Ц.МЯГМАРБАЯР

 

Дэлхийн уул уурхайн салбар зэсийн шинэ нөөц хайж байгаа энэ цаг үед Монголын өмнийн говийн хөрсөн дор 1.284 метрийн гүнд орших  хүдэр хэмээх  том чулуулагт  шаргалтан нуугдсан эрдэнээ газрын гадарга дээр гаргаж үнэ цэн бий болгох нүсэр том ажлын эхлэл болох Оюу толгойн Гүнийн уурхайг нээх ёслол, анхны тэсэлгээний товчлуур дарах хүндэтгэлийн ажиллагаа 2020 оны нэгдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн Хан-богд суманд байрлах Оюу толгойн уурхайд болж түүхийн хуудаснаа тодоор бичигдсэн юм.

Түүхийн гэрч болсон уг үйл ажиллагааны  торгон агшин болох уурхайн тэсэлгээний товчлуурыг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн  шат буюу 1300 метрийн гүнээс хүдрийн тэсэлгээ хийх анхны командыг өглөө.

Тэсэлгээний нүргэлсэн чимээ тархаж газрын судал бүхэлдээ чичирч 100 жилдээ олборлох их уурхайн хаалга ийнхүү нээгдсэн юм. 13 жил шийдвэрлэж чадахгүй байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү урагшлуулах замд нь хөтөллөө. Түүхэн энэ өдөр тэсэлгээний энэ дуунаар газрын гүнд нойр хоолоо умартан ажиллаж байсан уурхайчдын хөлс, хөдөлмөрийн үр шим урт замд  ийнхүү найдвартай урагшлах болсонд  тэд нүдэндээ баярын нулмистай зогсож харагдсан.

Оюу толгой төслийг нүд алдам нүцгэн говьд бүгдийг эхнээс нь барьж байгуулсан гэдгээр “Рио Тинто”-ийн бусад улсад хэрэгжүүлж буй төслөөс ялгаатай гэдэг. Уг төслөөр дамжуулж “Рио Тинто” групп нь Монгол Улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж, эрдэм мэдлэг ур чадварыг цогцлоон, орон нутгийн хөрөнгө оруулалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, түншлэл хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байгааг тодоор харуулж буйг түүхийн гэрч болсон оролцогчид тэмдэглэн хэлж байв. "Рио Тинто" өмнө нь зэсийн үйлдвэрлэлээ 600 мянган тонноос 1.2 сая тонн болгон нэмэгдүүлэхийг зорьж  өсөлтийн 400 мянган тонн нь Оюу толгойгоос үе шаттайгаар ирнэ гэж төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Харин цаашдын өсөлтөө хангахын тулд эрдсийн нөөц илрүүлэн, уурхай хөгжүүлэхэд зарцуулж буй хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ гэдгийг онцолж байсан юм. Оюу толгойн Гүнийн уурхайгаас хүдэр олборлоход “блокоор нураан олборлох” гэсэн  өндөр бүтээмжтэй, дэвшилтэт, зардалд хэмнэлттэй арга технологи ашиглах юм. Тодруулбал, хүдрийн биетийг доороос нь тэсэлгээ хийн хөдөлгөөнд оруулж,уулын даралтын хүч болон газрын татах хүчийг ашиглан нурааж, нурсан хүдрийг нь татан авч олборлоно гэсэн үг. Сонирхуулхад далд уурхайн үйлдвэрлэлийн амны цамхаг 96 метр өндөр. Энэ нь 14 ширхэг Блю скай цамхаг давхарласантай дүйцэхүйц гүн. Зүйрлэбэл, АНУ-д сүндэрлэх зэсээр урласан Эрх чөлөөний хөшөө 92 метр өндөр билээ.

 

Якоб Стаусхолм: “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлж чадсан

 

 “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

“Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайдууд, хөрөнгө оруулагчид, хамтрагчид, хүндэт зочид төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.

Миний бие Монгол орон, Оюу толгойд дахин ирж, энэхүү түүхэн цаг үеийг та бүхэнтэй хуваалцах гэж буйдаа туйлын баяртай байна. Гүний уурхайн үйл ажиллагааг өнөөдөр ийнхүү эхлүүлж байгаа нь Монгол болоод дэлхийн дөрвөн зүг, найман зовхисоос дэлхийн энд цахиур хагалах уурхайг цогцлоохоор ханцуй шамлан зүтгэж буй хүн бүрийн олон жилийн хүчин чармайлт, тууштай хөдөлмөрийн үр дүн юм. Монгол хүний гараар бүтсэн, хөлс шингэсэн энэ уурхай улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болоод зогсохгүй нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой билээ. Оюу толгойн гүний уурхай бол монгол хүний ур чадвар, хичээл зүтгэл нь олон улсын хөрөнгө оруулалт, туршлагатай хавсарч ямар амжилтад хүрч чаддагийн илэрхийлэл юм. Төслийг хэрэгжүүлсэн олон улсын баг түүний дотор Монголын талын удирдлагууд, "Рио Тинто" группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, "Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал болон Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес болон түүний баг энд хүргэхэд гүн туслалцаа үзүүлснийг онцлох нь зүйтэй. Өнөөдөр бид нэгэн чухал түүхэн үйл явдлын гэрч болж байна. Бид Оюу толгойг дэлхийн энтэй томоохон уурхайн нэг болгох, тогтвортой үйлдвэрлэлд хүрэх тууштай, зогсолтгүй урагшлах замд нь мордуулж байна. Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ зэс бол үе хойчдоо ногоон, тогтвортой ирээдүйг бэлэглэхэд нэн шаардлагатай салхин сэнснээс эхлээд цахилгаан автомашин бүтээхэд зайлшгүй шаардлагатай (орц) билээ.

Үүнтэй ач холбогдлын хувьд эн зэрэгцэхүйц бэлгэшээлтэй үйл явдал өнөөдөр давхцаж байна гэж би үзэж байгаа. Стратегийн түншлэлээ харилцан итгэлцэлд тулгуурлан бэхжүүлэх, харилцааг шинээр эхэлж буйг өнөөдрийн арга хэмжээ давхар бэлгэдэж байна гэж бодож байна.  Өнгөрсөн сард та бүгдийн дуу хоолойг сонсох зорилготой Монгол Улсад ирснээ тодорхой илэрхийлсэн билээ. Гаргасан алдаагаа ухамсарлан ойлгож, цааш хэрхэн хамтдаа урагшлах вэ гэдгийг би ойлгохыг хүссэн. Чухамхүү анд нөхөр, итгэлт хүнтэйгээ л хамгийн бэрх яриаг өрнүүлдэг шүү дээ. Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар Оюу толгой компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан, түүнд тусласан дэд сайд Б.Солонгоо нарын ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Тэд Монгол Улсын эрх ашгийн төлөө бат зогсохын зэрэгцээ яриа хэлэлцээнд шийдэл олохыг ямагт эрмэлзэж ирсэн. Мөн энэ төсөл урагшлах боломж олгосон яамд, агентлаг болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан УИХ-ын түр хороонд яриа хэлэлцээний турш үнэ цэнтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлье. Түүнчлэн манай хувь эзэмшлийг төлөөлж хэлэлцээнд оролцсон “Туркойс Хилл Ресурс”, Оюу толгой компанийн ТУЗ-аар дарга Г.Батсүхээр ахлуулсан Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, удирдлагын багт сүүлийн саруудад хүлээцтэй хандаж, тууштай ажиллаж ирсэнд баярлалаа. Мөн хөрөнгө оруулагчдын бидэнд хүлээлгэсэн итгэлд талархахын зэрэгцээ Монгол дахь олон зуун түнш, хамтран ажиллагч байгууллагууд, тэр дундаа Өмнөговь аймаг болон өнөөдөр хүрэлцэн ирсэн орон нутгийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлье .

Эцэст нь, Оюу толгойн нийт ажилчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгч нарт цуцалтгүй хөдөлмөрлөн, өнөөдрийн чухал үйл явдлыг бодит үйл хэрэг болгосонд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Оюу толгойчууд та бүхний бүтээлцэж буй их үйлс дэлхийн уул уурхайн салбарт цахиур хагалах бүтээн байгуулалт мөнөөс мөн. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, 600 гаруй Монголын ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай. Цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж, өнөөдрийн чухал үйл явдлыг ийнхүү хамтдаа тэмдэглэж байгаад сэтгэгдэл өндөр байгаагийн зэрэгцээ та бүгд үүний тулд бие, сэтгэлээ золиослон хөдөлмөрлөснийг сайтар ойлгож байна. Оюу толгой шиг мега төслийг хэрэгжүүлэх нь хэзээ ч амар байдаггүй. Ирээдүйд тулгарах сорилтууд, хийх ёстой дараа дараагийн чухал ажлууд бидний өмнө учир ингээд санаа амарч болохгүй. Санаа нийлсэн хамтрагчид бий тул бид итгэл төгс байна. Оюу толгойн зэс дэлхий ирээдүйн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Оюу толгой бол эрдсээс гадна  “эрдэм мэдлэг, ур чадварын уурхай” юм. Учир нь Оюу толгойгоос хүч түрэн гарах шилдэг боловсон хүчин ирээдүйд Монгол Улсын эдийн засгийг жолоодон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо.Хамтдаа эхлүүлсэн энэ аяллаа цаашид үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна

 

“Оюу толгой”-гоос ашиг хүртэх цаг ирээгүй ч өр тэглэгдснээр хугацаа наашиллаа

 

Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийх хөрөнгө оруулагч талын Ажлын хэсгийн ахлагч “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Монгол хүний хувьд сэтгэл догдолсон өдөр байна. Оюу толгойд ажиллаж байгаа 14 мянга гаруй монгол залуусаараа бахархаж байна. Бид гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг эхлүүллээ. Энэ бол арав гаруй жилийн асар олон хүний хөдөлмөр.

