Н.БУЯНЖАРГАЛ

 

Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн 2026 оны үр дүнгийн талаар ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирал, доктор Ч.Отгочулуутай ярилцлаа.

 

- Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай "Think Tank" судалгааны байгууллага 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь манай төв бол ТББ бөгөөд улс төрөөс хараат бус. Тэгэхээр бусад улсуудтай харьцуулахад бид “Яг бор зүрхээр”-ээ ажилладаг.

-Танай төв жил бүр Монгол Улсыг бусад оронтой харьцуулан үнэлж, дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны үр дүнг танилцуулдаг. Тэгвэл тус судалгааг ямар аргачлалаар хийдэг вэ?

-Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг олон улсын аргачлалаар хийдэг. Бидний судалгаан дээр үндэслэн гарсан энэ жилийн тайлан бодлого боловсруулагчдад үнэ цэнтэй байна гэж харж байгаа.  Үүнээс гадна Өрсөлдөх чадварын тайлан хөрөнгө оруулагчид, эдийн засгийн шинжээчид аль улсад ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг хардаг хамгийн чухал гол үзүүлэлт юм.

Уг тайланг ашиглаад өрсөлдөх чадвараа сайжруулна гэдэг бол иргэдийнхээ амьжиргаа, бизнесийн чадавхыг сайжруулна гэсэн үг. Монгол Улс  Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны тайланд хожуу нэгдсэн ч өөрсдийгөө олон улсын шалгуураар хэмжээд сурчихсан гэж хэлж болно. 

- Энэ жилийн дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн гол уриа юу байсан бэ? Ямар улсууд тэргүүлсэн бэ?  

-Энэ жилийн тайлангийн гол уриа бол "Институтуудын итгэл даах чадвар" юм. Тухайн улсын иргэд, аж ахуйн нэгжүүд төр засагтаа хэр их итгэж байгаа талаарх индексийг магадлахаар энэ эрэмбийг гаргасан байна. Энэ жил улс төр, эдийн засгийн хувьд хуваагдсан, геополитикийн хувьд тогтворгүй байгаа. Яг ийм үед итгэл даах чадвартай, хариуцлагатай, нээлттэй, хуулийн засаглал сайтай, хууль дүрэм нь ойлгомжтой улсууд тэргүүлсэн. Тухайлбал, Сингапур дахин тэргүүллээ. Араас нь Хонконг, Швейцар, Тайвань, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс орсон байна. Азийн орнууд нэлээн байр ахих шинжтэй байна.

- Дэлхийн өрсөлдөх чадвараар Монгол улс энэ жил хэдэд эрэмбэлэгдсэн бэ. Үүний гол шалгуур үзүүлэлт юу байсан бэ?

-Манай улс 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдсэн. Өрсөлдөх чадварын тайланг 300 орчим үзүүлэлтийг харьцуулж гаргадаг. Ингэхдээ уг 300 үзүүлэлтийг дөрвөн үндсэн бүлэгт хувааж үзэж болно. Манай улс эдийн засгийн тамир тэнхээ гэх бүлгийн үзүүлэлтээр дөрвөн байр ухарч, 59 дүгээр байранд орсон байна. Хэдий манай улсын хувьд сайн үзүүлэлт болж байна.  Хэдийгээр ДНБ-д гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй өндөр, бараа үйлчилгээний экспортоор эхний 13 дугаарт орсон, оффисын түрээс хамгийн хямд зэрэг сайн үзүүлэлт бий ч нэг улсаас хэт хараат байгаа. Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвараар сүүл мушгисан. Манай улсын эдийн засаг туйлын эмзэг байна.

Нүүрс, зэсээ экспортлоод байгаа ч олсон мөнгөө боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэргээр гадагшаа урсгаж байгаа. Мөн хамгийн хойш татсан үзүүлэлт инфляц. Монгол Улсын инфляц бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа бөгөөд айл өрхүүдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн. Эдгээр учир шалтгааны улмаас өрсөлдөх чадвараараа манай улс ухарсан үзүүлэлттэй байгаа.

