С.БАТТУЛГА
Хүн бүрд байгалиас заяасан төрөлх авьяас, бусдаас ялгарах өвөрмөц онцлог гэж бий. Авьяасгүй хүн гэж үгүй бөгөөд гагцхүү тэрхүү чадвараа олж илрүүлэн, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр өөрийн болгосон хүн л бусдаас ялгарч чаддаг. Энэ жишгээр өөрийн чадварыг тасралтгүй хөгжүүлж, Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын түүхэнд шинэ хуудас нээн гялалзаж яваа залуу тамирчдын нэг бол А.Цагаадай юм. Өөрийн сонголтдоо эргэж буцахгүй, амжилтын буухиагаа үргэлжлүүлж байгаа шаргуу, хичээнгүй зан чанар нь түүнийг хэн бэ гэдгийг илтгэнэ. Нас залуу, цус шингэн түүнийг ирээдүйд илүү их амжилт, том тэмцээнүүд хүлээж байгаа нь дамжиггүй. "Зууны мэдээ" сонины энэ удаагийн "Амжилтын эзэн" буландаа U20 насны 2026 оны Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 12б ангийн сурагч А.Цагаадайг онцолж байна.
"Ялагдал бол төгсгөл биш, харин ирээдүйн их ялалтын амт"
А.Цагаадайгийн аав цэргийн албанд үүрэг гүйцэтгэх, тангараг өргөсөн мөрдэстөн билээ. Тиймдээ ч хүү нь ааваасаа үлгэрлэн, цэргийн төрөлжсөн сургалттай "Тэмүүжин Өрлөг" сургуулийг сонгон суралцсанаар их амжилтынх нь суурь тавигджээ. Түүнийг бусдаас илүү хурд, тэсрэлттэйг биеийн тамирын багш нь анх олж харсан гэдэг. Ийнхүү "Алдар" спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, дэд хурандаа Х.Уянгын шавь болж, арвин түүхтэй "Алдар" спорт хороогоор овоглогдох болжээ.
Холын зайн гүйлтийн спортод хурдтай байхаас гадна тэсвэр тэвчээр зааж амжилтаа ахиулдаг нь тамирчин бүрийн баримталдаг хатуу зарчим юм. Нэг секунд, нэг хором гэдэг жирийн хүний хувьд нүд ирмэхийн зуур өнгөрөх хугацаа ч, их спортын тамирчдад олон жилийн хичээл зүтгэл, асгаруулсан хөлсний үнэ цэнийг шийддэг асар хариуцлагатай мөч байдаг. А.Цагаадай 2025 оны Зүүн Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа тактикийн багахан алдаа гаргаж, ердөө ганцхан секундийн зөрүүгээр хүрэл медалиас мултарч байв. Гэвч тэрээр тамирчин хүний сэтгэлийн хатыг тод харуулж, "Ялагдал бол төгсгөл биш, харин ирээдүйн их ялалтын амт" гэдэг үгийг үйлдлээрээ баталж чадсан юм.
А.Цагаадай шантарсангүй, бас мохсонгүй. Хонконгт болсон 22 дахь удаагийн 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийгөө батлан харуулах, олон улсын хэмжээний тамирчин болох гараа боллоо. Тэрээр эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайн гүйлтэд Азийн шилдэг залуустай мөр зэрэгцэн уралдаж, 15 минут 37.38 секундийн амжилтаар хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү амжилт нь Монголын залуучуудын хөнгөн атлетикийн түүхэнд холын зайн гүйлтээр тивийн хэмжээнээс авсан түүхэн амжилтын нэг болон үлдэв. Ингэхдээ зөвхөн медаль аваад зогсохгүй, өмнөх хувийн дээд амжилтаа 13 секундээр ахиулжээ. Мөн 3000 метрийн саадтай гүйлтэд 10:44.95 минутын амжилт үзүүлэн, 2008 онд тогтоогдсон U20 насны улсын дээд амжилт болох 10:44.95 минутыг шинэчилж Монгол Улсын шинэ рекордын эзэн болжээ.
18 насандаа олон улсын шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, медалийн тавцанд зогссон түүнийг спорт сонирхогчид болон мэргэжилтнүүд Монголын хөнгөн атлетикийн спортын шилдэг тамирчин Б.Сэр-Одын залгамж халаа хэмээн өндрөөр үнэлж байна. "Тэмүүжин Өрлөг" сургуулийн ширээнээс тивийн аваргын тавцанд хүрсэн А.Цагаадайн түүх олон хүүхэд залууст урам зориг, үлгэр дуурайлал болох нь дамжиггүй. Сонгосон замаасаа хазайлгүй, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурьсгах их ирээдүй энэ бахархалт хүүг хүлээж байна.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 106 (7848)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn