Ази, дэлхийн аваргын мөнгөн медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хуланг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа. Тэрээр Монголын дэвжээнд авьяас чадвар нь дархлагдаж, олимп, дэлхийн аваргад эх орноо төлөөлдөг шигшээ багийн бахархлуудын нэг билээ. Даацтай мэхтэй, дөрвөн мөчний уран барилдаантай түүнийг чөлөөт бөх сонирхогчид төдийгүй монгол түмэн олимпын дэвжээнд медалийн төлөө барилдахад нь амьсгаа даран дэмжиж суусан үе саяхан. Тэмцээн бүрээсээ туршлага хуримтлуулж, ур чадвар нь жилээс жилд нэмэгдэж буй Б.Хулан тэргүүтэй залуу тамирчдын амжилт, тив дэлхийд цуурайтах алдар гавьяа, түүнтэй зэрэгцэх хүч хөдөлмөр монголчуудын бас нэгэн бахархал билээ.
-Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Хулан гэх нэр чөлөөт бөхийн спортоор дамжуулан эх орноо олон улсад таниулаад хэдийнээ олон жил болжээ. Энэ хүртэлх амжилтын замналаасаа хуваалцаач?
-Чөлөөт бөхийн спортоор хичээллээд 11 жил болж байна. Энэ хугацаанд ялалт, ялагдлын амт, спортын замналын сайхан, муухай бүх зүйлийг мэдэрчээ. Анх Х.Магвандорж багшийнхаа заавар зөвлөгөөгөөр энэ спортоор хичээллэж эхэлсэн. Арванхоёрдугаар ангиа төгсөөд Монгол Улсын Ардын багш З.Дүвчин багш дээрээ ирж, одоог хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэр үед нэг багшийн шавь болсон олон сайхан эгч нараасаа суралцсан. Харин өдгөө өөрөө дараа үеийнхээ дүү нарт зөв үлгэр дуурайлал болохыг зорьж байна.
-Аавынхаа уяан дээр хурдан морь унадаг хүүхдүүдтэй барилдаад төвөггүй давдаг байсан гэж сонссон. Багаасаа авьяастай байжээ?
-Би таван хошуу малаа тал дүүрэн бэлчээсэн малчин айлын охин. Хөдөлмөр, хичээл зүтгэл гэдэг зүйлийг биеэрээ үлгэрлэсэн хүний дээд аав, ээж минь миний бахархал.
Манай өвөө аймгийн хурц арслан цолтой бөх хүн байсан. Аав маань мөн барилдах дуртай. Тиймдээ ч аавыгаа харсаар барилдах дуртай болсон. Зун ахтайгаа болон хурдан морины хүүхдүүдтэй барилдана. Хөл бөмбөг тоглоно. Уйдах завгүй хөдөлгөөнтэй өсдөг болохоор хөдөөний хүүхдүүд ядарна гэдгийг мэддэггүй юм шиг санагддаг. Өглөөнөөс орой хүртэл өөрт ноогдсон ажлаа хийнэ. Гэхдээ ядарч байна гэж ер боддоггүй. Тиймээс бэлтгэл, тэмцээн гээд аль ч үед ядардаггүй. Энэ тухай ч боддоггүй. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор өдөр бүр аз жаргалыг мэдэрдэг.
-Эмэгтэй хүүхэд барилдаж дэмий гэх үг хаа нэг сонсогдох нь бий. Та ч энэ эсэргүүцэлтэй нүүр тулж байсан хүмүүсийн нэг. Гэхдээ энэ хүртэл тууштай зүтгэж, тив дэлхийн олон дэвжээнд амжилт гаргажээ. Зорилго нь том болов уу?
