Дэлхийн хэмжээнд шатахууны үнэ өсөж буй нь цахилгаан автомашины борлуулалтыг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт бий. Гэвч бодит статистик үүнийг бүрэн батлахгүй байна гэж centralasianow-гийн нийтлэлд бичжээ.
Нэр хүндтэй шинжээчдийн байгууллага болох Kept-ийн мэдээлснээр, 2026 оны тавдугаар сард литийн карбонатын дундаж үнэ өмнөх сарынхаас 13.64 хувиар өссөн байна. Зарим шинжээч энэ өсөлтийг цахилгаан автомашины эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Хятадад моторын түлшний хэрэглээ буурсан ч цахилгаан автомашины зах зээл энэ оны эхний дөрвөн сард ердөө 2.3 хувиар өсжээ. Гэвч литийн үнэ зөвхөн сүүлийн саруудад бус, өнгөрсөн оны зунаас эхлэн хэд дахин өссөн бөгөөд энэ оны зургаадугаар сард тавдугаар сарын оргил түвшнээсээ бага зэрэг буурсан байна.
Нөгөө талаар Хятадын автомашины зах зээлийн үзүүлэлтүүд цахилгаан автомашины эрэлт төдийлөн хүчтэй биш байгааг харуулж байна. Тухайлбал, цэвэр цахилгаан автомашины борлуулалт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 4.4 хувиар буурсан бол оны эхний дөрвөн сарын нийлбэр дүнгээр 18.1 хувиар агшжээ.
Цэнэглэдэг гибрид автомашины үзүүлэлт бүр ч сул байна. Энэ төрлийн автомашины борлуулалт 2025 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад 33.2 хувиар, харин оны эхний дөрвөн сарын дүнгээр 35.5 хувиар буурсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын иргэдийн зорчих хөдөлгөөн багасаагүй ч хувийн автомашинаас илүү такси, төмөр зам болон нийтийн тээврийн хэрэгслийг сонгох болсон нь түлшний хэрэглээ буурахад нөлөөлжээ.
АНУ-д ч цахилгаан автомашины зах зээл таатай дүр зураг үзүүлсэнгүй. Энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд цахилгаан автомашины борлуулалт 28.2 хувиар буурсан байна.
Харин дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн өсөлтийг голчлон Европын холбооны орнууд бүрдүүлжээ. Тэнд борлуулалт оны эхний дөрвөн сард 27.3 хувиар өссөн байна. Гэхдээ энэ өсөлт Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн, шатахууны үнийн өсөлтөөс өмнө эхэлсэн хандлага байжээ.
Тухайлбал, нэгдүгээр болон хоёрдугаар сард Европт цэвэр цахилгаан автомашины борлуулалт 22.3 хувиар, харин цэнэглэдэг гибрид автомашины борлуулалт 30.6 хувиар өссөн байна.
Иймээс шатахууны үнийн өсөлт шууд утгаараа цахилгаан автомашины эрэлтийг огцом нэмэгдүүлнэ гэж дүгнэхэд эрт байна. Түүнчлэн Европт эрчимтэй өсөж буй гибрид болон цэнэглэдэг гибрид автомашинууд дотоод шаталтын хөдөлгүүртэй хэвээр байгаа тул уламжлалт хөдөлгүүртэй автомашины эрин үе төгсгөлдөө ойртлоо гэж үзэх үндэслэл одоогоор хараахан бүрдээгүй байна гэж уг нийтлэлийн зохиогчид тэмдэглэжээ.
Эх сурвалж: zms.mn