С.Бадрал: Монгол бичиг, кириллийг хооронд нь чөлөөтэй хөрвүүлэх боломжтой Кимо системийг нэвтрүүллээ

0
хуваалцах
457
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Болорсофт” компанийн захирал С.Бадралтай тус компаниас шинээр нэвтрүүлж байгаа кириллийг монгол бичигт, монгол бичгийг кирилл рүү хөрвүүлэх “Кимо” системийн талаар ярилцлаа.

 

-“Болорсофт” нь монгол хэл, бичгээ цахим орчинд хөгжүүлж, нэвтрүүлж авч явж байгаа үндэсний ганц компани. Монголын хамгийн том цахим толь бичиг болох Болор толь, үг үсгийн алдаа хянадаг Болорспелл гэсэн бүтээгдэхүүн нь зах зээлд хэдийнэ танил болжээ. Харин монгол бичгийн хэрэглээг дэлгэрүүлэх тал дээр хэрхэн ажил­ласан талаараа хуваалцахгүй юу?

-“Болорсофт” компани байгуулагд­сан цагаасаа хойш компьютерийн хэл шинжлэл буюу монгол хэлийг компьютерээр боловсруулах ажил дээр төвлөрч, өнөөг хүртэл энэ салбартаа тууштай ажилласаар ирлээ.

Бид анх компьютерт кирилл болон монгол бичгээр бичих боломжтой болгох үүднээс компьютерийн гар, фонт хийхээс эхэлсэн. Үүнээс хойш үг зүй, өгүүлбэр зүйн анализ хийж, өдгөө ойлгох хэмжээнд хүртэл хөгжүүлж байна. Монгол бичгийн хувьд 2003 оноос хойш кодчиллыг нь засах, анхны монгол бичгийн фонт болох Н.Эрдэнэчимэг эгчийн Mongolianscript фонтыг хамтран хөгжүүлж, сайжруулж эхэлсэн. Болорспелл алдаа хянах программыг хөгжүүлж байхдаа монгол бичгийг давхар хэрэгжүүлэхээс өөр арга байхгүйг ойлгож өдгөө хүртэл хамтад нь авч явсаар ирсэн. Ийнхүү явсаар өдгөө монгол бичиг, кириллийг хооронд нь чөлөөтэй хөрвүүлэх боломжтой Кимо системийг бүтээгээд олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.

-Энэ систем олон нийтийн хэрэглээнд нэвтрэх гэж 10 гаруй жил болсон байна. Тэгэхээр олон хүний хөдөлмөр шингэсэн болов уу?

-Кимо систем хэрэглээнд нэвтрэхийн өмнө маш урт хугацааг туулсан. Хамгийн гол нь монгол бичгийн юникодын кодчиллын засварыг хүлээж, өнөөг хүртэл шийдэгдээгүй тул өөрсдөө Тунгаамал хэмээх кодчиллын загварыг хөгжүүлж, түүнийгээ хийж дуусгалаа. Тус систем дээр “Болорсофт” компанийн бүх баг буюу хиймэл оюун, өгөгдөл бэлтгэл, программ хангамж хөгжүүлэлт, дизайны баг бүгд оролцож ажиллалаа. Ийнхүү манай компанийн бүх ажилтны хүч хөлсөөр Кимо систем бүтлээ. Дараагийн шатанд мобайл утасны аппликейшнийг гаргахаар ажиллаж байна.

-Ийм олон хүний хөдөлмөр, олон жилийн хугацаа зарцуулж бүтсэн  системээ яагаад үнэгүй ашиглуулахаар шийдсэн юм бэ?

-Нэгдүгээрт, бид монгол бичгийг хамгаалж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа үндэсний компани. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар энэ систем бичвэрийг 99 хувийн нарийвчлалтай зөв таньж чадахгүй байгаа. Тиймээс нийгмийнхээ хариуцлагын хүрээнд хэл, оюуны соёлоо дээдлээд хүн бүр ашиглах боломжтой учраас үнэгүй гаргая гэж шийдсэн.

-Кимог хаанаас авч хэрхэн ашиглах вэ?

-Вэб хуудас хэлбэрээр mngl.net хаягт байгаа учраас ямар нөүтбүүк дээр ажиллах вэ гэж асуух шаардлагагүй. Вэб хөтчөө нээгээд кирилл бичиг оруулах цонх байна. Түүн дээр текстээ оруулаад ганц товч дараад монгол бичигт хөрвүүлнэ. Ашиглахад маш амархан.

