М.Намуун: Олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэж байна

0
хуваалцах
1547
үзсэн

П.АМГАЛАНБАЯР

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа ОУХМ, боксчин М.Намууныг урьж ярилцлаа. Тэрбээр “Парис-2024” олимпод эх орноо төлөөлж оролцох Үндэсний шигшээ багийн гишүүнээр сонгогдож, бэлтгэлээ базааж байна.

 

-Шигшээ багийн тамирчид саяхан тангараг өнгөрсөн. Таны хувьд боксын тамирчдаа төлөөлж, тангараг уншсан. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ? 
-Би анх 2017 онд Үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдсон. Үүнээс хойш таван жилийн дараа боксын тамирчдаа төлөөлж тангараг өргөхөд сэтгэл их хөдөллөө. Тамирчид өөрсдийн үүрэг хариуцлагаа дор бүрнээ ухамсарлаж, эх орныхоо ахуй соёл, ёс заншлыг олон улсад таниулахыг зорьдог. Харин нэг тангараг дор  нэгдэж зорилгоо чандлан биелүүлэхээ тангараглаж, тангарагтай болсонд баяртай байна.

 


-Та 14 настайдаа боксоор хичээллэж эхэлсэн гэлээ. Боксын спортод эргэлт буцалтгүй дурлаж, тууштай байхад тань юу нөлөөлөв?
-Би 2013 оноос анх  боксоор хичээллэж эхэлсэн. Тэр үед би гар утсаа дээрэмдүүлсэн юм. Гэтэл  аав ээж хоёр маань эмэгтэй хүүхэд биеэ хамгаалж сурах хэрэгтэй гээд боксоор хичээллэхийг санал болгосон. Эхлээд биеэ хамгаалах зорилгоор хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд боксын спортын олон сайхан чанар нь намайг татсан. Бас бокст дурлаж, тууштай хичээллэхэд багш маань их нөлөөлсөн. Манай багшийг Б.Пүрэв-Очир  гэдэг. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Хүмүүс боксыг байнга зодолдож байдаг, хэцүү гэж хардаг юм шиг. Анх хичээллэж эхлэхдээ сайн тоглодог хүүхдүүдийг хараад ямар мундаг юм бэ гэж боддог байсан. Тухайн үед өөрийгөө ямар байгааг сайн мэдэхгүй. Тэр үед багш  маань  “Чи чадаж байна, их авьяастай хүүхэд байна” гэж надад урам өгч, хурцалсан юм. Энэ нь надад “Би чадах юм байна” гэсэн зориг өгч тууштай хичээллэх шалтгаан болсон.


-Тэгэхээр амжилтын нэг хөшүүрэг багшийн  арга барил, ухаан  байдаг бололтой?


-Тэгэлгүй яахав. Боксоор хичээллэж эхэлснийхээ дараа анх удаа Д.Банди багшийн нэрэмжит “Олимпын гараа” тэмцээнд орсон. Анхны тоглолтоо Улаан-Үдэс ирсэн тамирчинтай хийж хожигдсон юм. Тухайн үед аав ээж маань ч зөвхөн биеэ хамгаалах зорилготой боксоор хичээллэхийг  санал болгосноос тамирчин болгохгүй гээд жаахан эсэргүүцсэн. Би ч өөрийгөө чадахгүй юм байна гэж бодсон. Тэр үед багш маань арга ухаан сийлж намайг авч үлдсэн юм. Гэнэт танихгүй багш нар ирээд “Тоглолтыг чинь үзсэн, чи авьяастай, мундаг байсан шүү” гэж урам өгөөд л. Тэгэхэд нь хожигдсон мөртлөө  “Би үнэхээр сайн тоглосон юм байх даа” гэж урам авч билээ.  Сүүлд нь намайг магтаж, урам зориг өгсөн багш нар маань манай багшийн найзууд байсныг мэдсэн.


-Рингэн дээр тухайн агшиныг мэдэрч тулалдах нь тамирчин хүний амжилтын нэг үндэс байдаг байх даа?


