлснийг дурджээ. Оросын төрийн тэргүүн хөдөө аж ахуйн харилцан экспорт 34 хувиар өссөнийг онцоллоо. "Хиймэл оюун ухааны технологи зэрэг дижитал инноваци нь манай орнуудын эдийн засгийн хөгжилд шинэ боломжуудыг нээж өгч байна" гэж В.Путин онцолсон байна. Түүний хэлснээр, Орос улс энэ чиглэлээр Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна. "Өнөөдөр өнөөгийн нарийн төвөгтэй геополитикийн орчинд Орос, Хятадын цогц түншлэл, стратегийн харилцан үйлчлэл нь улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байна. Эдгээр нь найрамдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх, тэгш байдал, харилцан ашигтай байх бат бөх уламжлал дээр суурилдаг" гэж Путин онцолсон гэж rg.ru мэдээлсэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Владимир Путинд хандан "дайныг зогсоохын тулд алхам хийхийг" уриалжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай ярилцахдаа Энэтхэг улс энхийн хэлэлцээ, мөргөлдөөнийг шийдвэрлэх дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжинэ гэж хэлсэн талаар DW агентлаг мэдээлжээ. "Бид төгсгөлгүй дайнаас төгсгөл рүү нь шилжих ёстой. Энэ бол Энэтхэгийн захиас. Бидэнд төгсгөл хэрэгтэй, төгсгөлгүй дайн биш" гэж Энэтхэгийн ерөнхий сайд Путинд хэлсэн талаар Энэтхэгийн хэвлэлүүд мөн мэдээлжээ.
Харин оросын rg.ru мэдээлэхдээ “Тэдний ярианы үеэр Моди Украины сэдвийг хөндөв. Тэрээр бүх асуудлыг энхийн замаар шийдвэрлэх ёстой гэж мэдэгдэж, "энэ чиглэлд шилжих"-ийг уриалав. Моди эдгээр бүх асуудлыг хэлэлцэхийг санал болгож, есдүгээр сард Шинэ Дели хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох Оросын ерөнхийлөгчийн айлчлалын талаарх хүлээлтийг хуваалцсан гэсэн байна.
Эх сурвалж: zms.mn