БНХАУ-ын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны төв Урумчи хотод зургаадугаар сарын 25-нд ес дэх удаагийн “Хятад–Еврази” ЭКСПО нээлтээ хийлээ. Евразийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн энэхүү олон улсын үзэсгэлэн нь бүс нутгийн эдийн засаг, худалдааны томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Нээлтийн ёслолд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Сюэсян оролцож үг хэлэхдээ Евразийн орнууд шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн инновацыг эрчимжүүлэх, ухаалаг хот байгуулалт, эрчим хүч болон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, мөн илүү ногоон, ухаалаг хөгжлийн загварт шилжих шаардлагатай байгааг онцоллоо. Энэ жилийн ЭКСПО “Торгоны замын шинэ боломж – Евразийн шинэ эрч хүч” уриан дор зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн нийт талбай 140 мянган ам метр бөгөөд БНХАУ, ОХУ, Төв Азийн орнууд болон бусад улсын аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм. Үзэсгэлэнгийн хүрээнд дижитал технологи, ногоон эрчим хүч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ложистикийн салбарын хамтын ажиллагааг түлхүү танилцуулж, хөрөнгө оруулалт, худалдааны шинэ боломжуудыг хэлэлцэж байна. “Хятад–Еврази” ЭКСПО энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.