Б.ДОЛЖИНЖАВ

 

Ардчилсан засаглалаас цэргийн дэглэмд өнгөрсөн оны эхээр шилжсэн Мяньмар улсын удирдагч асан Аун Сан Су Чи-д таван жилийн хорих ял оноосон гэж “CNN” мэдээлсэн бол ялын хэмжээг нэмэгдүүлж 11 жил болгосон талаар “BBC” бичжээ.

 Тодруулбал, “Төмөр хатагтай” хэмээн дэлхийд танигдсан, Нобелийн энх тайвны шагналтан Су Чи-г авлигын 11 хэрэгт буруутай хэмээн үзсэний дараа Мяньмарын шүүхээс лхагва гарагт ял оноосон гэж хэргийн талаар сайн мэдэх эх сурвалж ярьсан байна.  Шүүх хурал Су Чи-г Мьянмарын хамгийн том хот болох Янгоны удирдагч асан Фио Мин Тейнээс 600 мянган ам.доллар бүхий бэлэн мөнгө, 11.4 кг алт авсан хэрэгт төвлөрчээ. Нийслэл Ней Пи Тау хотод  шүүх хурал хаалттай болсон учир үүнээс өөр нэмэлт, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс эх сурвалж татгалзсан байна. Су Чи-гийн хувьд эдгээр бүх мэдэгдлийг учир утгагүй хэмээн няцаагаад байгаа юм.

Иргэний эрх, ардчиллын бүлгүүд, НҮБ-аас Мьянмарын шүүхийн үйл ажиллагааг хуурамч гэж буруутгаж байна. Тухайлбал, “Human Rights Watch” үүнийг хуурамч хэргээр нууц ажиллагаа явуулдаг шүүхийн “цирк” гэж нэрлэсэн бол Олон улсын хамтын нийгэмлэгээс шүүх хурлыг “онигоо” хэмээн үзэж, “төмөр хатагтайг” суллахыг шаардлаа.

Хэргийг эргэн сануулвал, цэргийнхэн Засгийн эрхийг 2021 оны хоёрдугаар сарын 1-нд гартаа авсныхаа дараа Мяньмарыг таван жил удирдсан Су Чи-г сонгуулийн болон төрийн нууцын хууль зөрчсөн, дэмжигчиддээ авлига өгсөн зэрэг 18 хэрэгт буруутган баривчилсан билээ. Цэргийн дэглэм тогтсоноос хойш Аун Сан Су Чиг дэмжигч 10 мянга гаруй хүнийг баривчилж, 1800 гаруй хүнийг хөнөөсөн гэж Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг мэдээлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 85 (6817)