Э.Нарантунгалаг: Сэтгүүлчдийн ажлыг хиймэл оюун ухаан хийж байхад бидэнд үзэг, дэвтэр байгаа нь хангалтгүй

0
хуваалцах
692
үзсэн

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Медиа автоматжуулалтын “ҮЗЭГ” платформын санаачлагч, хамтран хэрэгжүүлэгч, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн хамтран үүсгэн байгуулагч  Э.Нарантунгалагийг урилаа.

 

СЭТГҮҮЛЧДИЙГ ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ, ГАДАГШ ХОЛБОХ ГҮҮР НЬ БАЙХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Блиц

Энхтөрийн Нарантунгалаг

Медиа энтерпренер, сэтгүүлч, олон нийтийн харилцааны мэргэжилтэн

Боловсрол:

-БНХАУ-ын Цинхуа их сургуулийг Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны магистр, Bloomberg, Олон улсын сэтгүүлчдийн төвийн хамтарсан Дэлхийн бизнесийн сэтгүүл зүй (Global Business Journalism) хөтөлбөрийн шилдэг төгсөгч-2019 он

-Австралийн Засгийн газрын санхүүжилттэй Ази номхон далайн сэтгүүлчдийн төвийн Манлайллын хөтөлбөр-Уул уурхай чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх хөтөлбөр-2012 он

-МУИС-ын Олон улсын сэтгүүл зүйн бакалавр-2011 он

Гадаад хэл: Англи, Хятад, Франц

Судалгааны ажил: Сэдэв-БНХАУ, Монгол Улсын ядуурлаас гаргах бодлогын харьцуулсан судалгаа, ядуурлын түвшнээс доогуур орлоготой хүмүүс болон ядуурлаас гарсан хүмүүсийн цуврал түүх, бүтээл сурвалжлага

Шагнал: Цинхуа их сургуулийн шилдэг дипломын ажил - 2019

Олон улсын сэтгүүлчдийн төвийн “Гарамгай зүтгэл (Best Achievement)” шагнал

Сэдэв: “2008 оны долдугаар сарын 01-ны үеэрх хэвлэлийн эрх чөлөөний байдал, зарим асуудлууд” эрдэм шинжилгээний бүтээл - 2009 он

Шагнал: Хэвлэлийн хүрээлэнгийн шилдэг эрдэм шинжилгээний бүтээл шагнал

Ажлын туршлага:

-2020 онд: Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн хамтран үүсгэн байгуулагч

-2020 онд: Монгол баримт шалгах төвийн хамтран үүсгэн байгуулагч

-2020.12 - 2022.05: Рио Тинтогийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах Ерөнхий зөвлөх

-2019 онд: Медиа автоматжуулалтын “ҮЗЭГ” платформын санаачлагч

-2019 онд: Bloomberg, Бээжин оффис технологийн сурвалжлагчийн дагалдан

-2018 онд: FOF Weekly сэтгүүлийн туслах редактор, Бээжин, БНХАУ

-2017 онд: Бүс зам санаачлагын талаарх SABRI сэтгүүлийн контент менежер, Бээжин, БНХАУ

-2015 онд: Медиус ХХК хамтран үүсгэн байгуулагч

-2012 - 2016 онд: Bloomberg TV Mongolia хөтлөгч сэтгүүлч

-2010-2012 онд: ТМ телевиз, хөтлөгч сурвалжлагч

-2008-2009 онд: Дээдсийн хүрээлэн сонин сурвалжагч, орчуулагч

-2007-2008 онд: Формула Радио 98.1 хөтлөгч

-2004-2007 онд: Хантайшир ФМ 104.5 хөтлөгч

-Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв бүх санаа, зорилгоо  нэрэндээ багтаахыг хичээсэн. Нэг талаас баримт шалгах, өгөгдөл дээр суурилсан сэтгүүл зүй зэрэг  Монголдоо шинэ тутам байгаа инновацлаг ойлголтыг төлөвшүүлэх. Нөгөө талаас салбарынхаа хөгжилд түүчээлж буй залуу сэтгүүлчдийг хөгжүүлдэг үүр нь байхыг зорьж 2020 оны хавраас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн сэтгүүлчид гадаад хэлний бэрхшээлээсээ болоод олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг учраас гадагш холбох гүүр нь байхыг зорьж байна.