-Тухайн тамирчны тоглолтыг мэдэрч цохилт хийх нь чухал. Гэхдээ тэр бүхнийг харж, мэдэрч чаддаг болтол  их бэлтгэл, туршлага хэрэгтэй. Миний хувьд анхны тоглолтоо хийхдээ нэг мэдэхэд рингэн дээр гарчихсан байсан. Гэтэл нэг мэдэхэд л буусан, их сандарч байснаа санадаг. Тэмцээнд орох бүртээ туршлага хуримтлуулж, тоглолтын явцад өрсөлдөгчийнхөө арга барилд тааруулж хүчээ зөв хуваарилах, уур амьсгалыг мэдрэх, ажиглах зуршил суудаг юм билээ. Мэдээж тухайн тамирчны тулалдааны онцлог арга барилыг өмнө судалсан байх ёстой. Бэлтгэл дээрээ ДАШТ, ААШТ-ий шилдэг тамирчдын бичлэгийг үздэг.  Тоглолтын өмнө бие халаалтын үед хоёр тамирчны өөртөө хэр итгэлтэй байна, сэтгэлзүй хэр байгаа нь хүмүүс болон багш дасгалжууулагчид хардаг. Эндээс тоглолт эхлэдэг гэж багш маань байнга хэлдэг. Өрсөлдөх тамирчдын бие халаах үйл явц нь өөр газар, заримдаа нэг зааланд болно. Ринг дээр гараад шүүгч хоёр тамирчны гарыг бариулаад тулалдаан эхлэхээс л тухайн тамирчныг мэдрэх хэрэгтэй. Сонирхогчийн бокс бээлий нь зузаан,  хамгаалалт сайтай байдаг. Эмэгтэй боксчид шүд, толгойн хамгаалалттай. Хүнд цохилт эмэгтэй тамирчдын тулааны үед их гардаггүй. Харин эрэгтэй тамирчид толгойны хамгаалалтгүй тулалддаг учраас хүнд цохилт гарах магадлалтай. Нэг л цохилтоор  тоглолтын хувь заяаг шийдэж,  эргүүлэх боломжтой учраас  рингэн дээр өрнөх есөн минутын турш тоглолтоо мэдрэх хэрэгтэй.


-2018 онд залуучуудын ДАШТ тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Медалийн өнгөө хувиргах боломж байсан байх. Энэ тулаан хэрхэн өрнөсөн бэ?


-Тэр үед хүрэл медалийн төлөө Шотландын тамирчинтай тулалдсан. Тухайн үед миний  техник, арга барил гайгүй болсон байсан. Шотландын тамирчин бид хоёрыг биеэ халааж байгааг хараад Монголын тамирчин илүү сайн техниктэй юм байна гэж харахаар байсан ч миний хувьд эхний раундын тулаанд хожигдсон.  Тулалдааны үед тэр тамирчны аргыг нь  олж чадахгүй, оногдчихоод байсан л даа. Тэгэхээр техник сайтай л бол амжилт үзүүлнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Энэ тоглолтын өмнө Франц, Ирланд улсын тамирчдыг хожсон. Тухайн үед медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт, бас Монголоос ганцаараа үлдсэн учир маш их үүрэг хариуцлага ирсэн. Тэгээд эхний раундад хожигдчихоод, гарч ирээд медалийн төлөө байсан юм гэж бодохоор л өөрийн эрхгүй уйлмаар санагдсан. Уг нь дараа нь хоёр тоглолт байсан л даа. Тэгсэн багш маань “Яагаад уйлаад байгаа юм бэ” гэхэд нь  “Би болохгүй байна багшаа” гэхэд “Энэ бол улсын ажил. Болохгүй байсан ч болго” гэсэн үг нь  надад гал өрдөж байгаа мэт  урам зориг өгсөн. Тэгээд сүүлийн тулаанд бүх хүчээ гаргаж тоглоод 3:2 харьцаатай ялж хүрэл медаль хүртсэн. Хэдий медалийн тавцанд эх орныхоо төрийн далбааг мандуулж чадсан ч тэр тэмцээн надад илүү боломж байсан юм гэсэн харамсал дүүрэн өнгөрсөн дөө. 


-Тэмцээний өмнө  сэтгэл зүйгээ хэрхэн  бэлддэг вэ?


-Шигшээ багийн тамирчид өдөр бүр бэлтгэлтэй байдаг. Тэмцээний өмнө хамтарсан бэлтгэл хийнэ. Боксын эмэгтэй багийн хувьд  сэтгэлзүйчтэй  байсан. Гэхдээ гэр бүл, спорт хоёр чинь тэс ондоо салбар. Хувь хүн талаас минь сэтгэлийг минь уудлаж чадаж байгаа ч спортын тэмцэлдэх сэтгэлзүй, тэмцээний өмнөх айдас дээр сайн ажиллаж  чадахгүй байгаа юм шиг санагдсан. Хүн  бүрийн сэтгэл зүй өөр. Тэмцээний үеэр өөртэйгөө ярилцдаг. Бас нэг анзаарсан зүйл нь тэмцээний өмнө би чухал тэмцээнд орж байна гэж өөрийгөө шахаж болдоггүй юм шиг санагдсан. Үүнээс болж алдаж байсан тохиолдлууд ч бий. Тиймээс  тоглолтын явцад төвлөрч, бусад үед өөрийгөө тайван  байлгах нь  зүгээр юм шиг санагдсан. Бусад улсын тамирчдын хувьд бие халаах, тактик, сунгалтын  багш нар нь  тусдаа байдаг юм билээ. Гэтэл манай багш  нар тамирчдынхаа  биеийг ч халаагаад, сэтгэлзүйтэй нь ажиллаад, тактикийг  нь хэлээд бүгдийг нь хийдэг.


