С.БАТТУЛГА

 

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан холимог тулааны “Ташкент-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөр үеийн тамирчид амжилттай оролцож, олон улсын тавцанд ур чадвараа гайхууллаа. "Зууны мэдээ" сонины энэ удаагийн "Дугаарын зочин"-оор "One Team & OCTA MMA" клубийн тамирчин, Азийн тивийн аварга М.Мөнхсувдыг урьж, ярилцлаа.

 

-“Ташкент-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээний “U18” насны ангилалд түрүүлээд ирлээ. Баяр хүргэе. Холимог тулааны спортыг сонгож хичээллэх болсон түүхээр нь яриагаа эхэлье?

-Баярлалаа. Би хоёр жилийн өмнөөс жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Оны өмнөхөн спортын төрлөө өөрчлөх шийдвэр гаргаж, аавдаа "Би боксоор хичээллэмээр байна" гэдгээ хэлсэн. Тэгтэл аав маань "Миний охин өмнө нь барилддаг байсан юм чинь бөх, бокс хоёрыг хослуулаад холимог тулаанаар хичээллэвэл яаж байна. Аавынх нь багшийн багш нэг клубт холимог тулааны багшаар ажилладаг гэсэн. Очоод сонирхоод үзэх үү" гэж зөвлөсөн юм. Аавынхаа энэ саналаар анх “One Team” клубийн босгыг алхаж, баг хамт олонтойгоо нэгдэж байлаа.

-Тэгвэл аав нь спортод нэлээд нүдтэй хүн бололтой. Тамирчин хүн үү?

-Тэгж хэлж болно оо. Аав маань залуудаа шүүт боксоор  хичээллэдэг  байсан болохоор спортыг сайн мэддэг. Намайг сайн ойлгож, дэмждэг.

-Тулааны спорт бэртэл гэмтлээс эхлээд эрсдэл их. Энэ утгаараа эсэргүүцэл, сорилттой тулгарч байв уу?

-Би гуравдугаар ангидаа нэг тэмцээнд орж байгаад гараа хугалж байсан юм. Түүнээс болсон уу, ээж маань тулааны спортоор хичээллэнэ гэхэд "Миний охин заавал ингэж зодоон цохион руу орох хэрэг байна уу. Зүгээр барилдах юм уу, эсвэл волейболоор хичээллэвэл яадаг юм" гээд жаахан дургүйцэх шинжтэй байсан. Эх хүн юм хойно намайг л бэртэж гэмтэх вий гэж санаа зовсондоо тэр байх. Харин аав маань өөрөө тулааны спортоор хичээллэдэг байсан болохоор намайг илүү сайн ойлгож "Миний охин өөрөө сонирхолтой, би чадна гэсэн өөртөө итгэлтэй байвал яваад үз" гэж урамшуулсан. Ингэж л аав охин хоёр нууцхан ярилцаад шийдвэрт хүрч байлаа.

-Спорт хүнд амжилтаас гадна амьдралд хөтлөх олон сайхан зан чанарыг төлөвшүүлдэг гэдэг?

-Спортоор хичээллээд аливаа зүйлд нухацтай хандаж, даруу төлөв, тууштай хөдөлмөрлөх зэрэг чадваруудад суралцаж, өөртөө суулгаж байна. Бэлтгэл дээр хамт олон, багш дасгалжуулагчдаасаа урмын үг, магтаалыг сонсох үед эрч хүч орж, улам илүү хичээх хүсэл эрмэлзэл төрдөг. Тэр үеийн мэдрэмж хамгийн сайхан санагддаг даа.

Багш нар маань  "Амжилт гаргах тусам улам даруухан бай. Сэтгэл зүйгээ үргэлж удирдаж, хувийн зохион байгуулалт сайтар ханга" гэж үргэлж захидаг.

-Энэ хугацаанд ялалтын амт, ялагдлын гашууныг мэдэрсэн тэмцээнийхээ дурсамжаас хуваалцаач?

-Тамирчин хүнд өнөөдөр ялагдахад маргааш ялах өдөр байна. Аливаа зүйл ээлж дараатай. Жүдо бөхөөр барилдаж байхад ялагдаад дэвжээнээс буух нь олонтой. Тэмцээний ялагдлаас гадна бусдын харилцаа хандлага сэтгэл зүйд хүнд тусдаг байсан.

Энэ удаагийн Азийн аваргаар алтан медалийн эзэн болоод дэвжээнээс буухад багш маань "Холимог тулаанаар Азийн аварга болсон эмэгтэй тамирчин Монголд байхгүй. Чи анхдагч нь болж байна. Сайн байна. Төрийн далбаагаа бариад дэвжээгээ тойрчхоод ир" гээд гаргасан. Далбаагаа бариад дэвжээгээ тойрчхоод бууж ирэхэд хамт тэмцээнд явсан багийнхны маань уур амьсгал, намайг бахархалтайгаар харж байсан тэр харц сэтгэлд тод үлдсэн.

-Өрсөлдөгчөө судлахаас эхлээд багш нартайгаа тэмцээний тактикаа  хэрхэн боловсруулав. Энэ удаад өөртөө хэр итгэлтэй байв?

-Итгэлтэй байсан.  Манай өрсөлдөгч чөлөөт бөхийн суурьтай хүүхэд байсан. Тиймээс боох, өчих  талдаа арай дутуу байх гэж хэлэлцээд, тулааныг өчиж дуусгахаар төлөвлөж гарсан. Энэ тактик маань нүдээ олж, өрсөлдөгчөө боолтоор цэвэр ялсан.

