Д.ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл,санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор санхүүч Р.Сувдгэрэлийг урилаа. Тэрээр “Дэвжих Партнерс” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд үйлдвэрүүдэд санхүүгийн зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт татахад дэмжиж ажилладаг ажээ.

 

ДОТООДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХЭД МАЛ АЖ АХУЙН САЛБАР ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

 

Блиц:

Боловсрол:

-БНХАУ-ын Ардын Их Сургуульд Олон улсын эдийн засаг, худалдаа мэргэжлээр бакалавр.

-БНХАУ-ын Ардын их сургуульд Санхүүч мэргэжлээр Магистрын зэрэг хамгаалсан.

-Монголын мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх.

Ажлын туршлага:

-“Дэвжих Партнерс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, үйлдвэрийн байгууллагын мэргэшсэн зөвлөх.

-Хүнс үйлдвэрлэл, мал аж ахуй, ноос ноолуур болон хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн зөвлөгөө өгөх, санхүүжилтын татах төслүүд дээр ажилласан туршлагатай.

-“Эрнст Энд Янг Монголиа Аудит” ХХК-ийн аудитын туслах.

-“Траст Трейд” ХХК-д дотоод аудитор, хийж байсан.

-ERP систем нэвтрүүлэх, сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах төслүүдийг хариуцан ажиллаж байсан.

Ковид-19 цар тахлын улмаас дэлхий нийтэд бараа материалын хомсдол, инфляци, эдийн засгийн өсөлтийн удаашрал нүүрлээд байна. Манай улсын хувьд БНХАУ-ын хил хаагдаж, бараа материалын хомсдол үүсч, үнэ өсөхийн сацуу экспорт зогссон хүндхэн цаг хугацааг тууллаа.

Улсын эдийн засаг ганц боомтоос хараат, цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспортод түшиглэдэг байхын эрсдэлийг бид мэдэрлээ.

Эдийн засгийн суурь онол байдаг шүү дээ. Аливаа улс өөрийн харьцангуй давуу талдаа түшиглэж хөгждөг гэж. Уул уурхайгаас гадна түүхий эдийн хувьд хараат бус, хямд өртгөөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт хийж орлого олох боломжтой салбар нь мал аж ахуйн салбар байна. Үүний тод жишээ бол 2018, 2019 онд тус бүр 60, 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж тус бүр 137-167 сая ам.долларын орлого олсон гаалийн мэдээ байна. 

Дотоодын эдийн засгийг сэргээхэд мал аж ахуйн салбар чухал нөлөөтэй. Учир нь Монгол Улсын ажиллах хүчний 30 орчим хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Хөдөө орон нутгийн дундаж өрхийн орлогын 60 хувь нь мал аж ахуйгаас бүрддэг. Өрхийн орлогод хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь малын тоо толгойн өсөлт болон махны үнийн өсөлт. Үүнийг Монголбанкны судалгаа харуулдаг. Хотын дундаж өрхийн хувьд ч мөн адил мах, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн өсөлт, цалин хангамж чухал нөлөөтэй. Учир нь аж үйлдвэрийн салбарын ажилчдын дийлэнх нь боловсруулах үйлдвэрт ажилладаг. Хэрэв мал аж ахуйд түшиглэсэн эдгээр үйлдвэрлэлийг хөгжүүлвэл орон нутгийн болон хот суурин газрын өрхийн орлогод ихээхэн нөлөөтэй. Иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ.

Үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт, зээлийн төсөл дээр ажиллахдаа би нэг зүйлийг ойлгож байна. Тухайлбал, үйлдвэр хөгжихөд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл нь зах зээлийн цар хүрээ юм байна. Шинэ Зеланд улсын хүн амын тоо, үхэр хонины тоо толгой манай улстай ойролцоо. Гэтэл Шинэ Зеланд жилд 750 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж 3.8 тэрбум ам.доллар олдог. Энэ нь Монголын экспортын оргил үе 2018 онтой харьцуулахад 10 дахин их мах экспортолж, 23 дахин их орлого олдог гэсэн үг. Бидний гол ялгаа гэвэл Шинэ Зеланд дэлхийн бүх улс руу чөлөөтэй экспорт хийдэг. Тэдний зах зээл нь дэлхийн долоон тэрбум хүн. Харин Монгол Улсын мал гоц халдварт өвчинтэй тул дэлхийн зах зээл хаалттай. Тиймээс зөвхөн дотоодын гурван сая хүнд л хүрдэг. 2020 онд 12 мянган тонн мах экспортлосон. Тэгэхээр хэрэв зах зээл нь хангалттай том байж чадвал гадаадын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид хэрэгцээтэй технологи, санхүүжилтийг олгоход бэлэн байдгийг өөрийн туршлагаар батлаж байна.

2017 онд малын тоо толгой 61 сая байхад MICC гээд хөрөнгө оруулалтын сан тооцоолол судалгаа хийсэн байдаг. Монголын нийт малыг эрүүлжүүлж, вакцинжуулахад жилд 30 орчим сая ам.долларын зардал гарна. Малыг гурван жил системтэй вакцинжуулж 90 сая орчим ам.доллар зарцуулахад дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагад малын гоц халдварт өвчингүй бүс гэж бүртгэгдэх боломжтой. Өнөөдөр малын тоо толгой 70 сая хүрсэн тул энэ зардал жилд ойролцоогоор 35 сая ам.доллар болох болов уу. Тэгэхээр энэ ажлыг хийхийг төр засгаас шаардах хэрэгтэй.

 

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ИННОВАЦЛАГ БҮТЭЭГДЭХҮҮН БА ЭКСПОРТ

 

Гэхдээ бүх малыг эрүүлжихийг хүлээх хэрэг байхгүй. Хэдийгээр түүхий мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортод гаргахгүй ч дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой.

Жишээлбэл малын ясыг боловсруулаад ясны шөл, тос, пептид, ясны уураг, эсвэл ясны үнс гаргаж авдаг. Түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл чанарын шаардлага хангахаар үйлдвэрлэлийг барьж, зохион байгуулж чадвал хүнсний зориулалтын уураг, пептид нь олон улсын зах зээл дээр өндөр үнэтэй зарагддаг. Дотоодод ч гэсэн эдгээрийг ашиглаад дараагийн шатны олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Хүнсний нэмэлт, гоо сайхны бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн, саван зэрэг. Энэ төслийн судалгаа тооцоог нь би өөрөө хийсэн учир богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг нь мэдэж байна. Гол нь төсөл амжилттай хэрэгжихэд засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Экспортод гаргах зөвшөөрөл, импортлогч улсын хил гааль, мэргэжлийн байгууллагуудтай яриа хэлэлцээр, уулзалт зохиох гээд.

Дэлхий дахинд мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хөгжил нь малын цус, арьс, сүү, ихэснээс өндөр агууламжит сайн чанарын уургийн бэлдмэл гаргаж авах хэмжээнд хөгжөөд байна. Гэхдээ үүнийг бид чадахгүй гэж өөрсдийгөө голох хэрэггүй.

Учир нь 1990 оноос өмнө манай Биокомбинат үйлдвэр Азийн хамгийн том, шилдэг биотехнологийн үйлдвэр байсан. Бид энэ үйлдвэртээ үхрийн цуснаас уургийн бэлдмэл гаргах судалгаа туршилтыг амжилттай хийж байсан. Мөн малын тарилга вакцинаа өөрсдөө үйлдвэрлээд экспортод гаргадаг байсан. Тэгэхээр малын өвчлөлийн асуудлыг шийдвэл эдгээр үйлдвэрлэл ч дагаад асар хурдан хөгжих боломжтой. Учир нь бидэнд 70 сая мал байгаа, хүн амын тал нь идэр насны залуучууд байна.Гадаад улсад өндөр боловсрол эзэмшсэн залуус ч олон болсон. Өндөр технологийн үйлдвэр ойрын хэдэн жилд шууд хөгжихгүй байж болох ч малын өвчлөлийг шийдсэн тохиолдолд дунд хугацаанд хөгжих бүрэн боломжтой. Бид малын амьсгалаас бусдыг ашигладаг байсан цаг саяхан шүү дээ.

 

БИДЭНД НЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА

 

Өмнө нь Шинэ Зеландын жишээгээр зах зээлийн цар хүрээний чухлыг ярьсан. Үнэндээ гурван сая хүний зах зээл гэдэг тийм ч муу үзүүлэлт биш. Хэрэв гурван сая хүнд хүрч чаддаг нэг брэнд, нэг компани байвал энэ нь чамгүй том борлуулалттай, сайн компанид тооцогдоно.

Өнөөдрийн Монголын мал аж ахуйн салбарын нэг асуудал нь зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон жижиг үйлдвэр салбар бүрт байна. Жишээ нь махны үйлдвэр, сүүний үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр гэхэд л томоохон хот болгонд, аймгуудад олноороо байж зах зээлээ хэт жижиглэн хувааж, бүгд өөрсдийн брэнд нэр, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ингэсний сул тал нь өрсөлдөөн ширүүсч, бүтээгдэхүүний үнэ унаж, ашиг буурснаар үйлдвэр хөгжих, өсч томрох боломж буурдаг.

Гэтэл дэлхийн томоохон улс гүрнүүдийн хувьд улсаа төлөөлөхүйц хэдхэн том брэнд дэлхийд өрсөлдөж, цар хүрээгээ улам тэлж байдаг. Жишээ авбал БНХАУ-ын хувьд ноолууран хувцас үйлдвэрлэгч гэхэд "Ордос" брэнд л санаанд бууж байдаг. БНХАУ дотроо бол олон өөр үйлдвэрүүд франчайз маягаар нэг стандартын дагуу "Ордос" брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ийм учир их хэмжээний захиалгыг хүлээн авч, үйлдвэрлэн, дэлхийд нийлүүлэх чадамжыг бий болгодог. Мөн хятад ноолуурын үнийг тэд л тогтоох тул хангалттай ашиг олох, үнэ тогтоох давуу тал үүсдэг. Энэ жишээ нь сүүний үйлдвэрлэл дээр "MengNiu" брэнд "Yili" брэнд, махны хувьд "Shineway" брэнд гэх зэрэг.

Тэгэхээр миний цаашдын зорилго мал аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтаар дамжуулж салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, дотоодын томоохон үйлдвэрлэгч, брэнд бүтээгчийг үүсч бий болоход нь туслах юм. Энэ нь мэдээж өргөн цар хүрээтэй, далайцтай, олон талын хамтрал, нэгдэл, хөрөнгө мөнгө шаардах ажил. Ийм учир хамтарч ажиллах хүсэлтэй хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, эрдэмтэд судлаачид гээд сонирхсон бүх хүмүүст нэгдэхийг уриалж байна. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 25, 26 (6757, 6758)