П.Чимэдцэрэн: Уур амьсгалын өөрчлөлт шинэ төрлийн гамшиг үүсгэж байна

0
хуваалцах
459
үзсэн

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) П.Чимэдцэрэнг урилаа.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ САЛБАР БОЛГОНД ЯРИХ ЦАГ ИРСЭН

Блиц

Боловсрол:

2001 онд: Төрийн өмчит Улаанбаатар их сургуулийг химич мэргэжлээр

2018 онд: ҮБХИС-ийг химийн аюулгүй байдлын чиглэлээр доктор хамгаалсан. 

Ажлын туршлага:

2001-2009 онд: Төрийн өмчит Улаанбаатар их сургуульд химийн багш. 

2009 оноос: ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга. 

-Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийг хамарч байна. Хүн, хүний үйл ажиллагаа, дэвшилтэт техник технологи хөгжихийн хэрээр байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, байгальтай зүй бусаар харьцах, үүнээс үүдэн озоны давхарга цоорох, гамшиг осол тохиолдох зэргээр эргээд сөрөг нөлөө нэмэгдэж уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байна.

Энд өртөгч бүлэг болох хүн өөрөө тэр хэмжээгээр өртөж, хүний болон хүрээлэн буй орчны аюулгүй байдалд  сөргөөр нөлөөлдөг.  Энэ бүхэн хүний буруутай үйл ажиллагаатай шууд холбогдож байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт аажмаар бий болж энэ нь гамшгийн хэлбэрээр илэрч байна. Энд хүмүүсийн байнга ярьдагаар гамшиг гэж хэлье. Угтаа бол гамшиг гэдгийн шалгуур үзүүлэлтийг Засгийн газрын 2018 оны 327 дугаар тогтоолоор баталсан. Өөрөөр хэлбэл гамшгийн төрөл тус бүрээр ямар тохиолдол үүсээд хичнээн хүн өртөж, хичнээн хэмжээний эд хөрөнгө хохирсон бэ гэдгээр гамшиг уу, аюул уу гэдгийг тодорхойлж өгдөг. Газар хөдлөлт болоход тэнд өртөгч бүлэг /хүн, мал, амьтан, эд хөрөнгө/ байхгүй, өртөөгүй бол энэ аюул, өртөнгө байгаад тэнд дээрх шалгуурыг давсан нөхцөл байдал үүсвэл түүнийг гамшигт үзэгдэл үүссэн гэж үзэж байгаа юм.

Гамшгийг богино, дунд, урт хугацаанд өрнөлтэй гэж ангилж байгаа. Харин уур амьсгалын өөрчлөлт урт хугацааны өрнөлтэйд нь тооцогддог. Тиймээс энэ урт хугацаандаа сөрөг нөлөөлөл нь илэрч аажмаар өөрчлөлтийг үзүүлж байдаг. Аливаа байгалийн гамшиг, аюулт үзэгдэл нь зөвхөн онцгой байдал, цаг уурын байгууллагатай уялдахгүй. Бүх нийтийн оролцоо их чухал.

Үндсэндээ улс орны тогтвортой хөгжлийг хангая гэвэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бууруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах явдал нэн түрүүнд яригдах ёстой. Аюулгүй байдлын онолоор уламжлалт болон уламжлалт бус аюул гэсэн хоёр ойлголт бий. Гамшгаас үүсэх аюул нь уламжлалт бус аюулд хамаарах бөгөөд өнөөдөр хамгийн их нүүрлэж, улс орны нийгэм эдийн засагт нөлөөлөх магадлал өндөр байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшгаар илэрч байна. Тухайлбал, хөрсөн дээр хуурайшилт огцом ихэсч байгаа нь шинэ төрлийн гамшиг үүсэх нөхцлийг бий болгож байна. Ингэхдээ богино хугацааны хохирол ихтэй гамшгийн төрлөөр илэрч байгаа юм. Үүний нэг илрэл нь Архангай, Дундговьд болсон хүчтэй шуурганд олон мал амьтан хоргодсон. Мөн вагоны зам үерт автах зэргээр урьдчилан таамаглах аргагүй аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна.

Мөн ган, зуд болсны дараа Улаанбаатар хот руу шилжин ирж байгаа иргэдийн тоо өсч байгаа нь Монгол Улсын тогтвортой хөгжилд шууд нөлөөлж байгаа. Тогтвортой хөгжлийн найман зорилтод үнэлгээ хийгээд үзэхэд шилжилт хөдөлгөөн, ядуурал, ажилгүйдэл зохих хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Гэтэл энэ бүхэн ган, зудтай холбоотойгоор хөдөөний иргэд хотод суурьшмал байдалд ирж амьдрахад амьдрах орчин нөхцөл, дасан зохицох байдал зэргээс үүдэн  ядуурал, эмзэг бүлгийн тоо нэмэгдэх жишээтэй. Ингээд харахаар гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг салбар болгонд ярих цаг ирээд байна.  

