Ч.ҮЛ-ОЛДОХ

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.

 

 -УИХ-аар Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбогдуулж намуудын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсронгуй болгохыг шаардах боллоо. ИЗНН ямар байр, суурьтай байна?

-Бид өөрчлөлтийг дэмжиж байгаа. Тухайлбал, улс төрийн намыг идэвхтэй,  идэвхгүй гэж ангилах, улс төрийн намын гишүүнчлэлд доод хязгаар тавихыг хүчингүй болгох, дотоод ардчилал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, санхүүжилтийг ил тод, тодорхой ойлгомжтой болгох, УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн системээр явуулах гээд дэмжих олон заалтыг ярьж байгаа.

-Манай улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Журмын тухай хуулиар найман жил дахин гар хүрэх боломжгүй. Хэрэв дахин өөрчилнө гэвэл ямар гарц байх бол?

-Өөрчлөлт орсон тухайн заалтыг дахин ярихад хүрвэл найман жилийн хугацаа туулах шаардлагатай гэсэн байдлаар энэ хуулийг ойлгож байгаа.

Гэвч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацаатай холбоотой хатуу заалт байхгүй учраас энэ хуулийг бусад хуулийн нэгэн адил УИХ өөрчлөх бүрэн боломжтой. УИХ хүсвэл тийм ч хэцүү даваа биш.

-Ардчилсан Үндсэн хууль баталсан тухайн үеийн АИХ болон Улсын Бага хурлын гишүүн 1992 оны хууль чадамжаа алдаагүй гэж үздэг. Үндсэн хуулиа боловсронгуй болгохдоо 1992 оны Үндсэн хуульд суурилах боломжтой юу?

-Өөрөө гар бие оролцон баталсан хуульдаа хүн бүр л хайртай байдаг байх. Энэ бол хувь хүний өөрийн итгэл үнэмшлийн асуудал. 1992 оны Үндсэн хуулийн амин сүнсийг өөрчлөх талаар одоогоор ярьсан зүйл алга.

1992 оны Үндсэн хууль тэр үеийнхээ хөгжлийн бүтээгдэхүүн, төгс төгөлдөр болсон гэж үздэггүй. Жишээ нь, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тэнцвэртэй байх зарчим алдагдсаныг хууль тогтоох байгууллага нь төрийн эрх барих дээд байгууллага гэсэн давхар үүрэг функцтэй болсоноор харж болно.  Үүний гор өнөөдөр гарч байна. Энэ бүхнийг засаж сайжруулна гэвэл Үндсэн хуулийн шинэчлэлийг зайлшгүй ярих учиртай. Одоогоор өөрчлөлт оруулах хэмжээнд ярьж байгаа учраас ийм томоохон тогтолцооны шинэчлэл хийх боломж хомс байх шиг байна.

Нөгөө талаас дэлхийн дэг журам өөрчлөгдөн, бидний өмнө шинэ сорилтууд тавигдаж эхэлсэн байхад тусгаар улсаа улам баттай болгоход төрийн тогтолцоогоо улам чамбайруулах шаардлагатай болсон. Төрд тавих иргэдийн хяналт дэндүү сул байна. Ийм тогтолцоог цаг алдалгүй засахаас  аргагүй. Өөрчлөх шалтаг, бодит шалтгаан байгаа учраас улс төрийн бараг бүх нам анх удаа санал нэгдэж байгаа болов уу.

-Хуулийн шинэчлэлээр сонгуулийн тогтолцоог пропорциональ эсвэл холимог хэлбэртэй болгох саналууд давамгайлж байгаа нь ажиглагдсан. Алийг нь дэмжиж байгаа вэ?

-Хувь тэнцүүлсэн системийг дэмжиж байгаа. Энэ систем сонгогчдын төлөөллийг сайн хангаж өгдөг. Өнөөгийн мажоритар системээр хэдэн зуун мянган санал орхигдож, тэр хэмжээгээр сонгогчид хохирч байна. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг бодитойгоор хэрэгжүүлэхэд сонгуулийн одоогийн систем том саад болж байгаа.

Хувь тэнцүүлсэн систем нь тойргийн эрх ашигт явцуурахаас зайлсхийж улс орны хэмжээний хөгжлийн бодлого, чиг шугамыг тодорхойлдгоороо давуу талтай. Тойрогтоо зам тавих, цахилгаан дамжуулах шон татах гэх мэтээр улсын сан, хөрөнгийг хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах боломж бүрдүүлэхгүй бол эдийн засгийн үр ашиг муутай бодлого хэвээр үйлчилсээр байх болно.

Монголчуудын олонхийн төлөөлөл парламент гэсэн нэгэн тогоонд үзэл бодлоо уралдуулан шийдвэрээ гаргах цаг болсон.

-Иргэдийн төрд оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлье гэлцдэг. Цөөн байснаар асуудалд төвлөрөх сайн талтай гэх нь ч бий. Зарим нь хоёр танхимтай парламентыг санагалзаж байх шиг. Ямар байвал үндэсний аюулгүй байдалд ээлтэй бол?

-Парламентын дээд, доод танхим бүрдүүлэхэд өнөөдөр бэлэн биш байна гэвэл УИХ-ын одоогийн нэг гишүүнд ногдох эрх дархыг багасгах, төрийн шийдвэр гаргахад аль болох олон гишүүнийг хамруулах нь нэг шийдэл мөн гэж үзэж байна.

Уг нь доод танхим нь хуулиа тогтоон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тэнцвэрээ хадгална. Харин хяналт болоод төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг, сум хороо бүрийн төлөөлөл бүхий, гишүүд нь орон тооны бус ийм дээд танхимтай байвал манай төр хүчирхэг болно гэдгийг олон хүн дэмждэг. Бид ч ийм байр суурийг олон удаа илэрхийлж байгаа. Ийм тогтолцооны өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулийг шинэчлэх хэмжээний гэж үзээд байх шиг. Уг нь хүсвэл хойшлуулалгүй хийж болно л доо. Төсөл нь бэлэн байна.

-Олонх болсон намууд засаглал хуваах зарчмыг байнга зөрчдөг. Төрийн дээр нам гарч дураар авирласан, “Давхар дээл”-ээр наймаалцдаг гэх шүүмжлэл байнгын сэдэв байж ирлээ. Хуулийн шинэчлэлээр цэгцлэх ямар боломжууд байна вэ?

-Засаглал тэнцвэртэй байх зарчим 1992 оны Үндсэн хуулиар алдагдсан. Хууль тогтоох дээд байгууллага нь гүйцэтгэх, шүүх засаглалынхаа дээр гарчихсан шүү дээ. Уг нь энэ алдааг засчихмаар байгаа юм.

Гишүүдийн тоо нэмэгдэх нь парламентын хяналтыг сайжруулаад зогсохгүй “Давхар дээл”-ийн асуудал нь өөрөө тийм ч хэцүү биш болно. Асуудал “Давхар дээл”-д  бус, засаглалын тэнцвэр алдагдсанд л байгаа.

-Төр хяналтгүй, төсөв, санхүүгийн бодлого нь эрх мэдэл, мэдээлэлд ойр хэдэн хүний баяжих боломжийг дэмжиж ирснээр улс орон, иргэдийн амьдрал дээшлэхгүй байна. Үндсэн хуулийг өөрчилж гэмээ нь эдийн засгийн том бодлогуудыг хамгаалах, хэрэгжүүлэх ямар боломжууд бий болох вэ?

-Сонгуулийн одоогийн систем сүлжээтэй нам, мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүст л боломж олгодог. Төр түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэх ухаантан мэргэд орох бололцоог хаасныг бүгд шүүмжилдэг. Монголыг хэдэн тойрогт хуваан бүр өмчилчихсөн нөхдүүд УИХ-д олноороо сууж байна. Тэд амар хялбар сонгогдохоо л урьтал болгохоос улсаа өндөр хөгжилтэй болгож, ард олноо энх тунх, сайн сайхан амьдруулахад жинтэй шийдвэр гаргаж чадахгүй байна шүү дээ.

Төрд ажиллана гэдэг нь улс орныхоо төлөө өөрийн алд биеэ умартан зүтгэх чин зүтгэл юм. Гэтэл эрх мэдлийг ард түмнийхээ сайн сайхны төлөө бус өөрсдийнхөө төлөө, өөрсдийн ойр тойрныхоо төлөө ашиглаж байгаа зүй бус байдлыг одоо л халахгүй бол цааш сунжирвал манай улсын эдийн засгийн дархлаа  хэврэг болохоор байна.

-Улс төрийн намууд хатуу гишүүнчлэлээс татгалзаж, талцал хуваагдлыг арилгана гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нэг. Бидэнд өнөөдөр эв нэгдэл, эв эеэ хичээх үзэл маш чухал байна. Манай улсын хэдэн мянган жилийн түүхээс харахад төрийн тогтолцоо нь хүн ардаа дэмжсэн, тэднийхээ бүрэн хараа хяналтад байж, хөгжлийн бодлого, гадаад бодлого дээрээ нэгдмэл байсан цагт хүчирхэг байсан нь харагддаг.

Хоорондоо эв түнжин муутай, эе эвдрэлцэл ихдэн өөр хоорондоо дайтснаар бусдад өгөөш болж байсан гашуун түүх арвин. Хүннүгийн төрөөс хойшх манай бүх л төр өөр хоорондын дайсагналаасаа болж мөхөж байсан сургамжийг хаана хаанаа тунгааж, төрөө бат бөх болгох зоримог алхмыг хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)