Цар тахлын хөл хорионы үеэр хүмүүс мэдээллийн чанарт илүү анхаарч хуурамч мэдээлэл бидний амьдралд ямар хор нөлөө учруулдаг вэ гэдгийг тодорхой түвшинд ойлгодог болсон. Тиймээс хуурамч мэдээллийг таних, зарим тохиолдолд тархалтыг нь хумихад Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв түүний дэргэдэх Монголын баримт шалгах төв нэлээд анхаарч, үүрэг оролцоотой явж ирсний үр дүнд Олон улсын баримт шалгах төвийн гишүүн байгууллага болж  баталгаажуулалтын гэрчилгээгээ өнгөрсөн жил авсан. Харин энэ оны зургадугаар сарын 7-нд Мета компанийн албан ёсны түнш боллоо. Ингэснээр монгол, казах хэл дээр Mета компанийн фэйсбүүк, инстаграм дахь хуурамч мэдээллийн үзэгдэлтийг нь бууруулах юм. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээллийг фэйсбүүкт тархахаас урьдчилан сэргийлнэ. Хэрэв мэдээлэл нэгэнт тархчихсан бол тархалтыг нь хумих, зарим тохиолдолд устгах хүртэлх арга хэмжээ авах эрхтэй болж байгаа. Үнэн мэдээлэл гутлаа үдэж байхад хуурамч мэдээлэл дэлхийг тойроод хүрээд ирдэг гэсэн үг бий. Ийм хурдтай хуурамч мэдээллийн тархалтыг бууруулахад Mета-гаас өгч буй техникийн тусламж, дэмжлэг том давуу талыг олгож байна. Энэ төслийг Монголын баримт шалгах төв хэрэгжүүлээд явна.

Үүнээс гадна Үүр төвийн дэргэд бид медиа инкубатор, медиа лаб загварыг туршиж байна. Хэрэглэгчид ямар төрлийн мэдээлэл авахыг хүсдэг талаар хөндлөнгийн аудитын судалгааг Сингапурын Splice Media гэх байгууллагаар хийлгэж үзэхэд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгааг төрөлжүүлэх, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн сэтгүүл зүй хэрэгтэй нь харагдсан. Үүний үндсэн дээр АНУ-ын Spirit of America ТББ-ын дэмжлэгээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт гарааны бизнесийг дэмжих, тэр дундаа иргэдийн хүрээлэл рүү илүү ойртсон, орчин тойронд нь хамааралтай мэдээллийг хүргэдэг иргэний сэтгүүлзүйн чиглэлээр songino.info гээд Сонгинохайрхан дүүргийнхэнд зориулсан мэдээлэл хүргэх сайтыг хөгжүүлж байна. Энэ мэтээр “Урагш алхъя” төслийн хүрээнд дөрвөн төсөл хэрэгжиж байгаа.

Миний хувьд сэтгүүл зүйн салбараа илүү томоор харахыг хүссэн. Анх 2017 онд Хятадад сурч байхдаа Синхуа агентлагтай танилцах аялал хийхэд музейг нь “Жижигхэн хайр” нэртэй робот танилцуулж,  хиймэл оюун ухааны тусламжтайгаар  таван настай хүүхэдтэй адил харилцан яриа үүсгэж байсан. Мөн хиймэл оюун ухаантай хөтлөгч бэлтгэж байгаагаа хэлж байсан нь хоёр жилийн дараа харахад ажилдаа орсон байх жишээтэй. Урд сурч байхад Bloomberg-ийн дадлагын оюутны хөтөлбөрт 10 мянган хятад оюутнаас эхний тавд үлдсэнээр технологийн сурвалжлагчийг дагалдах боломж олдсон. Тэгэхэд Bloomberg-ийн шуурхай мэдээллийг робот бэлтгэхийг хараад сэтгүүлчийн хувьд айдас төрсөн. Нэг үгээр бол, хиймэл оюун ухаан сэтгүүлчдийн ажлыг хийж байхад надад үзэг, дэвтэр хоёр л байсан. Гэтэл сэтгүүлч зураг авч бичлэг хийдэг. Авсан бичлэгээ эвлүүлж, цацдаг. Магадгүй вэб сайт хөгжүүлэх хэмжээний олон ур чадварыг дэлхий нийт шаардаж байна. Энэ дунд хамгийн онцлох ёстой ур чадвар бол өгөгдлийн сэтгүүл зүй буюу дата журнализм болж байгаа. Бид асар их хэмжээний өгөгдөл дунд амьдарч байна. 1970 оны хүн жилдээ хэрэглэдэг байсан мэдээллийг өнөөдөр нэг өдөрт  л хэрэглэж байна. Энэ дундаас мэдээллийг хэрхэн үзэгч, уншигч, сонсогчдод хүргэх вэ гэдэгт сэтгүүлч хүний ур чадвар илүү хурц байхыг шаарддаг боллоо. Нөгөө талаас сэтгүүлчийн эзэмших ёстой ур чадвар, шаардлага нэмэгдэж байгаа боловч хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал редакцийн бодлогоос хамаараад сайжрахгүй байгаад асуудал бий. АНУ, Австралид сэтгүүлчид долоо хоногт 1-2 мэдээн дээр ажилладаг бол Монголд хэд дахин өндөр байх жишээтэй. Тэгсэн хэрнээ цалин хэвэндээ л байна. Яг энэ нөхцөлд бага цалингаар өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүнээс ур чадвар нэхэх орон зай алга. Сэтгүүлч өөрийгөө хөгжүүлэх боломж ч хомс. Мөн сэтгүүлчдэд өгч буй сургалтыг харвал аль нэг байгууллага, улстөрчдийн эрх ашиг, өнцгөө тулгаж  байгаа нь олон. Ашиг сонирхлоо ард нь нуучихсан сургалт нэртэй агуулга их байгаа учраас сэтгүүлчдийн чадвар сайжрахгүй байна. Тиймээс сургалтын агуулгаас эхлээд сэтгүүл зүйн сургуулиуд ирээдүйн технологийн өөрчлөлтөд гологдохооргүй чанартай боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарч байгаа.

 

УНШИГЧ, ЭХ СУРВАЛЖ, БАРИМТ ШАЛГАГЧ, СЭТГҮҮЛЧИЙН НЭГДЭЛ “ҮЗЭГ”  ПЛАТФОРМ СЭТГҮҮЛЧИЙН ЦАГИЙГ ХЭМНЭЖ, АЧААЛЛЫГ БАГАСГАНА

 

Монголдоо болон Хятадад нэлээн хэдэн редакцид ажиллаж үзсэний үндсэн дээр сүүлийн 10 жилийн бодлоо ажил хэрэг болгох гэж хамтрагчидтайгаа хичээж байна. Бидний санаачилсан “ҮЗЭГ” төсөл сэтгүүлчдийн ачааллыг багасгаж, богино хугацаанд чанартай бүтээл хийх боломжоор хангах юм. Үүний тулд бүтээлд нь ойр эх сурвалжууд, сэдвийнх нь суурь мэдээлэл, өгөгдөл, ашиглахад бэлэн өгөгдлийн дүрсжүүлэлт зэргийг бэлтгэж өгнө. Сэтгүүлч бүх дата мэдээллийг шүүж ашиглахад цаг нь амжихгүй байгаа бол цэвэрлэж жижиглээд дүгнэлт гаргахад бэлэн болсон дата буюу хоол хийх орцыг нь бэлтгэж өгнө. Харин бэлэн орц найрлагаас  сонгож холиод ямар амттай бүтээл хийх вэ гэдэг нь сэтгүүлчээс  хамаарна. Мэдээж  байнга бэлэн “хоол” өгөхөөс илүүтэй сургаж мэргэшүүлэх, ажиглалтын жагсаалт бий болгох, эх сурвалжийн датаг байнга шинэчлэх зэргээр манай ҮЗЭГ платформ “Оюу” гэх нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөгжөөд явна. Илүү тодруулбал, “ҮЗЭГ” төсөл сэтгүүлчийн цагийг хэмнэж, ачааллыг багасгаснаар судалгаатай, чанартай бүтээл бий болно гэсэн үг.

Өнөөдөр дэвтэр дээр бичдэг үздэг хангалттай биш. Технологийн ур чадвар хэрэгтэй. Дан ганц бичдэг, ярьдаг, буулгадаг сэтгүүлч байхаас илүүтэй бүтээлийг олон элементээр сонирхолтой болгох боломж олгоно. Бидний бизнес загвар амжилттай хэрэгжих юм бол сэтгүүлчдэд орлогын нэмэлт эх үүсвэр бий болгохыг зорьж байна. Энэ бүгдэд чиглэж ажиллана.