Түүнчлэн Монгол Улс бизнесийн ашигт ажиллагаагаараа гурван байр урагшилжээ. Жил бүр өрсөлдөх чадварын дундаж үзүүлэлтийг бизнесийн байгууллагууд л ахиулдаг.

Уг тайланд Монгол Улсын хувьд цаашид анхаарах ёстой асуудлуудын тухайд боловсролын чанар, кибер аюулгүй байдал, хөрөнгийн зах зээл зэрэг орж байна.  Үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд реформуудыг зоригтой хийх ёстой. Төрд итгэх итгэлийг сайжруулж байж өрсөлдөх чадвар дээшилнэ. Энэ тайланг гаргахын тулд тухайн улсын топ менежерүүдээс санал асуудаг. Тэдгээр топ менежер нь бизнесийн орчноо яаж үнэлж байна, бизнесийн орчин дахь төрийн зохицуулалтыг хэрхэн дүгнэж байгаа нь тайлангийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.  

Манай улсын боловсролын салбарт ахиц гарч байгаа ч төгсөгчдийн ур чадвар ажил олгогч нарт гологддог. Үүгээрээ манай улс сүүл мушгисан тул боловсролын салбарт тооноос илүү чанарт анхаарч, ажил олгогчдын хүлээлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд анхаарах ёстой.

Хойш татсан өөр нэг үзүүлэлт нь хөрөнгийн зах зээл. Гаднын томоохон компаниудыг харахад ихэвчлэн хөрөнгийн зах зээл дээрээ хувьцаа гаргаж амжилтад хүрсэн байдаг. Тэд банкны зээлийг түр зуурын санхүүгийн хэрэгцээгээ хангахад ашигладаг бол манай улсын бизнес эрхлэгчдийн 97 хувь нь зөвхөн банкны зээлээс хамааралтай байна.

-Тэгвэл 2025 оны өрсөлдөх чадварын судалгаагаар манай улсын хамгийн сайн болон муу  үзүүлэлт нь юу байсан юм бэ?

-Энэ бол өөрөө харьцангуй үзүүлэлт гэдгийг хэлэх хэрэгтэй.  Туйлын сайн, муу гэж байхгүй. Судалгаанд хамрагдаж байгаа бусад улс орнуудтай харьцуулахад ямар байгаагаар нь гаргадаг. Жишээлбэл, Улаанбаатар хотын оффисын түрээс дэлхийн түвшинтэй харьцуулахад маш боломжийн хямддаа орж байгаа. Манай улсын хүн ам их залуу. Бусад улс үндэстэнд хөгшрөлт явагдаж, залуучуудынх нь тоо цөөрч байгаа. Тийм учраас гаднаас ажиллах хүч авдаг бол манайд тэгэх шаардлага байхгүй. Бусад улс оронд эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд оруулах нь бага байдаг. Шашин шүтлэг, соёл уламжлал, боловсрол, хүүхэдтэй, хүүхдээ хараад байж байх ёстой ч гэдэг юм уу.  Энэ мэтээр эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд орох нь бага.

Манайд бол эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд маш ихээр оруулдаг. Тэр дундаа дунд болон топ түвшний менежментэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь их байдаг. Эмэгтэйчүүд дотроо дээд боловсролтой эмэгтэйчүүдийн хувь хэмжээ маш өндөр байдаг гэх мэт манайд сайн талууд байгаа. Харин муу тал гэвэл манай төр засгийн бодлого маш тогтворгүй байдаг. Өнөөдөр нэг юм ярьдаг, маргааш нэг өөр юм ярьдаг. Ингэхээр бизнесийнхэн төлөвлөөд ажиллахад хэцүү болчхож байгаа юм.

