Шанхай хот хоёр сарын дараа хөл хориогоо сулрууллаа

0
хуваалцах
553
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн худалдааны төв, Хятадын эдийн засгийн гол цэг гэгддэг Шанхай хот хоёр сарын турш үргэлжилсэн хөл хориогоо сулруулжээ. Тодруулбал, тус хотын 25 сая иргэний ихэнх орон нутгийн цагаар мягмар гарагийн 16:00 цагаас эхлэн хот дотроо чөлөөтэй зорчих эрхтэй болсон байна. Харин 650 мянга орчим иргэн гэрийн хорионд хэвээр үлджээ.

Энэ талаар Шанхай хотын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Инь Синь “Удаан хугацаанд бидний мөрөөдсөн өдөр ирлээ. Хүн бүр үнэхээр их сэтгэл хангалуун байгаа болов уу. Хатуу дүрмийг мөрдсөний дараагаар Шанхай хэвийн амьдралдаа шилжлээ.Тиймээс халдвараас сэргийлж, өөрсдийгөө сайн халамжлах хэрэгтэй” гэж ярьжээ. Хятадын төв телевиз энэ үйл явцыг “Шинэ эхлэл, Ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес хэвийн үргэлжлэх өдөр айсуй” хэмээн мэдээлэв.

Хөл хориог сулруулж байгааг зарласны дараахан Шанхайн иргэд гудамжиндаа цугларч, дуулж, баяраа тэмдэглэн хөгжилдсөн байна. Энэ үеэр нэг иргэн “Бид үнэхээр олон өдрийг хөл хорионд өнгөрүүллээ. Тиймээс эрх чөлөөтэй болсон баяраа тэмдэглэх ёстой. Ганц би биш Шанхайн иргэд бүгд баярлах ёстой. Муу муухай бүхэн алга болж маргаашаас бид өмнөх шигээ хэвийн амьдарна” гэж ярьжээ. Өөр нэгэн иргэн “Хөл хориог сулруулсанд би үнэхээр их аз жаргалтай байна. Маргаашаас эхлэн  ажилдаа явахыг хүсч байна” гэв.

Хятад улс "zero Covid" бодлогоо хэрэгжүүлэхийн тулд халдвар авсан хүмүүсийг эмнэлэгт болон гэрт нь тусгаарлаж байгаа юм. Хэрэв хөл хорионд байгаа иргэн гэрээс гарч хүмүүстэй харилцах юм бол түүний амьдарч байгаа газрын эргэн тойрныг бүхэлд нь хөл хорионд оруулах эрсдэлтэй байгаа юм.

Нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүрээд хүчин чадлынхаа 75 хувиар нь иргэдэд үйлчилж эхэллээ. Гэхдээ Шанхайн иргэд нийтийн тэээврээр зорчих, банк, дэлгүүрээр үйлчлүүлэх болон бусад газраар явахдаа  72 цагийн дотор өгсөн сөрөг шинжилгээний хариуг батлах ногоон картыг ухаалаг утсаараа үзүүлэх шинэ журам мөрдөж байна.  Мөн өөр хот руу яваад буцаж ирсэн иргэн 7-14 хоног тусгаарлагдах ёстой болжээ. Кино театр,музей, спорт заал хаалттай хэвээр байна. Мөн сургууль танхимаар хичээллэж эхлэх болоогүй байгаа юм.

Хязгаарлалтын улмаас олон иргэн орлогоо алдаж, хоол хүнсээ цуглуулахад бэрхшээлтэй болж, улмаар сэтгэл зүйн асуудалтай тулгарсан юм. Хөл хорионы үр нөлөөг хамгийн ихээр хүртсэн үйлдвэрлэгчдэд барууны машин үйлдвэрлэгч Volkswagen, Tesla компаниуд багтаж байна. Учир нь тэд ажилчдаа гэрт нь буцаалгүй ажиллуулжээ.

Хөл хорионоос өмнө 600 тэрбум ам доллароос илүү өртөгтэйд тооцогдож байсан эдийн засгаа сэргээхийн тулд 50  зүйл бүхий төлөвлөгөө хэрэгжүүлэхээр Шанхай хотын Засгийн газар хичээж байна. Ингэхийн тулд машин худалдан авагчдад ногдуулах зарим татварыг бууруулах, орон нутгийн засгийн газрын бонд гаргах үйл явцыг хурдасгах, барилгын төслийн зөвшөөрлийг шуурхай олгох гэсэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хятадын хүн амын 90 орчим хувь нь бүрэн тун вакциндаа хамрагдсан ч 2.4 сая гаруй хүн халдвар авч, 15 мянга орчим хүн халдварын улмаас амиа алдаад байна.

Эх сурвалж:BBC