-Спортоор хичээллэхэд хүйс хамаагүй гэж би боддог. Аливаа хүнд хэцүү зүйлд нугарахгүй тэсвэр хатуужлыг спортоос суралцдаг тул эмэгтэй хүүхдүүдийг хичээллээсэй гэж хүсдэг. Анхандаа эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэхийг аав, ээж минь эсэргүүцдэг байлаа. Гэхдээ охин нь дуртай байгаа болохоор “Дүүргийн аваргаас медаль авчих” гэсэн. Харин би анхны дүүргийн аваргаа хүртэхийн сацуу “Уран барилдаанч”-аар шагнуулж, их урам авсан. Аав ээж маань ч барилдахыг зөвшөөрсөн. Тэр мөчөөс өнөөдрийг хүртэл том зорилго өвөртөлж, бэлтгэлээ чин сэтгэлээсээ хийгээд явж байна.
-Энэ хүртэлх олон амжилт дундаас ялалтын амтыг, ялагдлын гашууныг хамгийн ихээр мэдэрч байсан дэвжээ, медаль хэзээ байв?
-2024 онд Парисын олимпын эрхээ аваад өөрөөрөө хамгийн их бахархаж, баярлаж байсан. Харин олимпын дэмжээн дэх хүрэл медалийн төлөөх барилдаан үнэхээр итгэмээргүй азгүй хожигдол байсан. Хамгийн харамсдаг үе гэвэл тэр. Би олимпод зүгээр оролцох гэж ирээгүй. Монгол Улсын далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглэхийг сонсох гэж очсон шүү дээ.
Миний бэлтгэл, сэтгэл зүй гээд бүх зүйл тун сайн хангагдсан байсан тул хожигдсондоо итгэж өгөөгүй. Тэр мөч хоёр сарын турш миний толгойгоос гараагүй. Бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй юм байна гэж өөрийгөө шахсаар ахиллын шөрмөсөө тасалсан. Энэ бүхний дараа эрүүл байх хэрэгтэй юм байна. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ гээд дахиж тэр тухай бодоогүй. Тамирчин хүн хожигдлоо гээд муу гэсэн үг биш. Хожлоо гээд сайн гэсэн үг биш. Аливаа зүйл ээлжилдгийн жамаар болох ёстой зүйл болдгоороо болно гэж бодох болсон.
-Танаас үлгэрлэж энэ спортод орсон төрсөн дүү тань бас сайхан амжилт гаргаад явж байна. Гэр бүлээрээ тамирчин байх ямар байдаг вэ?
-Би нэг ах, дөрвөн дүүтэй. Дүүтэйгээ нэг спортоор хичээллэж, хамт бэлтгэл хийх гоё байдаг. Спортоор хичээллэж буй тамирчин гэдэг утгаар нь бэлтгэл дээр чанга хатуу хандана. Харин бусад үед найз шиг нь байдаг. Хожигдохоор нь өөрөө өмнөөс нь барилдмаар санагдана. Бэртэж гэмтэхийг нь харах хэцүү. Бид 2024 онд хамтдаа улсын аварга болж байсан тэр мөчөө бодохоор үнэхээр сайхан байдаг.
-Олон жилийн хичээл зүтгэл, хөлс хөдөлмөрөөрөө хүсэн хүлээсэн дэмжээн дээрээ гарах мэдрэмж сайхан байх. Тухайн үед тамирчны сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Тэмцээнийх нь нэр, хугацаа нь л өөр болохоос барилдаж буй хүмүүс нь адилхан тул бүх дэвжээ надад адилхан санагддаг. Тэр бүрд өөрийн бүх хүчээ дайчилж, барилддаг. Хожил, хожигдол спортын жам болохоор ямар ч үед нэг сэтгэл зүйтэй байхыг зорьдог. Гэхдээ тамирчин хүний карьер богинохон болохоор энэ хугацаанд нөөц боломж, хүч чадлаа дүүрэн ашиглана гэж бодож байна.
Энэ хүртэл намайг дэмжиж, итгэл хүлээлгэж, урам хайрласан бүх хүмүүстээ баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 100 (7842)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn