Б.САНСАР
ХБНГУ-ын “Дойче Велле” агентлагийн тоймч Юрген Каль манай орны УИХ-ын сонгуулийн талаар ийм гарчигтай нийтлэл бичсэнийг сийрүүлэн хүргэе.
Монголын нийт сонгогчдын ердөө 65 хувь нь тус улсын саяхан болж өндөрлөсөн парламентын сонгуульд оролцсон байна. Асар их байгалийн баялаг нь цөөн хэдэн хүний халаасыг түнтийлгэдэг улс төрд иргэд нь сэтгэл дундуур буйн илрэл энэ. Иймээс ч монголчууд хоёр томоохон улс төрийн хүчний алинд нь ч олонхи болох боломж олгоогүй гэлтэй. Урьдын, 2008 оны сонгуульд нийт сонгогчдын 74 хувь оролцож байсныг бодвол энэ удаагийн сонгуульд иргэдийн идэвхи эрс буурчээ.
Анх удаа автомат машин ашигласан сонгуулиас хойш гурав хоног өнгөрсөн ч эцсийн үр дүн албан ёсоор гараагүй байгаа юм. Хэдий тийм ч урьдчилсан дүнгээс үзвэл, 1990 онд тус улсад улстөр, эдийн засгийн огцом өөрчлөлтийг өрнүүлсэн, өнөөгийн Ерөнхийлөгчийнх нь Ардчилсан нам пост-коммунист МАН-аас илүү санал авах нь тодорхой болжээ.
Урьдчилсан дүнгээр, Ардчилсан нам парламентын 76 суудлын 31-ийг авах бөгөөд энэ нь дангаараа Засгийн газар байгуулахад найман суудлаар дутуу юм. МАН-ын хувьд энэ сонгууль том ялагдал. Урьдын парламентаас энэ нам даруй 17 суудал алдаж, ердөө 29 мандат аваад байна. Энэхүү ялагдлыг тус намын экс-дарга, Монголын экс-Ерөнхий сайд, экс-Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой гэж хэлж болно. Тэрээр МАН-аас гарч, намынхаа хуучин нэрийг авсан, зүүний чиг баримжаатай популист, үндсэрхэг улс төрийн хүчнийг байгуулсан юм. Засгийн эрхэнд байсан МАН, АН-ын алинд ч итгэл алдарсан иргэдийн ачаар МАХН 11 суудалтайгаар УИХ-ын гуравдахь том хүчин болж чадсан байна.
22 жилийн өмнөөс коммунист засаглалаас татгалзан шинэ замд орсон гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улс сүүлийн хэдэн жил хурдацтай хөгжиж буй.
Монголд зочилсон хүмүүс тус улсын асар хурдан өөрчлөлтийг гайхан шагширдаг. Байгалийн баялаг нөөцийнхөө экспортын ачаар тус улсын эдийн засаг жил бүр хоёр оронтой тоогоор өсөх болжээ. Иймээс ч Монголын нийслэл Улаанбаатар хотод тэнгэр баганадсан барилгууд шил шилээ даран “ургах” болсон байна. Орон сууцны нэг хороолол ашиглалтад орсон уу үгүй юу, дараагийн хороолол нь баригдаж байгаа аж. Дэлхийн бусад томоохон хоттой харьцуулахад орон сууцны түрээс бараг л бэлэгдлийн гэмээр хямд, таван одтой ч хямдхан зочид буудлуудтай, хямд үнэтэй бараагаар бялхсан дэлгүүрүүдтэй хот бол Улаанбаатар.
Германы нэгэн бизнесментэй ярилцахад, “Улаанбаатарт та Мюнхенээс ч илүү олон “Хаммер” жийп харж болно. Гэхдээ энэ бол монголчуудын баян хоосны ялгаа ямар их байгааг илтгэх нэг тэмдэг. Цөөн хэдэн баячууд тансагийн дээдээр амьдарч байгаа ч монголчуудын гуравны нэг нь үгээгүй хоосон бөгөөд хорвоогийн бор хоногийг хоолтой өнгөрөөх гэж тэмцэж байна. Үүнийг ялангуяа хотыг бүчсэн гэр хорооллоос харж болно. Гэр хороололд хөдөө орон нутгаас нүүж ирсэн хагас сая гаруй хүн амьдардаг юм” гэлээ.
Тус улсын огцом өөрчлөлт хотод төдийгүй, намуухан байгаль, нүүдэлчдийн амьдралын романтизмыг амтлах дуртай жуулчдын диваажин болсон хөдөөд ч илт мэдрэгдэнэ. Хязгааргүй уудам талыг гэтлэн машинаараа уул өөд мацахад л хаа нэгтээ алтны уурхай харагдана. Албан ёсны зөвшөөрөлгүй бэсрэг уурхайн тоо 100 мянга хол давсан гэх. Үүнийг хүлээн зөвшөөрч болно гэж үү? Алтны уурхайн хоршооны нэгэн тэргүүн ярихдаа, “Монголын бүх баялаг монгол иргэн бүрийн өмч. Иймд, Засгийн газар бидний малтлагыг хүлээн зөвшөөрсөн ч, үгүй ч бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх л болно” гэж байлаа.
ХБНГУ-ын тэргүүний хувиар Канцлер А.Меркель Монголд анх удаа өнгөрсөн оны сүүлээр айлчлахдаа хоёр зорилготой байж. Нэгдүгээрт, түүний айлчлал Төв Ази дахь цорын ганц ардчилсан орныг хүндэтгэн дэмжсэн явдал байлаа. Нөгөөтэйгүүр маш тодорхой эдийн засгийн ашиг сонирхлыг агуулсан юм.
Юу гэвэл, Германы бизнесийн хүрээ Монголд уул уурхайн технологи, техник тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс гадна байгалийн баялгийг нь олборлон хүртэх маш их сонирхолтой.
Ингэхэд, тус улсын байгалийн баялаг иргэддээ дэм болж байна уу, эсвэл гай авчирч байна уу? Байгалийн баялаг тус улсыг үүнээс хүртэгсэд болон үл хүртэгсэд гэсэн хоёр хэсэгт хуваасан гэмээр.
Монголын нөлөө бүхий хоёр нам хоёулаа л өнгөрсөн гашуун түүхээс сургамж авсан, байгалийн баялгийг иргэн бүрт шударгаар хүргэх нийгэмд чиглэсэн эдийн засгийг хөгжүүлнэ гэж амласаар. Ийм амлалтад монголчуудын нэлээд хэсэг нь итгээгүй ч сонгуулийн дүн бэлхнээ харууллаа. Иргэдийн нэлээд хэсэг нь сонгууль өгөхөөс ч татгалзсан бөгөөд сонгууль өгсөн хүмүүсийн дунд цөөнгүй нь хоёр том намын популист амлалтад итгэсэнгүй.