Жишээлбэл, ноднин өрсөлдөх чадварын судалгаанд 69 улс орсон бол энэ жил 70 дахь орноор Вьетнам нэмэгдэж орж ирж байгаа юм. Вьетнам орж ирээд шууд 27 дугаар байранд орсон.  Яагаад гэхээр, Вьетнам улс100 сая хүн амтай.  Дээр нь эдийн засаг нь төрөлжчихсөн. Одоо хамгийн орчин үеийн өндөр технологиудыг тэднийх үйлдвэрлэж байна. Өмнө нь Өмнөд Солонгос, Америк, Тайвань, Японы том том үйлдвэрүүд бүгд Хятадад байсан бол одоо Вьетнам руу нүүсэн. Тэгэхээр төрөлжилт сайтай гэсэн үг. Хамгийн гол нь Вьетнамын бодлого маш тогтвортой. 1986 онд эдийн засгаа чөлөөлөх, либералчлах бодлогыг явуулсан. Үүнээс хойш 40 жил тасралтгүй энэ бодлогоо огт өөрчлөхгүй явсан.  Вьетнамд хөрөнгө оруулсан хүн үйлдвэр нь 10 жилийн дараа ажиллаж байна гэдэгт итгэлтэй байгаа.

Харин манайд бол 10 жил байтугай 10 сарын дараа, 10 хоногийн дараа яах нь мэдэгдэхгүй. Энэ байдал нь манай улс гадаадын итгэл, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад асуудал болж байна.

- Өрсөлдөх чадварын судалгааны үр дүнг төр засаг ашиглаж чадвал эерэг нөлөөтэй, хөгжил сайжрах юм шиг харагдаж байна шүү дээ. Тэгвэл манай төр засаг энэ судалгааг ашиглаж чаддаг уу?

-Ерөнхийдөө бол сайн ашиглаж чадахгүй байгаа. Манай улсын төр манай өрсөлдөх чадварын судалгааг хүлээн зөвшөөрсөн. 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр УИХ-ын 109 дүгээр тогтоолоор ирэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсан. Тус үндсэн чиглэл буюу ирэх таван жилийн хөтөлбөрт өрсөлдөх чадварыг сайжруулах, 2030 он гэхэд  эхний 50 дотор орох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хэмжүүр нь бол манай төв юм. Олон улсын хөгжлийн хэмжүүрийг хүлээн зөвшөөрч төрийн бодлого болгосон Монгол Улсын төр засагтаа талархаж байгаа. Манай төв зөвхөн хэмжээд зогсохгүй, бодлогын хэлэлцүүлэг хийнэ. Төрийн бодлогыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа  хэлэхэд таатай байна.

- Монгол Улс өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Энэ үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд хөрөнгө мөнгө бага шаарддаг, төрийн засаглалыг сайжруулах реформуудыг зоригтой хийх явдал. Төр энэ талаа сайжруулснаар дээрх үзүүлэлт сайжирна. Яагаад гэвэл энэ тайланг гаргахын тулд дэлхий даяар тухайн улсын хамгийн топ менежерүүдээс санал асуулга авдаг. Тэдгээр санал асуулгад оролцсон топ менежерүүд бизнесийн орчныг яаж үнэлж байгаа, төрийн бизнесийг удирдаж байгаа зохицуулалтыг хэрхэн үнэлж байгаа гэдгээс хамааран шийддэг.

Манай улсыг хойш нь татаж байгаа нэг үзүүлэлт бол Хөрөнгийн зах зээл байна. Жишээлбэл, АНУ-ын томоохон компаниудыг харахад ихэвчлэн хөрөнгийн бирж дээрээ хувьцаа гаргаж байж амжилтад хүрсэн байдаг. Тэдгээр том бизнесүүд банкны зээлийг түр зуурын санхүүжилтийн хэрэгцээгээ хангахад ашигладаг бол манай улсад бизнес эрхлэгчид маань бараг 90 гаруй хувь нь зөвхөн банкны зээлээс хамааралтай байгаа. Энэ нь манай улсын хөгжлийг чөдөрлөж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг болж байна. Мөн өмнө нь хэлсэнчлэн экспортын төрөлжилт маш муу байна. Манай улсын экспорт Зэс, нүүрсний зах зээл зэрэг хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа нь судалгаанд хамрагдсан бусад улсуудаас илүү муу үнэлэгдэхэд нөлөөлсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn