Ч.БЯМБАХАЖИД, Л.ПҮРЭВЖАРГАЛ
58.1 сая малтай Монгол Улсад махны үнэ хөөрөгдсөөр удаж байна.
Монголчуудын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн болох махны үнэ ханш сүүлийн жилүүдэд улирлын онцлог, нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ болон эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан тогтмол өөрчлөгдөх болсон. Энэ өөрчлөлт нь өрхийн өдөр тутмын зардалд шууд нөлөөлөхөөс гадна малчид, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчдийн санхүүд хүндээр тусаж байна. Иймд махны үнийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар онцлон хүргэж байна.
2019 оноос эхлэн махны үнэ буурахаа больж, эрчимтэй өсөж эхлэв. 2021 оны дунд үед адууны махны үнэ анх удаа хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн монголчуудын хамгийн их хэрэглэдэг хонь, үхрийн махны үнэ сүүлийн хоёр жилд хамгийн өндөр үнээр огцом өссөнийг статистик мэдээлэл харуулж буй.
“Махны үнэ сүүлийн долоо хоногт бага зэрэг буурчээ”
Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.2 хувиар өссөн бол өмнөх долоо хоногоос 0.3 хувиар буурсан байна. Тэр тусмаа махны үнэ 2026 оны зургаадугаар сарын 29-ны байдлаар үхрийн цул мах нэг кг нь дунджаар 38.585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 33.882 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.0 хувиар буурч 33.882 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.1 хувиар буурч 38.585 төгрөг байна. Харин хонины ястай махны үнэ 0.5 хувиар буурч 27.706 төгрөг, хонины цул махны үнэ 0.5 хувиар өсөж 27.984 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Мөн Нийслэлийн статистикийн газрын энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах Хархорин захад хамгийн хямд буюу 24 мянган төгрөгөөр, үхрийн ястай мах мөн Хархорин захад хамгийн хямд буюу 30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин ямааны мах ястай зургаадугаар сарын 29-ны байдлаар 20.000-22.000 төгрөг, адууны мах ястай 15.000- 20.000 төгрөгийн үнэтэй байна. Дээрх статистик мэдээллүүд махны үнийн өсөлт бодитоор буураагүйг харуулж байна. Харин өнгөрсөн жилийн өдийд үхрийн ястай мах 21.524 төгрөг, хонины ястай мах 17.005 төгрөгийн үнэтэй байжээ.
Махны ченжээс авсан үнэ дээр худалдаа эрхлэгчид 5000 орчим төгрөг нэмж лангуун дээр худалдаалдаг байна
Махны үнэ өсөхөд малчны халаасанд орох ашиг биш, харин замын зардал, шатахуун, агуулахын түрээс болон олон шат дамжлагын зардал жин дарж байгааг малчид, худалдаа эрхлэгчид хэлдэг. Малчин махаа хямд борлуулдагтаа гомдолтой, хэрэглэгч махаа үнэтэй авдагтаа бухимдалтай байсаар өдийг хүрчээ.
Тэгвэл Улаанбаатар хотын мах бэлтгэл, нийлүүлэлтийн гол төв гэж болохуйц Эмээлт зах дээр махны үнэ ханш ямар байгаа талаар Махны ченж н.Одгийвээс тодруулсан юм.
Тэрээр “Эмээлт зах дээр үхрийн мах килограмм нь 25.000 төгрөгөөр худалдаалж байна. Хонины мах 22.000 төгрөг. Нэг бүтэн үхрийн мах килограммаасаа шалтгаалаад дөрвөн сая орчим төгрөг болно. Одоогоор хонь 500 мянга орчим төгрөгийн үнэтэй байна. Хонь, үхрийн мах килограммаасаа шалтгаалаад үнэ нь өсөж буурч болно. Сүүлийн жилүүдэд хонь, үхрийн махны үнэ нэмэгдсэн. Өмнө нь 28.000, 29.000 төгрөгөөр худалдаалж байсан үхрийн махыг одоо 25.000 төгрөгөөр худалдаалж байна” Махны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт бага зэрэг буурсан” гэв. Махны үнэ нэмэгдэж байгаа нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, улирлын хамаарал, тээвэр логистик болон экспортын өсөлттэй шууд холбоотой талаар эдийн засагчид мэргэжлийн үүднээс тайлбарладаг. Үнийн өсөлтөд нөлөөлж буй үндсэн шалтгаан нь улирлын чанартай нийлүүлэлтийн хомсдол, дундаж шатлалын дамжлага буюу ченжүүд, тээвэр ба шатахууны зардал, махны экспорт болж байна. Тодруулбал, жил бүрийн хавар, зуны эхэн сард малчид малаа таргалуулахаар нөөцөлж, шинэ махны нийлүүлэлт эрс багасдаг. Энэ үеэр зах зээл дэх эрэлтийг дагаж үнэ хамгийн өндөр цэгтээ хүрдэг байна. Мөн малчдын гараас гарсан мах хэрэглэгчдийн ширээн дээр очих хүртлээ хэд хэдэн ченж, бөөний төвүүдээр дамждаг. Дамжлага бүрт ашиг, лангууны түрээс, хадгалалтын зардал нэмэгддэг. Цаашлаад орон нутгаас нийслэл рүү мах тээвэрлэх замын зардал, шатахууны үнийн өсөлт нь махны эцсийн үнэд шууд нөлөөлдөг байна. Махны үнийн өсөлтөд ийм олон хүчин зүйл нөлөөлдгийг зарим иргэд тэр бүр мэддэггүй.
Тухайлбал, малчин үхрийн махыг кг-ыг нь 22.000 төгрөгөөр махны ченжэд худалдаалдаг байна. Харин махны ченж малчдаас авсан үнээс 500-1000 төгрөг нэмж хүнсний зах, худалдаачдад борлуулдаг аж. Харин махны ченжээс авсан бөөний үнэ дээр худалдаа эрхлэгчид 5000 орчим төгрөг нэмж лангуун дээр худалдаалдаг байна.
“Өнгөрсөн жил 380 мянган төгрөгийг сар бүр 20 кг хонины мах худалдаж авахад зарцуулсан”
Иргэн Л.Алтанчимэгийн хувьд өнгөрсөн жил 380 мянган төгрөгийг сард 20 кг хонины маханд зарцуулсан бөгөөд жилд 4-5 сая төгрөг мах, хүнсэндээ зарцуулдаг байна.
Энэ тухайгаа тэрээр “Жил ирэх тусам махны үнэ огцом нэмэгдэж байгаа нь цалингаас цалингийн хооронд амьдардаг бидний хувьд маш хүндрэлтэй байна. Гэр бүл, үр хүүхэд, хоол хүнсэндээ зарцуулах мөнгөнөөс танагдаж махны үнийн өсөлтөнд л мөнгөө зарцуулж байна. Махны үнэ нэг хэмжээнд тогтвортой байдаг бол мөнгө санхүүгийн хувьд тун хэмнэлттэй байхсан. Махны үнийн өсөлтөд зарцуулагдах мөнгөө амьдралдаа хэрэгцээтэй бусад зүйлд зарцуулмаар л байна” гэсэн юм.
Мөн энэ жил иргэдийн бухимдлыг төрүүлээд буй нэг асуудал бол нөөцийн махны хангалтгүй байдал байлаа. Махны үнэ, нийлүүлэлттэй холбоотой нөөцийн махны нийлүүлэлт хангалтгүй байснаас үнэ огцом өсөж, иргэдийн амьжиргаанд дарамт болсон. Үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор тавдугаар сарын 20-ноос нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон 85 сүлжээ дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж эхэлсэн юм.
Харин зургаадугаар сарын 24-нөөс эхлэн жижиглэн худалдааг зогсоож, нийслэлийн есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулах шийдвэрийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан. Өргөтгөсөн худалдааны цэгүүд зургаадугаар сарын 30-ныг хүртэл өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажилласан юм. Гэвч нөөцийн махны хүрэлцээгүй байдал дахин давтагдаж, иргэд “Хонон өнжин байж хэдэн кг мах авлаа”, “Өдөржин дараалал үүсгэн хүлээсэн ч махаа авч чадсангүй” зэргээр бухимдлаа илэрхийлсээр байв. Уг нь өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь килограммыг 13 мянган төгрөгөөр, үхрийн савласан махыг килограммыг нь 15 мянган төгрөгөөр худалдаалсан нь зах зээлийн үнээс хоёр дахин хямд байв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 130, 131 (7872, 7873)