Гаднын мэргэжилтнүүд болон монгол ажилтнуудын нөр их хөдөлмөр учраас сэтгэл маш их догдолж байна. Гэвч нөгөө талаас маш өндөр хариуцлага ирж байна. Хэлсэн, ярьсан үгэндээ үнэнч байх, хийж байгаа ажлаа чанартай гүйцэтгэх  ёстой. 2023 оны нэгдүгээр хагас гэхэд гүний уурхайгаа бүрэн ашиглалтад оруулах хариуцлагатай мөч ирж байгаа учраас түгшиж байна. Гэхдээ түгшихээсээ илүү баярлаж, бахархаж байгаа нь илүү байна” гэсэн юм. Албан ёсоор Монголын Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авах цаг ирээгүй байна. Харин өр тэглэгдсэнээр хугацаа наашилна” гэлээ.

Энэ нь багш, эмч, төрийн албан хаагчдын цалин, сургууль цэцэрлэгийн санхүүжилт болсон учраас Монгол Улсад өгөөжтэй. Харин албан ёсоор Монголын Засгийн газар буюу Эрдэнэс Оюу толгой дивидент /ногдол ашиг/ авах цаг ирээгүй байна. Ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах үүднээс өр тэглэх арга хэмжээг авсан. Энэ өндөр ач холбогдолтой шийдвэр болсон. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гүний уурхайн үйлдвэрлэлийн огтлох малтлагыг эхлүүлсэн нь өөрөө хөрөнгө оруулагч болон Монголын Засгийн газар урт хугацаанд тогтвортой  хамтран  ажиллах мессежийг өгч байна гэж ойлгож болох уу. Техникийн хувьд огтлох малтлагыг нэг эхлүүлсэн бол зогсолтгүй ажиллуулах нь үр ашигтай гэж мэргэжлийн хүмүүс ярьж байсан. Хэрвээ үйлдвэрлэлийн тэсэлгээг зогсоовол зардал нэмэгдэх сөрөг талтай гэж байсан шүү дээ?

-Нэг номерт Оюу толгой бол Монгол Улсын, ард түмний баялаг. Үндсэн хуулиараа тодорхой заачихсан шүү дээ. Рио Тинто бол Монгол Улсад ирсэн зочин, хамтрагч түнш, гуравдагч улсын хөрөнгө оруулагч. Гучин жилийн ашиглалтын лицензийг эзэмшигч аж ахуйн нэгж. Үүний 34 хувийг эзэмшигч нь Монгол Улс өөрөө учраас хамтарч энэ уурхайгаа ашигтай байлгах ашиг сонирхол нийлж байгаа. Өмнө нь нэг нь өрөнд ороод байхаар маш их гомдол, дургүйцэлтэй байсан. Одоо 34 хувь Монгол Улсад үнэгүй ирж байгаа учраас түүндээ тааруулаад шаардлагаа тавих эрхтэй. Гэхдээ уурхайнхаа үнэ цэнийг өсгөж, өргөх нь чухал. Учир нь, энэ уурхайн үнэ цэн буурвал Монгол Улсад ч, ард түмэнд ч, хөрөнгө оруулагчдад ч ашиггүй. Одоо бид ажлаараа бүхнийг харуулна.

-Цаашдаа дэлхийн зэсийн хэрэглээ ямар байх вэ. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор дэлхийд зэсийн том тоглогч болно гэж ярьж байгаа шүү дээ?

-Дэлхийд цэвэр зэсийн нийт олборлолтын хэмжээ 25 сая гаруй тонн. Үүний 5.5 сая тонныг нь Чили улс хангадаг. Хоёрдугаарт нь, Перу улс хоёр сая тонныг хангадаг. Гурав, дөрөвдүгээрт нь Хятад, Конго, Замби зэрэг улс эрчтэй орж ирж байна. Монгол Улс өнөөдөр цэвэр зэсээрээ нийлээд 300 мянгыг хангаж байна. Одоохондоо эхний аравт орж ирээгүй. Цаашдаа Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, дээр нь Цагаан суварга, Эрдэнэтийн үйлдвэрлэл нэмэгдвэл бид дэлхийд зэсийн олборлолтоороо айргийн тавд орно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 20 (6752)