-Кимо бусад компанийн бүтээгдэхүүнүүдтэй хэр нийцтэй ажиллах вэ?

-Тунгаамал загварт нийцтэй фонт болон гарыг суулгасан бүх систем дээр нийцтэй ажиллана. Unicode-ийн стандартыг тогтож чадахгүй асуудал байсныг Тунгаамал загвар гаргаад шийдсэн. Шинжлэх ухааны академи бүрэн зөвшөөрөөд ашиглахад бэлэн болсон.

-Дэлхийн шилдэг компаниуд бусад орны компаниудтай хамтарч ажиллахдаа ямар шаардлага тавьдаг вэ?

-“Болорсофт” компани монгол бичгийг компюьтерийн системд оруулах гэж олон жил тасралтгүй ажиллах энэ хугацаандаа бүх вэб хөтөч босоо бичгийг бичих, дүрслэх боломжийг олгоход анхаарсан. Үүний дээр Microsoft, Apple, Google, Adobe гэсэн хөтөч үйлдвэрлэгчтэй хамтарч ажилласан. Одоо ч  дотно харилцаатай, хамтран ажилладаг. Үр дүнд нь Microsoft-ийн ямар ч оффис дээр монгол бичгээр бичих боломжтой болсон. Гадаадын компанитай хамтран ажиллахад мэргэшсэн байдал, код бичих чадвараас гадна стандартын мөрддөг, сахилга баттай, ёс зүйтэй харилцаатай, хүнийг хүндэлдэг байх ёстой. Манай ажилтнуудын ихэнх нь англиар чөлөөтэй ярьдаг ба чадвар, хийсэн үйлсээрээ дэлхийн шилдэг компаниудад танигдаад, тоогдоод хамтран ажиллаж байна гэж боддог.

-“Болорсофт” компани байгуулагдаад 14 жил болжээ. Энэ хугацаанд хийсэн бүхнээ эргэн нэг дүгнэвэл?

-Манай компани нэгдүгээрт, Болор толь, хоёрдугаарт, үг үсгийн алдаа шалгагч Болорспеллийг бүтээсэн. Гуравдугаарт, мониторинг хийдэг Кудос систем байна. Мөн интернэт дээрх мэдээллийг салбар бүрээр нь ангилдаг, нэгтгэж, задалж, боловсруулдаг Эдүгэ системийг бид хийсэн. Цахимаар хуралддаг, үнэ төлбөргүй ашиглах боломжтой Uulz  аппликейшнийг цар тахлын үед буюу 2020 онд бүтээсэн. Дээр дурдсан монгол бичгийн Тунгаамал загварыг бүтээсэн нь монгол бичгийн хувьд амин чухал суурь асуудлыг шийдсэн юм. Цаашид монгол бичгийн хэрэглээ сэргэж, алдаа шалгагч хэрэгтэй болно. Тэр программыг нь дотроо тестлээд бэлэн болоход тун ойрхон явж байна. Мөн “Болорцэцэн” гэсэн найруулга, утгын алдаа засдаг систем бүтээхээр ажиллаж байна.

-Шинэ ондоо танай хамт олон ямар зорилт дэвшүүлсэн бэ?

-Энэ онд бид Кимо систем дээрээ төвлөрөн ажиллаж, ямар ч алдаагүй бүрэн хөрвүүлдэг систем болгохыг зорьж байна. Мөн BolorCMS хэмээх вэбийн агуулга удирдах системдээ Кимо болон Гүүш системээ холбон зөвхөн кирилл бичгээр бичихэд автоматаар монгол бичгийн болон англи агуулгыг үүсгэдэг болгохоор ажиллаж байна. Хуулиараа Монгол Улс 2025 онд хос бичгийн хэрэглээнд шилжихээр болсон. Гэтэл нэг хэсэг нь монгол бичиг хэрэггүй. Нөгөө нь 800 жилийн түүхтэй оюуны үнэт өв, бахархал гэж хоёр хуваагдаад маргаж мэтгэлцэж байна. Харин бид өндөр технологийн тусламжтайгаар аль ч бичгээ илүүд үзэхгүйгээр хамтад нь чөлөөтэй хэрэглээд аваад явах боломжийг олгохоор зүтгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)