Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Бид энэ удаа Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч, анагаах ухааны докторант Г.Ням-Одыг урьж, умайн хүзүүний хорт хавдрын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 

ЖИЛД 150 ОРЧИМ ЭМЭГТЭЙ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААР НАС БАРЖ БАЙНА

Блиц

-2012 онд: ЭМШУИС-ийг хүний их эмч

-2014-2016 онд: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч

-2016 онд: Анагаах ухааны магистр

-2017 онд: Эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч

-2016 оноос:Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт их эмчээр ажиллаж байна.

-2021 онд: Анагаах ухааны докторант

-Улсын хэмжээний  2021 оны эрүүл мэндийн тоон мэдээллийг харвал зонхилон тохиолдож байгаа хавдрын тавдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Эмэгтэй хүйсийн хувьд элэгний хорт хавдрын дараа хоёрдугаарт жагсаж байна. Сүүлийн 10 жилийн дунджийг харвал жилд 400 орчим эмэгтэй энэ хавдраар оношлогдож, 150 орчим нь нас барж байна. Тухайлбал, 2020 онд 480, өнгөрсөн онд 312 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, 2021 онд 157 эмэгтэй нас барсан. Гэтэл умайн хүзүүний хорт хавдар хожуу үедээ оношлогдсон ч мэс засал, туяа, химийн эмчилгээгээр эдгэрэх боломжоороо нэгдүгээрт ордог. Мэргэжлийн хэллэгээр тавилан сайтай халдварт багтана. Энэ халдвараар өвчилсөн тохиолдолд нас барахгүй байх бүрэн боломжтой.

-Өөрт ямар нэгэн зовиур байхгүй бол иргэд үзүүлдэггүй. Гэтэл умайн хүзүүний хорт хавдрын эмнэл зүйн шинж нь хожуу буюу III, IV шатандаа илэрдэг. Умайн хүзүүний хорт хавдар дөрвөн үе шаттай. Энэ нь дотроо 1А, 1B, 2A, 2B гэж дэд бүлэгт хуваагддаг. Хожуу үе буюу 2B үе шатаас хойш  мэс заслын хагалгаа хийх боломж байдаггүй. Туяа болон химийн эмчилгээ хийдэг. 2B-ээс өмнөх үе шатанд оношоос хамаараад умайн хүзүүг тайрах, умайг бүхэлд нь авах гэсэн 5-6 мэс засал хийдэг.

 

ЭРТ ИЛРҮҮЛЭГ 40 ХУВЬД ХҮРЭХГҮЙ БАЙНА

 

-Умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эмнэл зүйн удирдамж боловсруулж, эрт илрүүлэх хөтөлбөрийг 2012 оноос улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд нэг удаа харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө эсийн шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Умайн хүзүүний эсийн шинжилгээнд гурван жилд нэг удаа хамрагдаж хэвшсэнээр умайн хүзүүний хорт хавдраас сэргийлж чадна. Эсийн шинжилгээ нь эрт илрүүлгийн эхний үе шат юм. Гэтэл энэ хөтөлбөр хэрэгжээд 10 жил болж байхад эрт илрүүлэг дунджаар 40 хувь хүрэхгүй байна. Энэ нь хавдраар оношлогдсон 10 эмэгтэй тутмын дөрөв нь эрт илрүүлэгтээ хамрагдахгүй, хожуу оношлогдож  байна гэсэн үг. 2021 онд оношлогдсон эмэгтэйчүүдийн 50-60 хувь нь хожуу буюу хагалгаа хийх боломжгүй үе шатандаа оношлогдсон. Энэ нь нас баралтын тэргүүлэх шалтгаан юм. Хоёрдугаарт, эрт илрүүлэг, эсийн шинжилгээний хамрагдалт муу байна. Тухайлбал, 2021 оны эсийн шинжилгээний хамрагдалт 27 хувь байсан.

-Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол багатай холбоотой. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70-80 хувь энэ талаар мэдсэн ч, өрхийн эмнэлэг нь дуудаад байхад шинжилгээгээ өгөхгүй байна. Учрыг асуухаар “завгүй, ажилтай” гэсэн шалтгаан тооцдог нь харамсалтай. Тиймээс эрт илрүүлэгт хамрагдах хүмүүст байгууллага нь  нэг өдрийн чөлөө олгох нөхцөлийг бүрдүүлэх санал дэвшүүлж байна.

 

ЖИЛД НЭГ УДАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮЗЛЭГТ ОРЖ ХЭВШИХ ХЭРЭГТЭЙ

 

-ДЭМБ 2020-2030 онд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах зорилт тавьсан. Үүнд гурван хөтөлбөр багтсан. Нэгдүгээрт, нийт охидын 90 орчим хувийг вакцинд хамруулна. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн 70 орчим хувийг эрт илрүүлэгт хамруулна. Гуравдугаарт, хавдраар оношлогдсон хүмүүсийн 90 орчим хувийг эмчилж чадвал умайн хүзүүний хорт хавдраар хүмүүс нас барахгүй. Эрсдэл эрс буурах боломжтой гэж үзсэн. Манай улсад эрт илрүүлэг 40 хувь байгааг 70 хувь болгохын тулд иргэдийн мэдлэг, мэдээллийг сайжруулах хэрэгтэй. Эмэгтэйчүүд зорилтот насандаа гурван жил тутамд нэг удаа эсийн шинжилгээндээ хамрагдаад  хэвшчихвэл энэ хавдрын тоо буурна. Умайн хүзүүний хорт хавдрын анхдагч урьдчилан сэргийлэлтэд вакцинжуулалт, бэлгийн зөв боловсрол орно. Хоёрдугаарт, эрт илрүүлгийн хөтөлбөртөө хамрагдах, бэлгийн харилцаанд орсноос таван жилийн дараа эсийн шинжилгээ өгч хэвших хэрэгтэй. Жилдээ нэг удаа эмэгтэйчүүдийн үзлэгт орох нь чухал.

-Сүүлийн 10 жилийн дунджаар умайн хүзүүний хорт хавдартай дөрвөн эмэгтэй тутмын нэг нь өрхдөө шинжилгээ өгөөд, эрт  илрүүлэгтээ хамрагдаад оношлогдсон байна. Тухайлбал, 2020 онд батлагдсан 480 эмэгтэйн 72 нь эрт илрүүлэгт хамрагдаж тэдний 73 хувь нь эрт үедээ оношлогдож, бүрэн эдгэрсэн. Тиймээс эрт илрүүлэг маш чухал. Бусад хавдраас ялгаатай нь умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан нь тодорхой байдаг. Тиймээс эрт илрүүлэг, вакциндаа хамрагдвал энэ хавдраар өвчлөхгүй, амиа алдахгүй байх бүрэн боломжтой.

 

ХАМГИЙН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ХӨХӨНЦӨР ВИРУСЫН ХАЛДВАР ЮМ

 

-Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл  олон бий. Тамхи татах, жирэмснээс хамгаалах дааврын эмийг удаан хугацаагаар хэрэглэх, дархлаа сул байх, эрт бэлгийн харилцаанд орох нь эрсдэлт хүчин зүйлийн 10 орчим хувийг эзэлдэг. Үлдсэн 90 орчим хувийг эзэлдэг хамгийн эрсдэлт хүчин зүйл нь хөхөнцөр вирусын халдвар буюу папиллома вирус юм.

-Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орсон үеэс эхэлнэ. Учир нь бэлгийн харьцаанд орсноор хүний папиллома вирусын халдвар авах магадлал үүснэ. Иймээс тус халдварын эсрэг вакциныг охидод хийх нь зүйтэй гэж үздэг. Бэлгийн замаар дамжин халдварладаг хүний папиллома вирусаас сэргийлэх хамгийн гол арга нь вирусын эсрэг вакцин юм. ДЭМБ 2008 онд папиллома буюу хөхөнцөр вирусын эсрэг вакциныг гарган авсан. 2020 оны мэдээллээр 190 гаруй орны 122 нь хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг дархлаажуулалтынхаа товлолтод оруулсан байна. 

-Манай улсад хүний папиллома вирусын вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын албанд сайн дурын үндсэн дээр хийдэг. Өөрөөр хэлбэл, манай улс дархлаажуулалтын товлолдоо энэ вакциныг хараахан оруулаагүй улсын нэг гэсэн үг. ДЭМБ-аас баталгаажилт авсан вакциныг 9-13 насны охидод тун хоорондын хугацаа нь нэгдүгээр тун хийлгэснээс хойш хоёр сарын дараа хоёрдугаар тунг хийлгэж, эхний тунгаас зургаан сарын дараа гуравдугаар тунг хийдэг.

-Папиллома вирусын халдвар авсан эмэгтэй бүр умайн хүзүүний хавдраар өвдөх үү гэвэл бас үгүй. Хувь хүний дархлааны онцлог, байдлаас хамаарч халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 90 хувьд нь хоёр жилийн дотор вирусын халдвар устаж, буцаж эдгэрдэг. Үлдсэн 10 хувьд нь 10-30 жилийн хугацаанд хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Вакцин хийсэн тохиолдолд умайн хүзүүний хавдраар өвдөх эрсдэл буурна гэсэн үг.

-Бэлгийн олон хавьтагчтай байх, хавьтагч нь цаанаа олон хавьтагчтай байвал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан болдог. Тиймээс  эрэгтэй хүн хөхөнцөр вирусыг тээгч болон дамжуулагч болдог. Хөхөнцөр вирус нь дан ганц умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэггүй. Шодойн хавдар, ам, залгиур, улаан хоолойны хавдрыг үүсгэдэг учир эрэгтэйчүүдэд эрсдэлтэй. Дэлхийд 150 гаруй төрлийн хөхөнцөр вирус байна. Үүний 30 орчим төрөл нь умайн хүзүүний хавдар үүсгэдэг.

 

БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРСНООС ТАВАН ЖИЛИЙН ДАРААГААС ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ

 

-АНУ, Япон, Канад гэсэн өндөр хөгжилтэй оронд 21 наснаас нь эмэгтэйчүүдээс эсийн шинжилгээ авдаг. Эдгээр оронд хамгийн эхэнд папиллома вирус байгаа эсэхийг үздэг. Вирус илрэхгүй бол таван жилийн дараа шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Манай улс 30 наснаас эсийн шинжилгээнд хамруулдаг нь хожуудаа орно. Бэлгийн харилцаанд орсноос таван жилийн дараагаас хавдар үүсэж эхэлдэг тул 15 настайдаа бэлгийн харилцаанд орсон бол 20 настайдаа эсийн шинжилгээ өгнө. Гэхдээ 30 наснаас доош насны эмэгтэйгээс эсийн шинжилгээг үнэгүй авах улсын эмнэлэг одоогоор байхгүй. Хувийн эмнэлэгт эсвэл “13-ын А” маягтаа аваад ХСҮТ дээр үнэгүй өгч болно. Дэлхийд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй дундаж нас 50 байдаг бол манайд 45-50 байна. Гэхдээ бүх насны эмэгтэй энэ хавдраар өвчлөх эрсдэлтэй.

-ДЭМБ, манай улсын эрдэмтэд эрсдэлт насыг 30-60 нас гэж тогтоосон. Учир нь монгол эмэгтэйчүүд дунджаар 20 насандаа бэлгийн харилцаанд ордог гэж тооцоолдог. Тиймээс 10 жилийн дараа хавдар үүсэж эхэлнэ гэж тооцоод 30 наснаас эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн. Гэтэл бэлгийн харилцаанд орох нас сүүлийн үед залуужсан. 14,15 настайдаа бэлгийн харилцаанд орсон охидын тухайд 24-25 насандаа хавдар үүсэж эхэлнэ. ХСҮТ-д жилд 150 орчим эмэгтэй умайн хүзүүний урьдал өвчин, хавдраар умайн хүзүүг тайрах мэс засалд орж байна. Үүний 50 орчим хувь нь 30-аас доош насныхан байна.

-Улсын хэмжээнд хавдрыг илрүүлэх, эмчлэх нэг төв байгаа учир хүний нөөц хүрэлцэхгүй байна. Манай эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн 10 эмч, ажлын таван өдөр 20-25 хагалгаа хийж байна. Ачаалал их учир мэс засал 14-21 хоног хүлээгддэг. Тиймээс хоёр дахь ХСҮТ-ийг удахгүй барина гэдэгт итгэлтэй байна.

-“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа нь маш зөв санаачлага юм. Учир нь алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдийн аймаг, сум, өрхийн эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах хувь эрс бага байдаг. Гэтэл хөх болон умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эдгэрэх боломж нь ихэсдэг. Тиймээс явуулын эмнэлэг очих нь алслагдсан бүсийн эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт хамруулж, хавдрыг эрт илрүүлж, 100 хувь эдгэх боломжийг олгох учир үр дүн өндөр гарна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 82 (6814)