Хүн өөрийн замаа сонгоно гэдэг хувь тавилангаа өөрөө бичиж эхэлж буйтай адил байдаг. Харин тэр зам спортын талбай руу хөтөлсөн бол тэнд авьяасаас илүү тэсвэр, сахилга, хүсэл мөрөөдөл шаарддаг. Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн өнгийг тодорхойлж яваа тамирчдын нэг бол А.Азбаяр юм. Түүний тоглолтод хурд бий, мэдрэмж бий, хамгийн гол нь ялахын төлөө шатаж буй итгэл бий. Өнөөдөр тэр зөвхөн нэг багийн тоглогч биш, харин Монголын сагсан бөмбөгийн шинэ эрин үеийн нүүр царай болж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монголын дээд лигийн гурван удаагийн аварга, улирлын болон финалын үнэ цэнтэй тоглогч А.Азбаярыг онцолж байна.

 

Шинэ цаг үеийн анхны Монгол MVP

 

А.Азбаярын замнал жирийн нэг тамирчны түүх биш. Бага наснаасаа спортод дуртай, хөдөлгөөнтэй өссөн тэрээр өөрийгөө зөвхөн нэг төрлөөр хязгаарлаагүй. Сагсан бөмбөг тоглохын зэрэгцээ 2016 оноос таеквондогоор хичээллэж эхэлсэн нь түүний биеийн тэсрэлт, хурд, хамгаалалтын мэдрэмжийг илүү төгөлдөржүүлжээ. Тэрээр таеквондогийн Үндэсний шигшээ багт дуудагдан, олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсын нэрийг гаргаж яваа тамирчин. Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, таеквондогийн 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ дэлхийн шилдэг, дэлхийн аварга Симона Алессог ялж дуулиан тарьсан нь түүний спортын замналын хамгийн тод мөчүүдийн нэг болсон юм. Тухайн дэлхийн аваргад тэр V байрт шалгарч, Монголын таеквондогийн спортод хүчтэй мессэж үлдээсэн. Мөн дотоодын тэмцээнүүдэд ч амжилт арвин. Бүх ард түмний спортын наадмаас алтан медаль хүртэж, залуучуудын ангилалд Монгол Улсын аваргаар тодорч байсан төдийгүй таеквондогийн хар бүс эзэмшдэг нь түүний сахилга бат, тууштай чанарыг илтгэнэ. Магадгүй энэ л тулааны спортын хүмүүжил өнөөдрийн талбай дээрх айдасгүй хамгаалалт, хурдтай хөдөлгөөн, биеийн хүчний давуу талыг нь бий болгосон биз.

Түүний хувьд сагсан бөмбөг бол зүгээр нэг бөмбөг торонд оруулах тухай ойлголт биш. Харин багийн итгэл, талбай дээрх шийдвэр, хамгийн хүнд мөчид хариуцлага үүрэх зоригийн нийлбэр юм. Тиймдээ ч Азбаяр талбай дээр гарах бүрдээ наснаасаа хэтэрсэн тайван байдлыг харуулдаг. Монголын Үндэсний дээд лиг “Спортын төв ордон”-оос орчин үеийн “M Arena” руу шилжсэн нь дотоодын сагсан бөмбөгийн шинэ эрин үе эхэлснийг илтгэсэн үйл явдал болсон. Харин тэр шинэ цаг үеийн анхны Монгол улирлын MVP, мөн финалын MVP тоглогч болсон хүн нь Алтангэрэлийн Азбаяр байв. Энэ бол зүгээр нэг шагнал бус, харин Монголын сагсан бөмбөг шинэ үеийн шилдгээ олсны илэрхийлэл болсон юм. Түүний тоглолтыг харахад хамгаалалт сэтлэх хурд, холын шидэлтийн мэдрэмж, довтолгоог унших ухаан бүгд нэг дор цогцолсон мэт санагддаг. Хамгийн чухал мөчид оноо авч, багтаа итгэл өгч чаддаг чанар нь түүнийг фенүүдийн хайртай тоглогч болгожээ. Багийнхан нь хүртэл “талбай дээр Азбаяр байхад итгэл төрдөг” хэмээн ярьдаг.

