Н.МӨНХЖИН
Д.Кэмерон Аргентины Ерөнхийлөгчийн нээлттэй захидалд хариу өгөхдөө “Фолклендийн гурван мянган хүн амын дийлэнх нь Британийг дэмжиж байна” хэмээн мэдэгдэв. Уг арал Британийн далайн чанадах газар нутгаар үлдэх эсэхийг гуравдугаар сард арал дээр болох бүх нийтийн санал асуулга шийдвэрлэнэ хэмээн Лондон үзэж байна. Британи орон нутгийн иргэдийн хүсэл сонирхлыг хүндэтгэж, хамгаална хэмээн Д.Кэмерон онцлов.
Британийн колоничлогчид 1833 онд Малвинас арлыг нэгтгэж Фолкленд хэмээн нэрлэснээс хойш уг арал дээр британи гаралтай хүмүүс амьдрах болжээ. Арлын гурван мянга орчим хүн амын 70 хувь нь шотланд, уэльс цагаачдын үр удам юм. Бусад нь франц, гибралтар, скандинав хүмүүс, цөөн тооны аргентин иргэд амьдардаг бөгөөд арал дээр англи хэлийг түлхүү хэрэглэдэг ажээ.
1982 онд Аргентин, Их Британийн хооронд уг арлын төлөө дайн дэгдэж Их Британийн ялалтаар төгссөн юм. Тэр үед Аргентин улс цэргээ хөдөлгөн арлыг эзлэн авсан ч Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн тушаалаар Британийн тэнгисийн цэрэг арал руу хөдөлжээ. Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн тулааны эцэст Аргентины арми 649 цэргээ алдаж бууж өгснөөр Лондон уг арал дээр дахин эрх мэдлээ тунхагласан билээ. Британийн тал 255 цэргээ алджээ.