З.БАТЦЭЦЭГ

 
Туркийг терроризмыг дэмжиж байна гэж буруутгахад Финлянд улс гадаадын дайчдад орогнол олгодоггүй гэж мэдэгдэв. Энэ тухай Финляндын Аюулгүй байдлын цагдаагийн газрын дарга Антти Пелттари мэдэгджээ. 

“Бид терроризмын орогнох газар биш. Бид өөрсдийн хууль тогтоомж, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, ЕХ-ны террорист байгууллагуудын жагсаалтыг дагаж мөрддөг” гэж А.Пелттари хэлэв. Түүний хэлснээр, Финландын тагнуулын алба Туркт хориотой Курдистаны ажилчны намын (ПКК) үйл ажиллагааг олон жилийн турш хянаж байсан бөгөөд энэ оны тайландаа тэд Курдистаны ажилчны намыг санхүүжүүлэх сэдвийг хөндсөн байна. “Мэдээж энэ бол террорист байгууллага. Бид терроризмыг нухацтай авч үздэг" гэж тэр онцлон тэмдэглэв. А.Пелттари цааш нь хэлэхдээ, Финлянд, Турк хоёр өмнө нь терроризмтой тэмцэх, ялангуяа Сири дэх дайны хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн гэв. 

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу өмнө нь НАТО-д элсэхээр төлөвлөж буй Финлянд, Швед улс Курдын ажилчны намын дайчдыг орогнуулж байгаа бөгөөд Анкара тэднийг хэт даврагч бүлэглэл гэж үздэг гэжээ. Түүний хэлснээр Туркийн ард түмэн эрх баригчдаас эдгээр улсыг эвсэлд элсүүлэхийг хориглохыг хүсч байна гэв. 
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Финлянд, Шведийг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд, өөрт нь гомдохгүй байхыг улс орнуудын удирдагчдаас хүссэн байна. "Тэгвэл НАТО аюулгүй байдлын байгууллага биш харин террористуудын олон төлөөлөгч байх газар болно" гэж тэр тайлбарлав.

Эх сурвалж: www.polit.mn