Фото: www.nato.int

Данийн Батлан хамгаалахын тагнуулын алба Москва ойрын саруудад НАТО-гийн гишүүн орнуудын аль нэгэнд хязгаарлагдмал хэмжээний цэргийн ажиллагаа явуулах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ. Энэ талаар Данийн Батлан хамгаалахын тагнуулын алба /DDIS/-ы аюулгүй байдлын шинэчилсэн үнэлгээг иш татан CBNC мэдээлжээ.

Орос улс НАТО-гийн орнуудын эсрэг “эрлийз ажиллагаагаа” буюу эрлийз ажиллагаа буюу кибер халдлага, мэдээллийн нөлөөлөл, хорлон сүйтгэх зэрэг цэргийн бус арга хэрэгслийг хослуулсан үйл ажиллагааг эрчимжүүлэх магадлалтай байгааг дурдсан байна.

Данийн тагнуулын байгууллагын мэдээлснээр Орос улс НАТО-гийн гишүүн нэг буюу хэд хэдэн оронд хязгаарлагдмал цэргийн ажиллагаа явуулах “бага боловч өсөн нэмэгдэж буй” эрсдэл байна. Тухайлбал, Украиныг дэмжиж буй НАТО-гийн орнуудын дэд бүтэц болон бусад объектод пуужин, нисгэгчгүй төхөөрөмжөөр хязгаарлагдмал цохилт өгөх эрсдэл байгааг дурджээ.

Мөн Орос улс НАТО-той хиллэдэг бүс нутагт цөөн тооны цэрэг байршуулж, үүнийгээ Оросын үндэстэн ястны хүн амыг хамгаалах шаардлагатай холбон тайлбарлах боломжтой гэж Данийн тагнуулын байгууллагын тэргүүн Томас Ахренкиел хэлсэн байна.

Данийн анхааруулгын дараа НАТО ОХУ-аас үүдэж болзошгүй аюул заналтай холбоотой тагнуулын мэдээлэл солилцоогоо эрчимжүүлж байгааг тус холбооны Европ дахь дээд командлагч генерал Алексус Гринкевич мэдэгдсэн байна.  Тэрээр НАТО Москвагаас үүдэж болох аливаа аюул заналыг даван туулах чадвартай гэдэгт “тайван, итгэлтэй” байхыг уриалсан байна.

Сүүлийн долоо хоногуудад НАТО-гийн орнуудад хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэд хэдэн хэрэг гарсны дотор Германы Лейпцигийн нисэх онгоцны буудалд нисгэгчгүй төхөөрөмж ашиглан халдахыг завдсан хэрэг болон Данийн цэргийн нисдэг тэрэгний ойролцоо Оросын хөлөг онгоц гэрэлт сум харвасан тохиолдол багтаж байгаа аж.

Данийн мэдээлэл нь Орос улс НАТО-гийн орнуудын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж болзошгүй гэсэн Европын бусад тагнуулын байгууллагуудын сүүлийн үеийн анхааруулгатай давхцаж байна.

Их Британийн хэвлэлд Европын тагнуулын байгууллагууд Москва НАТО-г ойрын хугацаанд туршиж болзошгүй гэж анхааруулсан талаар мэдээлсэн. Гэхдээ эдгээр үнэлгээнд НАТО-гийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан томоохон хэмжээний дайныг заавал урьдчилан таамагласан гэж үзэх боломжгүй юм.

Харин Оросын тал НАТО-гийн орнуудын эсрэг эрлийз дайн, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа гэх мэдэгдлүүдийг өмнө нь үгүйсгэж ирсэн байна.

Эх сурвалж: zms.mn