 

Демаркус Казинсыг “чимээгүй болгосон” хамгаалалт

 

Азбаярын талаар фенүүд хамгийн их ярьдаг мөчүүдийн нэг нь NBA-ийн супер од, “All-Star” төвийн тоглогч асан DeMarcus Cousins-ийн эсрэг тоглосон тоглолтууд байлаа. Монголын лигт хоёр улирал тоглосон Казинс хүч, туршлага, биеийн давуу талаараа бараг зогсоохын аргагүй мэт харагддаг байсан ч Азбаяр хамгаалалтад түүнтэй нүүр тулан тоглож, олон хүнийг гайхшруулсан. Өндөр биетэй дэлхийн хэмжээний тоглогчийн эсрэг залуу монгол тамирчин айхгүйгээр шахалт үзүүлж, байрлал булаацалдаж, хамгаалалтад биеэ зориулан тоглож байсан нь үзэгчдийн сэтгэлд хүчтэй үлдсэн юм. Тэр зөвхөн хүчээр бус ухаалаг хамгаалалт, зөв байрлал, хурдтай хөдөлгөөнөөр Казинсын довтолгоог хүндрүүлж чадсан нь Азбаярын хамгаалалтын ур чадварыг илүү тод харуулсан. Тухайн үеэр олон үзэгчид “Монголын залуу тоглогч NBA-ийн одтой ингэж тоглож чадна гэж бодоогүй” хэмээн онцолж байсан бөгөөд энэ нь түүнийг шинэ үеийн шилдэг хамгаалагчдын нэг гэдгийг улам баталсан мөч болсон юм.

 

Азийн тавцанд гарч буй Монгол тоглогч

 

Азбаярын амжилт зөвхөн дотоодын лигээр хязгаарлагдаагүй. Тэрээр Зүүн Азийн Супер лиг буюу EASL-ийн тэмцээнүүдэд оролцож, Япон, Солонгос, Филиппин зэрэг Азийн хүчирхэг багуудын эсрэг тоглохдоо Монгол тоглогч ямар түвшинд хүрч болдгийг харуулсан. Өндөр хэмнэлтэй тоглолт, хүчтэй өрсөлдөөн дунд тэр хэзээ ч айж тоглодоггүй. Харин ч илүү хариуцлага үүрч, хамгаалалтад биеэ зориулан, довтолгоонд шийдэмгий тоглодог нь олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан. EASL-ийн талбайд түүний хийсэн блок, хурдан довтолгоо, шийдвэрлэх мөчийн шидэлтүүд Монголын сагсан бөмбөгийн нэрийг Азийн тавцанд гаргаж чадсан юм. Мөн тэр Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. Шигшээ багийн өмсгөлтэй талбайд гарах мөч бүртээ “Монгол тоглогчид дэлхийтэй өрсөлдөж чадна” гэдгийг харуулахыг хүсдэг тухайгаа нэгэнтээ хэлж байв.

 

Түүний амжилт бол шинэ үеийн итгэл

 

Алтангэрэлийн Азбаярын тоглолтод хамгийн тод мэдрэгддэг зүйл бол өөртөө итгэх итгэл. Хүнд мөчид ч тэр сандардаггүй. Харин багтаа хэрэгтэй шийдвэрийг гаргахын төлөө төвлөрдөг. Магадгүй энэ л чанар нь түүнийг богино хугацаанд Монголын сагсан бөмбөгийн хамгийн үнэ цэнтэй тоглогчдын нэг болгосон биз. Түүний хувьд ялалт гэдэг зөвхөн медаль, цом биш. Харин дараагийн түвшинд хүрэх хариуцлага юм. Тиймдээ ч улирал бүр өөрийгөө илүү хөгжүүлж, бэлтгэл дээр хамгийн сүүлд заалнаас гардаг тоглогчдын нэг хэвээр үлддэг. Өнөөдөр “M Arena”-гийн гэрэл асах бүрд үзэгчид зөвхөн нэг тоглогчийг харахаар ирдэггүй. Харин Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн өнгө төрхийг мэдрэхээр ирдэг. Тэр шинэ үеийн хамгийн тод төлөөллийн нэг нь А.Азбаяр юм. Түүний замнал дөнгөж эхэлж байна. Гэхдээ эхлэл нь аль хэдийн Монголын сагсан бөмбөгийн түүхэнд бичигдэж чаджээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 98 (7840)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn