Чингэлгийг вагоноос гурван минутад шилжүүлж байна

0
хуваалцах
463
үзсэн

Р.ОЮУН

 

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам ХНН-тэй хамтран “Хэвлэлийн аян”-г зохион байгууллаа. Аяны хүрээнд Япон улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар байгуулсан Замын-Үүд өртөөний ачаа шилжүүлэн ачих ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. “Хэвлэлийн аян”-г Японы ЭСЯ-наас зохион байгуулж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан, зөвлөх Р.Раш, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий инженерийн орлогч А.Батболд, Японы ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки болон хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм.

1990 оны эхэнд Монгол Улсын төмөр замын царигийн өргөн 1520 мм, Хятадын төмөр замын царигийн өргөн 1435 мм тул хоёр улсын хоорондох ачаа тээврийн хөдөлгөөн бэрхшээлтэй, хоёр улсын хилийн орчимд ачаа шилжүүлэн ачих байгууламж хэрэгтэй байв. 1990 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт Замын-Үүд вокзалын орчимд ачаа шилжүүлэн ачих байгууламж барихад судалгаа хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу 1992 оны наймдугаар сараас 1993 оны хоёрдугаар сар хүртэл ачаа шилжүүлэх байгууламжтай холбогдох судалгааг хэрэгжүүлсэн байна. Судалгааны үр дүнд Замын-Үүд дэх ачаа шилжүүлэн ачих байгууламжийн төсөл хэрэгжсэнээр ачаа тээвэрлэлтийн эргэлт хурдсаж, хугацаа богиносжээ. Мөн тухайн бүс нутагт ажлын байр, шинээр олон төрлийн бизнес бий болж хөгжих, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжих, олон улс дахь Монгол Улсын нэр хүнд өсөх тооцоо гарсан тул 1993, 1994 онд Монгол Улсын Засгийн газар болон Японы Засгийн газрын хооронд 2.1 тэрбум иенийн буцалтгүй тусламжийн гэрээ хийж байгууламжийн барилгын ажил хэрэгжсэн байна.

Энэ үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан, зөвлөх Р.Раш “1991 онд миний бие ерөнхий инженер Ж.Нямаагийн хамт Японы төмөр замын ажилтай танилцах боломж олдсон юм. Анх удаа хөрөнгөтөн оронд хөл тавьж хөгжлийг нь харж явлаа. Японд төмөр зам бараг айл болгонд орсон гэж хэлж болно. Япон улсаас Монгол Улсын төмөр замын салбарт үзүүлсэн зээл тусламжийн ажил тухайн үед хилийн Замын-Үүд өртөөний ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтаар эхэлсэн. Манайд Элчин сайдаар ажиллаж байсан Т.Шимицү Канадаас томилогдож ирэхэд нь түүний гэрийн эд хогшил ачсан чингэлэг Тяньжин-Эрээн-Замын-Үүдийн чиглэлд гурван сар саатаж. Тэгээд ачаа, чингэлгийг нарийн царигтай галт тэрэгнээс өргөн царигтайд шилжүүлэн ачих байгууламжийг Монголын талд яаралтай байгуулах хэрэгтэйг ойлгосон гэсэн. Тэрбээр энэ ажилд биечлэн оролцож байв. Энэ байгууламж зөвхөн тээвэр үйлдвэрлэлийн зам талбай төдийгүй 60 айлын орон сууц, усан хангамжийн системийг цогцоор нь бүтээж өгсөн“ хэмээн хуваалцлаа.

Японы зээл тусламж дэлхийн тээврийн шинжлэх ухаант техникийн хөгжлийн ид үед бага хүүтэй, урт хугацаатай МонПи-1, 2 төслөөр “ДАШ-7” зүтгүүр хоёр ширхэг, зүтгүүрийн депод 46 ширхэг засварын тоног төхөөрөмж, суудлын 30, ачааны 455 вагон, зам төмөр 10 мянган тонн, бүгд 71 сая ам.доллараар хэрэгжүүлсэн байна. МонПи-1 зээл нь жилийн нэг хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай бол МонПи-2 нь 2.4 хувийн хүүтэй, 23 жилийн хугацаатай. Эхний 10 жилд нь хүү төлөхгүй зээл ажээ.

 

Японы ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки:

Хоёр улсын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэж байна

 

-Энэ арга хэмжээг зохион байгуулсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга асан Р.Рашид талархал илэрхийлье. Өнгөрсөн гуравдугаар сард Р.Раш дарга Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкитой уулзахдаа Японы улсын буцалтгүй тусламжаар Монголын төмөр замд оруулсан хувь нэмрийг хэзээ ч мартахгүй гэж хэлсэн. Ингээд одоогийн залуу үеийнхэн энэ тусламжийн талаар мэдэхгүй учраас Япон улсын Засгийн газар сайн сурталчлах ёстой гэсэн зөвлөгөө өгсөн. Энэ зөвлөгөөг манай Элчин сайдын яам хүлээн дэмжиж энэ арга хэмжээг зохион байгууллаа. Би анх удаа Замын-Үүдэд ирж байна. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Цаашдын 50 жилд ч гэсэн хоёр улсын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт найдаж байна.   

     

334 ажилтантай том айл

“Улаанбаатар төмөр зам”-ын харьяа Замын-Үүд өртөөний ачаа шилжүүлэн ачих анги анх 21 ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр 51 ажлын байранд 334 хүн ажиллаж байна. Мөн хоногт 902 вагон ачиж, 1202 вагон буулгах хүчин чадалтай болтлоо хөгжжээ. Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгахын тулд “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон болон Замын-Үүд боомт, Замын-Үүд зангилаа тэр дундаа шилжүүлэн ачих ангийн хамт олон COVID-19-ийн хүнд нөхцөлд ажлаа нэг ч удаа тасалдуулаагүй. Тус байгууламж нь өргөн царигийн гурав, нарийн царигийн хоёр замтай. Хятадаас орж ирж байгаа битүү болон задгай ачсан техник, тоног төхөөрөмжийг вагоноос шилжүүлэх 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатайгаар 195 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатар:

Иргэд, ААН-үүдээс болж асуудал үүсэж байна

 

-Өмнө нь зургаан галт тэрэг буюу 300 вагон авч байсны ихэнх нь транзит байсан бол одоо багасаад найман галт тэрэг буюу 400 вагон авч байгаа нь импорт ихэссэн гэсэн үг. Байгалийн хүчин зүйл салхи, шуурганаас болж ачилт удааширсан тал бий. Бусдаар түргэн шуурхай тээвэрлээд хоногт 400 вагон буюу найман галт тэрэг ажиллаж байгаа. Гол нь вагон эргэлт дээр асуудал гардаг. Бид ачаад Улаанбаатар явуулдаг. Тэнд очоод хүлээн авагчид ачаагаа авахгүй гаалиа удаана. Гааль удааснаас вагонуудад зогсолт үүснэ. “Улаанбаатар төмөр зам” вагон эргэлт дээр онцгой анхаардаг. Тээврийг түргэн шуурхай хэрэгжүүлэхийн тулд замын удирдлагууд үүрэг өгсний дагуу Тээвэр зохион байгуулалтын албанаас хатуу график гаргаад батлуулсан. Өглөөний 05:00 цагт Замын-Үүдэд хоосон вагонууд ирэх ёстой. Оройны 22:00 цагт Улаанбаатарт галт тэргэнд холбоод шууд очно. Улаанбаатарт энэ ачаанууд 05:00 цагт очоод орой 22:00 цагт хоосон вагонууд наашаа ирнэ гэсэн хатуу хуваариар вагон эргэлтээ тооцоолсон. Гэтэл хэд хоногийн өмнө хоосон ирэх вагоны тоо багассан. Терминалууд руу тавьсан вагонуудын гаалийн бүрдүүлэлт дуусаагүй, ачааны эзэд мөнгөгүй, өөрсдөө ирээгүй. Төмөр зам дээр ирж бичиг баримтаа бүрдүүлж захиалгаа өгдөггүй. Захиалгаа өгөөд гааль нь болсон ч машин ирэхгүй хүлээгддэг. Үүнээс болж бидний технологит хугацаанд тооцоолсон вагонууд ачаагаа суллаж чадахгүй хүлээгдсэн. Эхний вагонууд терминал руугаа ороод бууж чадахгүй хүлээгдэхээр арын вагонуудад хүлээгдэл үүсэж байгаа юм. Иргэд, үйлчлүүлж байгаа байгууллагууд хариуцлагатай ажиллахгүй бол үүнээс болж асуудал үүсэж байна.      

Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн хоёрдугаар цехийн дарга Х.Өлзиймаа:

Нарийн царигаар хоногт найман галт тэрэг авч байна

 

-Бидний зогсож байгаа энэ талбай чингэлгийг вагоноос вагонд шилжүүлэх, вагоноос талбайд буулгаад өргөн царигийн вагонд шилжүүлдэг. Нэг вагоноос нөгөө рүү чингэлэг шилжүүлэхэд гурван минутын хугацаа шаарддаг. Энэ хүлээлттэй зогсож байгаа нь нарийн царигаар орж ирсэн. Бичиг баримтыг нь Хятадаас цахимаар хүлээн авч байгаа.

Өртөө хүлээж аваад шилжүүлэн ачих ангид Хятадаас хүлээж авсан ачааг хүлээлгэж өгөх гээд бичиг баримт боловсруулалт нь хүлээгдэж байна. Энд зөвхөн импортын шилжүүлэн ачилтын чингэлгүүд бий. Нарийн царигаар хоногт найман галт тэрэг авч байна. Үүнд чингэлгийн болон импортын, транзит чингэлгийн галт тэрэг дээр нь төрөл бүрийн, холимог тээврийн галт тэрэг гэж орж ирдэг. Ачаа авч байгаа эздүүд нь хурдан шуурхай авах тал дээр жаахан удаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 101 (6833)