-Таны хувьд ямар тамирчдаас үлгэр дуурайлал авдаг вэ?


-Гадны шилдэг тамирчдын тулааныг нь хараад тэдэн шиг техник, ур чадвартай болохсон гэж боддог. Гэвч тухайн хүн бэлтгэлийнхээ явцад ямар зам туулж,  тухайн тамирчныг ямар зан чанар нь амжилтад хүргэснийг мэдэхгүй. Тиймээс Монголынхоо тамирчдыг хажуунаас нь харж үлгэр дуурайлал авах дуртай. Жишээлбэл, Д.Отгондалай ахыгаа яаж хөдөлмөрлөж байгааг, Цэндээ ахыг өөрийгөө хэрхэн  хурцалж байгааг нь хардаг. 


-Монгол боксчид  бусад орны тамирчдаас техник, арга барилын хувьд хэр ондоо байдаг вэ?


-Монголын боксчид техник, ур чадвар сайтай. Манай тамирчдын давуу тал нь рингэн дээр айсан тоглолт гаргадаггүй, дайчин чанартай. Харин гадны тамирчид шиг ухаан зарах, зальдах зан чанар дутмаг юм шиг санагддаг. Боксыг ухаанаар тоглодог гэж ярьдаг шүү дээ. Хятадын тамирчдын хувьд  хурдтай, их зальтай. Үүнийгээ давуу тал болгож ашигладаг. 


-Дэвжээн дээр тулалдах, боксын спортоор хичээллэхийн хамгийн сайхан нь ямар үе байдаг вэ?


-Тулалдааны үед хожиж байгаагаа мэдрэх, өрсөлдөгчөө ялаад гараа өргүүлэх мэдрэмж хамгийн сайхан. Би хожиж байна гээд бодож байтал нөгөө талын гарыг өргөх үе байна. Гэхдээ сүүлийн үед харьцангуй гайгүй болсон. Тамирчин хүн тэмцэгч  чадвартай байх ёстой гэж боддог. Болохгүй, бүтэхгүй, жингээ хасаж чадахгүй үетэй тулгарна. Энэ үеийг уйлаад, орилоод ч хамаагүй  өөрийгөө ялан дийлэх дайчин чанар байх ёстой гэж боддог. Эхэндээ ялагдалыг  их эмзэг хүлээж авдаг байсан. Өсвөр, залуучуудын тэмцээнд тулалддаг байхдаа миний карьер өссөн. Харин насанд хүрэгчдийн тэмцээнд өрөөсөө хэдэн насаар эгч тамирчидтай тулалддаг болсон. Тэр үед хэдий техникээр дутахгүй байлаа ч арга, туршлага дутаад хожигддог байлаа. Тиймээс тулааны үед өөрийнхөө  хийж  чадах бүхнээ гаргаж,  харамсалгүй үлдэх  нь чухал гэж боддог.


-Боксыг зөвхөн эрэгтэй хүний спорт гэж харах нь бий. Үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?


-Өөрөө дуртай, сонирхолтой бол хүйс хамаагүй. Хэдийгээр бокс зодооны урлаг боловч хүнийг ёс суртахуунтай байж, зөв төлөвшихөд нь тусалдаг. Хүмүүс  зүггүй эрэгтэй хүүхдүүдийг боксоор  хичээллүүл гэдэг. Хөвгүүд энэ спортоор томоожиж, хүмүүждэг тал бий. Харин эмэгтэй хүүхдийн хувьд боксоор хичээллэх нь олон давуу талтай. Нэгдүгээрт, биеэ хамгаалж сурна. Мөн  бокс биеийн босоо булчинг жигд хөгжүүлдэг учраас төгс биетэй болно. Үзэл бодолдоо үнэнч, дайчин, тууштай зан чанарыг бокс суулгадаг.


-Таны хувьд “Парис-2024” олимпод амжилттай оролцож, эх орныхоо далбааг мандуулах том зорилго тээсэн байгаа байх?


-Олимпод амжилттай оролцож, алтан медалийн тавцанд эх орныхоо төрийнхөө дууллыг эгшиглүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Боксын спортоор хичээллэхийг зорьж байгаа үеийнхэн, дүү нартаа хэлэхэд энэ спортыг зодоон гэдэг талаас нь битгий хараарай. Бокс бол спорт. Хийж үзээгүй зүйлээсээ битгий айгаарай.  Нэг удаа туршаад, бэлтгэл хийж үзэх хэрэгтэй. Хэрэв сайхныг нь харж дурлаж чадвал, чиний байх ёстой гайхалтай орон зай, хүсэл мөрөөдөл чинь байх болно гэж хэлмээр байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 149 (6881)