З.Бауыржан: Нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахыг зорьж байна

0
хуваалцах
467
үзсэн

П.АМГАЛАНБАЯР

Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржантай ярилцлаа. Тус яам хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг  батлуулж, таван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

-Монгол Улсын хөгжлийг тодорхойлох томоохон салбарын нэг бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Дөрвөн жилийн хугацаанд тусгасан зорилтууд нийгэмд ямар өөрчлөлтийг авчрах вэ?

-2021 оны есдүгээр сард А151 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Өмнөх жилүүдийн хөтөлбөрт ослын дараа хэрхэн сэргээн засах, нийгмийн асуудлыг шийдэхийг тусгасан байсан. Харин энэ удаа урьдчилан сэргийлэх чиглэл рүү түлхүү анхаарч байна.Олон улсын  жишиг ч урьдчилан сэргийлэх чиглэлийг барьж ажилладаг. Ингэснээр тухайн салбаруудын онцлогтой тааруулсан төлөвлөгөөнүүд гаргаад ажилладаг.

Жишээлбэл, барилга, уул уурхай гэсэн эрсдэл өндөртэй салбар зөвлөл хороод нь үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гаргасан. Мөн хөтөлбөрийн онцлог нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтэд хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг сайжруулахад чиглэсэн.

-Ажил эрхлэгчдэд мэргэжлээс шалтгаалсан өвчний талаарх ойлголт хэр байдаг вэ?

-Яамны тухайд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Ажлын байр нэмэгдэхийн сацуу ажил эрхлэгч иргэн эрүүл байх, цалингийн асуудлыг чухалчлах ёстой. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй болох нөхцөл бүрдүүлэх ёсгүй.  Хөдөлмөрлөж байгаа ажилчдыг хамгаалах үүрэг төрд байгаа. Бид ажил эрхэлж байгаа хүмүүс ажилдаа яваад эсэн мэнд гэртээ харих ёстой гэдэг зарчмыг баримталж байна. Манайд үйлдвэрлэлийн осол гэхээр барилга, уул уурхай гэсэн эрсдэлтэй салбарыг авч үздэг. Гэвч оффист ажил эрхэлж буй хүмүүс удаан сууснаас нурууны өвчтэй болох гэрэлтүүлэг, агааржуулалт зэргээс шалтгаалж 10-20 жилийн дараа мэргэжлээс шалтгаалах өвчинд өртдөг. Мөн ажлаасаа тараад гэр лүүгээ явж байхдаа осолд орсон тохиолдолд золгүй явдал гээд бүртгүүлдэггүй. Гэвч хуулиараа энэ тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үздэг. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний талаар мэддэг байх хандлагыг бий болгох хэрэгтэй.

Мөн хууль дүрэм, журмын хувьд Герман, Япон, Солонгос улсын туршлагаас хэрэгжүүлж, олон улсын төслүүдийг хэрэгжүүлж байна.  Бусад улс орнууд манай улсын хэмжээнд хууль эрх зүйн орчин, тогтолцооны хувьд боломжтой байна гэж харсан. Гэхдээ хуулийн хэрэгжилтэд анхаарахыг зөвлөсөн. Хөрсөн дээр буухгүй, хэрэгжихгүй байгаа нь зөвхөн Хөдөлмөр аюулгүй байдлын хууль биш. Гэхдээ хууль  хэрэгжихгүй байгаа ямар шалтгаан байна гэдгийг судаллаа.  Ингэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл нь хувь хүний хандлагатай зайлшгүй холбоотой юм байна гэдгийг харсан. Ажил эрхэлж буй иргэн багаасаа соёл, хандлагыг төлөвшүүлснээр ажлын байранд гарахад, ажил олгогчид аюулгүй орчныг бүрдүүлэхэд ямар журам байдгийг мэддэг болно. Тиймээс дээр дурьдснаар ЕБС, их, дээд сургуулийн хичээлийн сургалтад хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжлээс шалтгаалах өвчин болон өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх хичээлийн хөтөлбөрийг оруулахын тулд ажиллаж байна.

-Иргэд урьдчилсан сэргийлэх үзлэгт жилд хэдэн удаа хамрагдах боломжтой вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт жилд хоёроос доошгүй хамрагдах ёстой. Ингэснээр өвчнөө эрт илрүүлж, мэргэжлээс шалтгаалах өвчтэй байвал тухайн ажлын байрны ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарна гэсэн үг. Уг ажлын хүрээнд сүүлийн 10 жилд яамны зүгээс “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулсан.

-Олон улсад мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон бол  ямар жишиг баримталдаг вэ?