Уур амьсгалын өөрчлөлт хүн амын дундаж наслалтад нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан. Тэр дундаа эрэгтэй хүмүүс байгалийн гамшигт илүү их өртдөг. Шууд биш ч дам нөлөөлөл их байдаг. Энэ нь эрчүүд бүхнийг хийх, зохицуулах ёстой гэсэн байгалийн өгөгдөл, сэтгэхүйтэй ч бас холбоотой.

Өнгөрсөн онд 4075 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, 319 хүн амь насаа алдаж, 149 хүн гэмтэж, 163700 толгой мал хоргодож, 25.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Өөрөөр хэлбэл, шууд хохирол гэдэг бол гамшгийн нөлөөг арилгах, сэргээн босгоход зарцуулж байгаа хөрөнгө. Гэтэл нийгэм, эдийн засагт нөлөөлж байгаа тооцоолоогүй дам хохирол их бий. Тухайн үед нь зарцуулсан, тооцоолох боломжтой хохиролыг ярихаас ядуурал, эрүүл мэнд, боловсролд хэрхэн нөлөөлөв зэргээр хожим гарах үр дагаварыг төдийлөн ярьдаггүй.

ДЭЛХИЙ НИЙТ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ИННОВАЦИЙН “SOFT” БОЛОН “HARD” ШИЙДЛИЙГ АШИГЛАЖ БАЙНА

-НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас инновацийн шийдлийг танилцуулж, тайлан гаргадаг. Тэр дунд 2021 оны байдлаар 30 гаруй инноваци шийдэл байгаагийн дотор “soft” буюу эрхзүйн орчны шинэтгэл, сургалт сурталчилгаа, “hard” буюу  техник технологи бүтцийн арга шийдлийг танилцууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг осол ихээр яригдаж байгаа учраас бодлого, эрхзүйн орчны шинэтгэл хийж байна. Бодлогын инноваци хийж дэлхий нийтийн жишигт ойртох үүднээс ОБЕГ-ын бүтцэд Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрыг байгуулсан. Мөн Гамшгаас хамгаалах хуулийг 2017 онд шинэчлэн баталснаас хойш уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон гамшгийн шинэ төрөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2-3 удаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн түүнчлэн нэг чухал зүйл нь олон нийтийг, хүүхдийг сургаж дадлагажуулах арга юм. Ингэхдээ маш сонирхолтой байдлаар сургах арга технологийг нэвтрүүлэх, бий болгох хэрэгцээ шаардлага бий. Олон улсад Resiliens гэсэн ойлголтыг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаатай холбож ярьдаг. Энэ нь дасан зохицох, даван туулах  зэргээр янз бүрээр орчуулагдаж байдаг.

“Hard” буюу  техник технологи бүтцийн арга шийдлийг авч үздэг. Манай хүрээлэн Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн монгол олон улсын  байгууллагатай хамтран жил бүр онол, практикийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаагийн бага хурлаас гаргасан зөвлөмжид тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэх болон улс орны хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлохдоо нийгэм, эдийн засгийн салбар бүрт байгалийн гамшгийн эрсдэлийг зайлшгүй тооцоолж байх. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, онцгой байдал  болон холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулан байгалийн гамшгийн эрсдэлийн зургийн боловсруулалтыг сайжруулах, үүнд шаардлагатай мэдээллийн санг үндэсний болон салбар дундын түвшинд бий болгохоор тусгасан.

Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц” буюу үүлэнд нөлөөлөх ажлын хүрээг өргөжүүлэх, санхүүжилтийг гамшгийн эрсдэлийн санд тодорхой хувийг тусгах, байгалийн гамшгийг хохиролгүй /хамгийн бага хохирол/ даван туулах арга ажиллагаанд малчид, иргэдийг сурган, дадлагажуулах шаардлагатай.

 Эдийн засгийн голлох салбарууд, нийгмийн бүлгүүдийн дасан зохицох чадавхыг сум, орон нутгийн түвшинд бэхжүүлэх. Үүний тулд уур амьсгалын өөрчлөлтөд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдал, эрсдэлийг 330 сумдын түвшинд үнэлэх, уг эмзэг байдлын цогцолбор үнэлгээнд суурилсан дасан зохицох арга хэмжээг тухайн аймаг, сумын бодлогын төлөвлөлт, төсөвтэй уялдуулах хэрэгтэй. Байгалийн гамшигт үзэгдэл ган, зудын нөлөө нь Монголын нөхцөлд ядуурал, шилжилт хөдөлгөөний эх үүсвэрт багагүй жин дарж байгаа бөгөөд эдийн засгийн хоёр дахь том хөдөө аж ахуйн салбарт нийгэм, эдийн засгийн суурь нөхцөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх хэрэгцээг системтэйгээр харж, төлөвлөхийг шаардаж байна. Иймд хөдөө аж ахуйн салбарын харилцан холбоо бүхий системийг бүрдүүлж байгаа хүчин зүйл, асуудалд түлхүү ач холбогдол өгч хэрхэн яаж дэмжих, сайжруулах талаар судалж, шинжлэх ухаанд суурилсан бодлогын төлөвлөлт хийх гэдэгт санал нэгдсэн.

Бид Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга сэдэвт арга хэмжээг ДЗМОУБ-тай хамтран зохион байгуулсан. Энэ хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд ирсэн нэг бүтээлд Улаанбаатар хотын үерийн далан байгууламж 60-70 хувьтай ажиллаж байна. Үлдсэн 30 хувь нь механик үйл ажиллагаатай холбоотойгоор доголдсон. Тиймээс үерийн далан байгууламжийг 100 хувь ажиллуулах шаардлагатай гэсэн шийдлийг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, одоо байгаа нөөц боломжоо ашиглая. Харин цаашид хот төлөвлөхдөө үерээс хамгаалах болон үерийн усыг цуглуулж, ашигладаг технологи шийдлийг бий болгох ёстой юм байна. Мөн эрт зарлан мэдээллийг ашиглаж болно. Түүнчлэн зайнаас судлалын технологийг гамшгийн эрт илрүүлэг, химийн осол боллоо гэхэд газар дээр нь шуурхай ажиллаж тархалтыг тогтоож аюулыг арилгах шийдэл бий.

Сүүлийн үеийн гамшиг болон эрсдэл судлалын шинжлэх ухааны чиг хандлагаар эрсдэл эерэг болон сөрөг талтай. Эерэг эрсдэлийг боломж болгож ашиглах хэрэгтэй. Жишээлбэл, үерийн усыг цуглуулаад өөр зүйлд дахин ашиглах инноваци болгох боломжийг хайх хэрэгтэй. Мөн эрсдэлийг хүлээж авч, дасан зохицох, даатгалын системээр шилжүүлж болно. Энэ бүхний эцэст эрсдэлийг хамгийн боломжит хэлбэрээр бууруулах хэрэгтэй.

БАЙГУУЛЛАГУУД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ ҮҮРЭГТЭЙ

-Гамшиг судлал бол салбар дундын шинжлэх ухаан юм. Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдаад 18 жил болж байна. Үүнтэй зэрэгцээд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнг байгуулаад 17 дахь жилдээ ажиллаж байна. Хими, биологи, цацраг, физик, газарзүйн шинжлэх ухааны суурь бүхэлдээ гамшиг судлалын ухааны үндэс юм.  Энэ бүх тал хамтарч, нэгдэж байж гамшгийн эрсдэлийг бууруулах ажил үр дүнтэй хэрэгжинэ. Түүнээс ганцхан гамшгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажил биш юм. Тиймээс эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууламж үр дүнг зөвлөмжөөр хүргүүлж байна. Ерөөсөө л олон нийт, бүх талуудын хамтын ажиллагаагаар гамшгийн эрсдэл буурна. Тэр тусмаа гамшгийн менежментийг оновчтой хэрэгжүүлэхэд талууд, иргэдийн оролцоо чухал. Иргэн өөрийгөө аврах, өрөөлийг хамгаалах мэдлэг чадвартай бол гамшгийг хохирол багатай даван туулахад чухал үүрэгтэй. Жишээлбэл, хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатар хотод газар хөдлөлт боллоо гэхэд онцгой байдлын байгууллага хэдэн хувиар хүрч ажиллах вэ гэдэг хангалттай бус. Харин хамгийн түрүүнд тэнд иргэн л байна. Иргэн өөрийгөө болон дэргэдэх хүнээ хамгаалахад суралцсан байх ёстой.

Гамшгаас хамгаалах хуулиар байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх ёстой. Байгууллагад гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хийнэ. Тэрхүү тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайдын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл олгодог. Үнэлгээ хийлгэсний дараа гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Энэхүү төлөвлөгөө нь цаас биш бодит үр дүнгээ өгсөн байх ёстой. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний мөнгөөр үнэлгээ хийлгэсэн бол зөвлөмжийн дагуу эрсдэлээ бууруулах юм. Хуулиараа төсвийнхөө 1.5 хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулна гэж заасан. Энэ дагуу үнэлгээнээс эхлээд төлөвлөгөө тайлан хүртлээ гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулсан байх ёстой.

Хуулиараа аж ахуйн нэгж өмчийн хэлбэр үл харгалзан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ гэж заадаг. Тиймээс хэдэн ажилчинтай, ямар байгууллага байсан ч гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх үүрэгтэй. Мөн орон нутаг, бүс нутгийн түвшинд үнэлгээ хийлгэнэ. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын хуудсаар болон онцгой байдлын байгууллагын байцаагчид  шалгаж байна. Эцсийн үр дүндээ гамшгийн эрсдэлээ үнэлүүлснээр ямар нэг аюул, эрсдэлийг хохирол багатай даван туулна гэсэн үг. Эрсдэлээ боломж болгож буй нэг хэлбэр юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)