Инфляц өндөр үед хөрөнгийн зах зээл рүү хошуурах нь зөв

0
хуваалцах
444
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

Хөрөнгө оруулагч гэдэг үг манайханд хол сонсогдож гадныхан мөнгөтэй хүмүүс л хөрөнгө оруулагч болдог хэмээн үзэж байна. Гэвч их, бага мөнгөтэй байхаас үл хамаарч  хүн бүр хөрөнгө оруулагч болох боломжтойг хөрөнгийн зах зээл хөгжих гарааны эхлэл мэдрүүлсээр. Мэдээллийг түрүүлж мэдсэн нь бусдаас өрсөж  хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө хямд байх тусам  хөрөнгө оруулж ирээдүйд ашигтай байх хувилбар руу хошуурсаар. Сүүлийн үед хөрөнгийн зах зээл олны анхаарлыг татах болсон нь макро, микро эдийн засгийн түвшинд хамаарах олон шалтгаанаас үүдэлтэй. Эхний шалтгаан бол бодлогын хүүг бууруулсантай холбоотой. Төр, засгийн зүгээс өмнө нь ийм зоригтой, бодлогын шинж чанартай шийдвэр гаргаж чаддаггүй байсан бол энэ удаа чадлаа.  Хадгаламжийн хүү өндөр байх үед хүмүүс аливаа эрсдэл хүлээх хүсэлгүй, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмж судалдаггүй, санхүүгийн салбар ч өрсөлдөөнгүй, дийлэнх хувийг нь банк эзэлдэг байсан. Харин бодлогын хүү буурч, түүхэн доод түвшинд буюу зургаан хувьд хүрэхэд хадгаламжийн хүү дагаад буурсан. Үүнээс үүдэн иргэд хөрөнгө оруулалтын илүү өгөөжтэй хувилбаруудыг эрэлхийлж, хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулж эхэлсэн. Үр дүнд нь хөрөнгийн бирж дэх арилжааны үнийн дүн өсөж, хувь хүмүүс ч үнэт цаасны данс нээлгэж, арилжаанд орж байна. Компаниуд зөвхөн банкинд бус үнэт цаасны компанид өртөг багатай, урт хугацааны хөрөнгө оруулалт босгох зорилгоор их хандах болсон талаар сүүлийн үеийн  хөрөнгийн зэх зээлийн мэдээлэлд онцолж байна.

  Хөрөнгийн зах зээлийн хөрөнгийн хэмжээ нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд чухал үүрэгтэй болохыг Miller /1991/ судалгаа харуулсан байдаг. Хэрэв хөрөнгийн зах зээлийн хөрөнгийн хэмжээ бага байвал эрсдэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байхад хүргэдэг. Харин хөрвөх чадвар өндөртэй хөрөнгийн зах зээлийн хувьд хөрөнгө оруулалт нь бага эрсдэлтэй, урт хугацаатай, илүү ашиг тустай хөрөнгө оруулалт болдгийг судлаачид сануулсаар. 

 

Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүг өсгөхөөр байна

 

Засгийн газрын бонд хамгийн эрэлттэй бөгөөд өгөөж өндөр найдвартай гэдгийг хөрөнгө оруулагчид мэддэг. Энэ онд төлөвлөсөн 2.2  их наяд төгрөгийн дотоод үнэт цаас буюу бондыг  энэ цаг үед гаргавал мэдээж зах зээлээс ийм хэмжээний  хөрөнгө татаж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болох хэдий ч инфляц хэд хүрч хөөрөгдөх нь бас таашгүй. Гэхдээ олон хүнийг ажлын байраар хангах оролготой болгосноор мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Үр дүнд нь хөрөнгийн зах зээл идэвхжих сайн талтай. Монголын хөрөнгийн биржээс 2021 оны жилийн эцсээр  нийт 1.4 их наяд төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна. Үүний 74.1 хувийг компанийн үнэт цаас, 21.6 хувийг энгийн хувьцаа болон үлдсэн 4.3 хувийг бусад үнэт цаас эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 дахин өссөн үзүүлэлт юм. Арилжаанд оролцогчдын дийлэнх нь дотоодын иргэн, аж ахуйн нэгж байна. 2021 оны жилийн эцсээр дотоодын аж ахуйн нэгжийн хийсэн арилжаа өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар, харин иргэдийн хийсэн арилжаа 5.2 хувиар өссөн. Энэ нь дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүд банкны хадгаламжаас татгалзаж үнэт цаасны арилжаанд хөрөнгө оруулж байгааг харуулжээ. Иймд 2022 оны нэгдсэн төсөвт нийт 2.2 их наяд төгрөгийн Засгийн газрын дотоод үнэт цаас гаргахаар тусгасан.  Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулахаар төлөвлөсөн.

Гэхдээ Монголбанкнаас 2022 оны гуравдугаар сард бодлогын хүүг 2.5 хувиар өсгөж есөн хувь болгосон. Засгийн газрын дотоод үнэт цаасны 90 гаруй хувийг арилжааны банкууд эзэлж байсан. Төвбанкны үнэт цаасны хүүгээс илүү хүүгээр арилжаалахад богино хугацаат үнэт цаас авах эрэлт өндөр байгаа юм. 

 

Хөрөнгийн зах зээл 5-6 их наядаар үнэлэгдэж байна

 

Ойрын хэдэн  жилдээ хөрөнгийн зах зээл идэвхжил өндөр түүн дотроо бондын санхүүжилтийн ажлууд нэлээд байхаар байна. Хэдийгээр инфляц 14.5 хувь болж өссөн. Үүнээс үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ 20-30 хувиар өсөж ядуурал ихсэж буй ч ядуурлаас ангижирах, дундаж давхаргаа хамгаалж үлдэхэд хөрөнгийн зах зээлийн хөгжил туслана гэдгийг эдийн засагчид, шинжээчид хэлсээр. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан энэ сарын мэдээгээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 45.6 хувиар өсөж  5-6 наядаар үнэлэгдэх хэмжээнд  /5.378.6 тэрбум төгрөгт/ хүрсэн нь нотолж байна. Үүн дотроо  хувьцааны хөрвөх чадвар 1.8 хувь боллоо. ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс  3.461.2 нэгжээр буюу 10 хувиар өсөж 38.096.9 нэгжид хүрсэн байна.

 

ББСБ-ын хөрөнгийн хэмжээ гурван их наяд, зээлдэгчдийн  тоо 1.4 саяд  хүрчээ

 

Энэ оны I улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 529 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын нийт хөрөнгийн хэмжээ гурван их наяд төгрөгт хүрлээ. Түүнчлэн ББСБ-ын зээлийн үйлчилгээний хүртээмж ч сайжирсан. Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 1.4 саяд хүрсэн. Харин харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.6 сая байна. Энэ өсөлт зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр тус салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ буюу финтек нэвтэрч байна. Тухайлбал, 32 ББСБ финтек зээлийн бүтээгдэхүүн гаргаж харилцагч, үйлчлүүлэгчиддээ хүргээд байна. Мөн  нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдаж өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж, нийт арилжааны 79.6 хувийг хувьцаа, 15 хувийг компанийн бонд, 4.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нэг хувийг хөрөнгө оруулалтын сан эзэлж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)