Уншигч, эх сурвалж, баримт шалгагч, сэтгүүлч гэсэн дөрвөн нэгдэл нэгийгээ нөхөж холбох боломж нь “ҮЗЭГ” плафторм байх юм. Аман байдлаар тэр сайн, муу гэхээс илүү сэтгүүл зүйн үндсэн зарчмын хүрээнд сэтгүүлчийг, мэргэжлийн ур чадварыг техникийн дэмжлэгтэйгээр шударга үнэлгээтэй, ачаалал багатай байлгахыг хүсч байна. Чанартай сэтгүүл зүйн бүтээл гаргаад нэг мэдээ, нийтлэл нь 10 мянган хүнд хүрэхэд нэг уншилтыг нь 100 төгрөг гэж тооцвол нэг сая төгрөг болно. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн сарын цалинг нэг мэдээгээр авах боломж бүрдэж байна. Энэ нь сэтгүүлч илүү судлах, далайцтай бүтээл гаргах боломж олгоно.

 

 ДЭЛХИЙН 100 ТӨСЛӨӨС МОНГОЛЫН “ҮЗЭГ” ЭХНИЙ ДӨРӨВТ ШАЛГАРЧЭЭ

 

-Хоёр жилийн хугацаанд хөгжүүлсэн энэхүү платформоороо бид энэ жил Дэлхийн медиа форумд оролцож байгаа. Ирээдүйн хэвлэл мэдээлэл, редакц, мэдээний өрөөг өнгөлөх гарааны төслийн уралдаанд манай баг “ҮЗЭГ” төслөө явуулаад АНУ, Австрали, Герман, Норвеги, Энэтхэг зэрэг дэлхийн олон улс орноос 100 төсөл өрсөлдөж эхний 10-т шалгарч бойжуулах хөтөлбөртөө хамрагдаж дууслаа. 10 төслөөс дараагийн шатанд дөрвийг шалгаруулахад нэг нь “ҮЗЭГ” болж үлдсэнд баяртай байгаа. Анх танилцуулахад ойлгодоггүй, басамжилсан хүмүүстэй таарч байсан. Энэ бүхний эцэст итгэл үнэмшил төрж байна. Одоо ялагчийн төлөө өрсөлдөнө. Зургадугаар сарын 20-нд эцсийн шалгаруулалтдаа ороод шалгарвал дэлхийн томоохон удирдагчдын өмнө төслөө танилцуулах боломж хүлээж байгаа.

15 жил болж байгаа Дэлхийн медиа форумын хүрээнд гарааны бизнесийн төслийн уралдаан гурав дахь удаагаа зарлагдаж байна. Өмнө нь Европ, АНУ-аас ихэвчлэн оролцож байснаас биш Азиас тун цөөн байсан. Тиймээс Монголоос оролцож энэ хүртэл явсандаа баяртай, урам зоригтой байгаа. Шалгаруулалтад оролцоход сонирхолтой санагдсан нь гарааны бизнес гэхээр бид жижигхэн төсөл гэж ойлгодог. Гэтэл өрсөлдөгчид маань 6000 ажилчинтай АНУ-д төвтэй технологийн компани байх жишээтэй. Гарааны бизнесийн компани ажилчиндаа 20 мянган ам.долларын цалин өгч байна. Энэ бүгдийг хараад эхлээд бэргэх, шантрах үе байсан. Гэхдээ бидний санааг илүү үнэлсэн болов уу. Монголоос оролцож буй төсөл гэж явж буй учир сэтгүүл зүйн салбараараа “Үзэг”-ээ хурцлаад урагш алхахад үзэг нэгт нөхдийн маань тусламж, дэмжлэг хамгийн чуал байна.

Ер нь бол сэтгүүлч мэргэжлийн онцлог нь дарга, цэрэг хэн ч байсан хүссэн хүнтэйгээ уулзаж мэдээлэл сурвалжлага бэлтгэдэг. Энэ нь сэтгүүлчийг хүн бүхэн таниад байгаа мэт мэдрэмжийг автоматаар өгч хувь хүнийх нь эго-г тэжээсээр хэтэрхий  амбицтай болгодог. Манай улсын нөхцөл байдалд гурван сая хүнд 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллана гэдэг нэг сэтгүүлч 600 хүнд мэдээлэл хүргэх нь. Ийм жижиг зах зээл дээр байх тусам амбиц өндөр байдаг. Гэтэл энэ олон жижиг амбиц салбарыг муухай харагдуулахаас гадна мэргэжлийн ёс зүйгүй сэтгүүлчид бий болсноос хамаарч сэтгүүлчдийн нэр хүнд унаж байна. Тиймээс нөхцөл байдлаа ойлгож ухамсарлаад багаараа, салбараараа нэгдэж урагш алхахгүй бол хөгжил тэнд. Бид энд бал, дэвтрээ барьсаар л байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 116 (6848)