-Хүн хөдөлмөр эрхэлж байгаа бол мэргэжлээс шалтгаалах өвчтэй болох ёсгүй гэсэн зарчмыг олон улсад баримталдаг. Манай улсад хортой, халуун, хүнд нөхцлийн буюу хэвийн бус ажлын байрны жагсаалт гаргасан. Энэ жагсаалтад орсон 1300 ажлын байр бий. Ийм нөхцөлд ажилладаг хүмүүс эрт тэтгэвэрт гардаг учраас иргэд ажиллах сонирхолтой байдаг. Судалгаагаар  хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс тэтгэвэрт гараад 5-10 жилийн дараа нас бардаг байна. Мөн 1990 оноос өмнө хамгийн их буюу жилд 2000 гаруй хүн осолд ордог байсан гэсэн судалгаа бий. Осолд өртөж байгаа хүмүүсийн 78 хувь, ослын нас баралтын 99 хувийг эрэгтэй хүмүүс эзэлдэг. Харин 25-35 насны  залуучууд  ихэвчлэн осолд өртдөг бөгөөд уурхай дээр олон хүн дарагдах,  барилга  эд зүйлс унах гэсэн бүлэг осол их гардаг.

“COVID-19”-ийн дараа төрийн болон үйлчилгээний байгууллагуудын ослын тоо нэмэгдсэн үзүүлэлт бий. Цаашдаа уул уурхай, барилга зэрэг эрсдэл өндөртэй  салбаруудаас бусад чиглэлд осол болон мэргэжлээс шалтгаалах өвчтэй болох хандлага өсөх хандлага байна. Учир нь хүмүүс өөрийгөө мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон гэдгээ анзаардаггүй. Амьдралын буруу зуршил, буруу  хооллолтоос болж өвдсөн байна гэж боддог. Гэвч хүнд юм өргөдөг, хөдөлгөөнгүй суудаг, байнга стресстэй нөхцөлд хүмүүс мэргэжлээс шалтгаалах өвчтэй болдог. Харин сүүлийн үед хүмүүс ажлын нөлөөнөөс болж өвчтэй болсон байна гэдгээ харьцангуй ойлгодог болсон. Одоо мэргэжлээс хамгаалах өвчний төвд 3000-аад хүн хяналтад байна.

-Үйлдвэрийн осол, ажил мэргэжлийн өвчлөл нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

-2021 оны байдлаар үйлдвэрийн осол, ажил мэргэжлийн өвчлөлөөс үүдэж улсаас 127.8 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4 хувь, нийт төсвийн зардлын 1.1 хувь, нийгмийн даатгалын сангийн зардлын зургаан хувьтай тэнцэнэ. Үүнийг олон улсын дундажтай харьцуулахад 10 дахин бага харагдаж байгаа ч манай улсын хувьд бага тоо биш. Хэрэв ослын улмаас 127.8 тэрбум төгрөг зарцуулагдаагүй бол эдийн засаг 0.4 хувиар өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан.  Мөн 127.8 тэрбум төгрөгийг задлаад үзэхэд осолд орсон ажилтны гэр бүлээс  70.1 тэрбум, ажил олгогчоос 19.7 тэрбум, улсад 38 тэрбум төгрөгний зарлага гарсан байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдалд илүү анхаарч ажилбал улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

-2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдаж бие даасан хуулиар зохицуулдаг болсноор ямар шинэчлэлт гарсан бэ?

-1997 оноос хойш хэрэгжсэн Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн үндэсний  хөтөлбөрийн хүрээнд Олон  Улсын хөдөлмөрийн байгууллагуудын зөвлөхүүдийг ажиллуулж, хөндлөнгийн судалгаа хийсэн. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсанаар ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой харилцааг бие даасан хуулиар зохицуулдаг болсон. Түүнчлэн манай улс  Олон улсын хөдөлмөрийн байгууллагын, 155  буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, 167 буюу Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай,  176  буюу уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухай конвенцүүдэд нэгдсэн. Ингэснээр  аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБЭА-н менежментийн тогтолцоо хэрэгжих, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтэд нийгмийн түншлэлийн оролцоо нэмэгдэх, ХАБЭА-н ажилтан, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлийн  189 дүгээр конвенцэд нэгдэхээр төлөвлөж байна.  Ингэснээр бид олон улсын түвшинд  хөдөлмөр аюулгүй байдлаа хүргэх боломж бүрдэнэ.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсанаас хойш нэмэлтээр долоон удаа өөрчлөлт орсон. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс нь юу байв?

-Анх хууль батлахад алдаа дутагдал, асуудлууд байсан. Учир нь 2014-2015 осол их  гарсан.Тухайлбал,  барилгын хажуугаар явж байгаад хүний амь нас эрсэдсэн,  машин дээрээс нь эд зүйл унасан зэрэг осол гарсан. Үүнээс хойш хуулийг дахиад өргөжүүлж, хуулийн өөрчлөлтийг харах хэрэгтэй болсон. Өмнө туслан гүйцэтгэх компани гэдэг утгаараа хариуцлага хүлээхгүйгээр үндсэн захиалагч газар бүх хариуцлага хүлээдэг байсныг гэрээгээр зохицуулсан. Жишээлбэл,  Үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлсэн. Тухайн барилга барьж буй газар 50-100 метр хүртэлх зайнд гарсан ослын асуудлыг тухайн туслан гүйцэтгэх болон захиалагч компани хариуцах гэсэн тогтолцоог  нэмэгдүүлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 100 (6832)