Тэмцээнд ирсэн бүх тамирчид бэлтгэл сайтай, хүчтэй өрсөлдөгчид байсан. Онцолбол,  Узбекистаны тамирчин хамгийн хүнд өрсөлдөгч байлаа. Цагаа дуустал өрсөлдсөний эцэст ялж чадсан.

Тэмцээн эхлэхэд бага зэрэг сандарсан. Гэхдээ тулааны өмнөхөн багш маань "Чамаас илүү хүүхэд энд байхгүй. Ойролцоо түвшний хүүхдүүд байгаа ч чи бэлтгэлээ маш сайн хийсэн.  Бусдаас илүү суурь сайтай учраас заавал ялж чадна" гэж хэлсэн юм. Багшийн маань энэ үг сандралаа даван туулж, өөртөө итгэлтэйгээр гарахад минь хамгийн чухал нөлөө үзүүлсэн.

-Монгол Улсын Төрийн дуулал Ташкентын тэнгэрт эгшиглэж, төрийн далбаагаа мандуулах тэр агшинд хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Төрийн дуулал эгшиглэх үед эх орон, аав ээж, тэдний минь хэлсэн үгс, багш нарын захиас, амжилт хүсээд үдсэн баг хамт олны минь дүр төрх хамгийн түрүүнд нүдэнд харагдсан. Олон улсын шилдэг тамирчдын манлайд, шагналын тавцангийн хамгийн дээд талд зогсоод улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүлэх тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тулалдахын өмнөх сандралаас илүү медалиа авах үеийн догдлол хамаагүй хүчтэй байдаг юм билээ.

Хүмүүс ихэвчлэн "Багаасаа хичээллэсэн хүүхэд илүү сайжирч, хурдан амжилтад хүрдэг" гэж ярьдаг шүү дээ.

Би ч мөн жүдо бөхөөр хичээллэж байхдаа "Арай хожуу хичээллээд эхэлчхэж, би эдгээр хүүхдүүдээс илүү гарч чадах болов уу" гэж эргэлзэж, шантрах үе байсан. Гэхдээ холимог тулаанаар хичээллэж эхэлснээсээ хойш спортод эрт, орой эхлэх нь гол биш. Хамгийн гол нь сууриа зөв тавиад, тууштай, нямбай бэлтгэл хийх нь чухал гэдгийг бүрэн ойлгосон.

-Бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй ч хичээл сургуулиа орхигдуулж болохгүй.  Мэргэжлээ сонгосон уу?

-Багшийнхаа "Тамирчин хүн хувийн зохион байгуулалт сайтай байх ёстой" гэдэг үгийг ямагт санаж, цагийн юмыг цагт нь амжуулахыг хичээдэг. Бэлтгэл сургуулилалт, хичээлийн хажуугаар чөлөөт цаг гарах нь ховор.  Хэрэв илүү цаг гарвал дуу сонсох, ном унших дуртай. Мөн  нойроо сайн авч, биеэ амраах нь тамирчин хүнд чухал.

Би багаасаа цагдаа болохыг хүсэж мөрөөдсөн. Тиймдээ ч сургуулиа төгсөөд Дотоод хэргийн их сургуульд  суралцах зорилготой байна. Мэдээж хэрэг сонгосон мэргэжлээрээ суралцахын зэрэгцээ спортоороо давхар хичээллээд, амжилтаа ахиулаад явна.

-Хүндэлж биширч, үлгэр дуурайлал авдаг тамирчин гэвэл? 

-Манай клубийн тамирчин, холимог тулааны дэлхийн аварга Б.Алтанчимэг эгчээсээ  үлгэр дуурайлал авдаг. Түүний өөртөө итгэлтэй, хичээнгүй, дайчин зан чанараар нь бахархдаг. Түүн шиг тууштай, хүчирхэг тамирчин байхыг эрмэлздэг.

-Монгол Улсын ирээдүй болсон энэ тамирчны алс хэтийн зорилго том байгаа болов уу?

-Хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдах холимог тулааны Улсын аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авахыг зорьж байна. Алс хэтийн гэхээсээ илүү дараагийн том зорилго маань Монгол Улсаас төрөн гарах холимог тулааны хоёр дахь Дэлхийн аварга болох юм. Зорилгынхоо төлөө шантралгүй хөдөлмөрлөнө.

-Өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд гүүр болсон тэдгээр хүмүүст хандсан сэтгэлийн үгээр ярилцлагаа өндөрлүүлье?

-Намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж, зөв замд оруулсан хайртай аав, ээж, гэр бүлийнхэндээ хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлье. Мөн мэддэг бүхнээ харамгүй зааж, урам хайрлаж, зэмлэлээр хурцалж ирсэн “One Team” болон “OCTA MMA” клубийн багш дасгалжуулагч нартаа, хамт бэлтгэл хийдэг ах, эгч, найз нөхдөдөө баярладаг. Түүнчлэн тэмцээн уралдаанд оролцох бүрд чөлөө өгч, хичээлийг минь зохицуулж, арын албыг минь бат даадаг ангийн багшдаа, Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн хамт олон болон ангийнхандаа үнэхээр их талархдаг. Миний энэ амжилт бол та бүхний тус дэмжлэг, итгэлийн үр шим юм. Итгэлийг тань алдахгүй, цаашдаа илүү их хичээж, улам том амжилтаар бэлэг барих болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn