С.УЯНГА

 

Парламентаар Холбооны болон Сангийн эрх зүйн байдлын хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь Иргэний нийгэм, ТББ-уудын эсэргүүцэлтэй тулж, буцаан татахыг шаардаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.

 

-Холбооны болон Сангийн эрхзүйн байдлын тухай хуулийг ИНБ, ТББ-ууд ямар үндэслэлээр буцаан татахыг шаардаж байна вэ?

-Засгийн газрын Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэх, боловсронгуй болгох үйл ажиллагааг аль 2011 оноос эхлэн иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд дэмжиж дуу хоолойгоо өргөж ирсэн. Тухайн үед 500 гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллага Төрийн ордонд хуралдаад хуулийн төсөл ярихаас өмнө төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах үзэл баримтлалаа тодорхой болгоё гэсэн шийдэлд хүрсэн ч харамсалтай нь үзэл баримтлалаа батлахгүй хэдэн ч Засгийн газар дамжсаар өнөөг хүрсэн.  2017-2020 онуудад Ашгийн бус байгууллагын тухай хууль, Мэргэжлийн холбоодын тухай хууль, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хууль, Холбоо, Сангийн эрх зүйн байдлын тухай гээд олон ч хууль энэ салбарыг зохицуулахаар яригдсан.

Төрийн бус байгууллагууд нэгдэн хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг явуулсны үр дүнд 2020 онд “Монгол Улсын төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлал”, “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал” гэсэн бодлогын баримт бичгийг боловсруулан хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэхүү баримт бичигт дурдагдсан иргэний нийгмийн тодорхойлолт, үнэт зүйлс, зарчим, төрийн бодлогын хүрээ, дэмжлэг үзүүлэх тогтолцоо зэргийг хуулийн үзэл баримтлалд тусгах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Гэтэл 2020-2021 ковид цар тахлын үед ямар нэг нээлттэй хэлэлцүүлэг хийлгүйгээр дээрх хуулийн төслүүдийг Засгийн газраас гэнэт өргөн барьсанд асуудал байгаа юм. Иймээс  бид нэгдүгээрт, “Монгол Улсын төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлал”-ыг батлаад дараа нь хуулиа гаргаачээ гэдэг зарчмын байр суурийг илэрхийлж байгаа. Хоёрдугаарт,  бидний хувьд хуулийн төслийн зохицуулах гэж оролдож буй хэдэн хэдэн асуудал  тухайлан эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах, төрийн бодлого үйл ажиллагаанд тэгш оролцох боломж, иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих, иргэний нийгмийн санхүүжилтийн хөшүүрэг, зохицуулалт зэрэг 4-5 бүлэг асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байгаа юм.

Гуравдугаарт, уг хуулийн төслийн боловсруулалт нь сул иргэний нийгмийн байгууллагыг дэмжихээсээ илүү төрийн байгууллагад тулгамдаж байгаа бүртгэл, тайлагналт, санхүүжилт олгох асуудлыг процессжүүлэхэд анхаарч, одоо байгаа ТББ-уудын тухай хуулийн зохицуулалтыг улам дордуулсан заалтууд ихээр агуулж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.  Дөрөвдүгээрт, ТББ гэсэн нэршлийг халж зөвхөн холбоо, сан гэсэн хоёр хэлбэрийг хуульчилснаар иргэний нийгмийн өнөөгийн олон янз байдлыг илэрхийлж зохицуулж чадахгүй бөгөөд үйл ажиллагааг хэт явцууруулан, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог хэт хатуу хуульчилан, иргэний нийгэм, ашгийн бус салбарын цаашдын хөгжлийг хязгаарлана гэж үзсэн.  Тавдугаарт, Засгийн газраас Холбоо, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулах явцдаа суурь судалгаа хангалтгүйн дээр иргэний нийгмийн олон талт байгууллагуудын оролцоо зөвшилцлийг хангаагүй гэж үзэж байгаа учраас буцаан татахыг шаардсан.  Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд  ардчилал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих  Засгийн газрын бодлогыг дэмжиж, хамтран ажиллахыг хичээсээр ирсэн. 

-Хуулийн төслийг боловсруулах явцад төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж оролцогч этгээдүүдийн саналыг сонсдог журамтай. Дээрх хуулиудад ИНБ-уудын оролцоо ямар байсан бэ. Та бүхний зүгээс ямар санал хүсэлт өгч байна вэ?

-2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хоёр хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Иргэний нийгмийн консорциумаас уг хуулийн төслүүдийг боловсруулахдаа Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хууль хийгээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй огт нийцээгүй үйл явц бүхий арга барил ашиглаж, иргэд, иргэний нийгмийн оролцоог үл хангаж ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Уг хуулийн ажлын хэсэгт иргэний нийгмийн төлөөллөөс оруулан 2021 оны нэгдүгээр сард цахимаар хуралдсан байдаг. Энэ үед иргэний нийгмийн байгууллагууд зарчмын зөрүүтэй  саналтай байгааг ажлын хэсэгт уламжилсан. Харамсалтай нь түүнээс хойш уг ажлын хэсэг дахин ганц ч хуралдаагүй, хуулийн төслийн эцсийн найруулгыг өргөн баригдсан хойно нь цахим хуудаснаас мэдсэнээ ажлын хэсгийн гишүүд нотолж байгаа. Тэгэхээр сүүлийн арван сарын турш хууль өргөн баригдах хүртэл хуулийн төсөл иргэний нийгмийн байгууллагуудын дунд нээлттэй өргөн оролцоотойгоор, бодитойгоор хэлэлцэгдээгүй гэсэн үг. Мөн хорио цээрийн дэглэмтэй цар тахлын энэ хүнд үед хөдөө орон нутгийн болоод иргэний нийгмийн олон талт байдлыг илтгэх бүртгэгдээгүй холбоо, мэргэжлийн холбоодын дунд ч энэ хэлэлцүүлэг өргөнөөр хийгдээгүй гэсэн мэдээлэл бидэнд байна.

-Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ТББ-аар дамжуулж мөнгө угаадаг хүмүүс ихэд эмзэг хандаж байна . Төрийн бус байгууллагыг зөвхөн тайлангаа л гарга гэдэг зохицуулалт хийж байгаа. Гаднаас ямар зорилгоор мөнгө оруулж ирээд юунд зарцуулснаа тайлагнах ёстой. ТББ-ыг боомилсон зохицуулалт огт тусгагдаагүй” гэж мэдэгдсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн, улс төрийн өндөр албан тушаалтан, эсвэл  мэдээлэлд ойр төрийн өндөр албан тушаалтан, төрийн алба хаагчид ТББ-аар дамжуулан мөнгө угаадаг гэх мэдээ ойр ойрхон ч гарлаа. ТББ-ынхаа хувьд, нэр нэгтийн чих нэг гэж, ТББ-аар дамжуулан мөнгө угаадаг, Монголын ТББ-ууд терроризмын өндөр эрсдэлтэй гэх сайдын үгийг сонсоод эмзэглэснээ нуух юун. Тиймээс ч сайн хууль гараасай гэсэндээ хуулийн төслийг илүүтэй анхааран үзсэн.  УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид ТББ-уудыг ашигладаг бол эрсдэл нь тэдгээр хомхой сэдэлтэй улстөрч, улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагч мөн. Үүнийг болиулахын тулд  холбогдох тухайлан Төрийн албаны тухай хууль, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль,  Улс төрийн нам, намын байгууллагын тухай хуулиар зохицуулах нь илүү үр дүнтэй. Тэгэхээр мөнгө угаах гэмт хэрэг, терроризмийн аюулыг зөвхөн иргэний нийгмийнх гэж харахгүй байвал зохино.

ТББ-д болохоор жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор татварт тайлан гаргах үүрэгтэй мөртлөө яагаад Улс төрийн намын тухай хуульд ийм үүрэг заагаагүй юм бол. Нам ерөөсөө мөнгө угаах эрсдэлгүй байгууллага уу. Яагаад Шилэн дансны тухай хуулиар төрөөс санхүүжилт авсан ТББ бүр шилэн дансанд хамаардаг хэрнээ нам, намын байгууллагад шилэн данс үйлчлэхгүй хоёр өөр зохицуулалттай байна гэж.  Яагаад төрийн байгууллага ТББ-д өгсөн мөнгөндөө  хяналт тавьж чадаагүй юм бэ. Тайлангаа яагаад нэхээгүй юм. Яагаад төрөөс тендэр авсан гэх ТББ-уудыг нэрлэж гаргахгүй байгаа юм. Яагаад тэднийг ашигласан албан тушаалтнуудаа нэрлэхгүй байна вэ. Тэр ТББ-ууд нь тэгээд нийт 20000 орчим ТББ-ын яг хэдэн хувь нь юм, хэд нь юм.... гээд сайдаас өөрөөс нь асуух олон асуулт байна. Төрийн өндөр албан тушаалтан хүнийхээ хувьд сайд бусдын гаргасан алдааг нөгөө хэсэгт нялзаахгүй байх, хавтгайруулсан сөрөг, буруу ойлголтыг нийгэмд өгөхгүй байх үүрэгтэй.

Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй ТББ-ын тухай хууль болон холбогдох хуулиудад ТББ-ууд татварын, санхүүгийн, нийгмийн даатгалын, үйл ажиллагааны дөрвөн тайланг дөрвөн газар өгдөг зохицуулалт нь байгаа. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд тайлангаа өгдөг. Үйл ажиллагааны жилийн тайлангаа УБЕГ-т архивлуулдаг. Мэдээж авсан мөнгөө юунд яаж зориулснаа хуулийн дагуу болоод хандивлагч нартаа тайлагнадаггүй бол хэн итгэж мөнгө өгөх вэ дээ.

Гэвч УБЕГ, ТЕГ нь тайлангийн мөрөөр хуулийнхаа хэрэгжилтийг шаардаж нэхэл дагал болдоггүйгээс ТББ-ууд жилийн тайлангаа тушаадаггүй байж магадгүй юм. Манай байгууллагын хувьд ямар нэг тайлан өгөөгүй, хоцроосон дутаасан зүйл байхгүй. Юу хийснээ хуулийнхаа дагуу УБЕГ-т тайлагнаад, хэдэн төгрөг хаанаас авснаа, бас яаж зарцуулснаа ТЕГ-т тайлагнаад явж байгаа. Ингэхийн тулд заавал шинэ хуулийн шаардлага байхгүй. Тэгээд ч хандивлагчдадаа тайлагнадаггүй бол, татварын болон, үйл ажиллагааны тайлангаа өгдөггүй хуулиа зөрчдөг бол хэн тэр байгууллагад итгэж санхүүжилт өгөх вэ дээ.  Судалгаанаас харахад тайлан гаргаагүй буюу санхүүгийн тайланг илгээгээгүй байгууллагуудын хувьд санхүүжилт байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, Х тайлан өгөх ёстой гэж мэдээгүй улмаас санхүүгийн тайлан гаргаагүй гэсэн байсан. 

УБЕГ, ТЕГ, ҮСХороо нь өөр хоорондоо уялдаатай ажилладаггүй, ТББ-уудыг бүртгэх, ангилах нэгдсэн загвар байхгүй, өөр өөр нэр ангилалд бүртгэдэг, иргэний нийгмээ ойлгодоггүй яаж ангилахаа мэддэггүй, тайлагналтыг нэгтгэх системгүй байгаа нь иргэний нийгэмтэй холбоотой дата тоогоо гаргаж чадахгүйд хүргэж байгаа гэж миний хувьд хардаг. Ийм менежментийн бэрхшээлийг хуулиар шийдвэрлэхгүй. 

Хэдийгээр хуулийн төслийг "терроризм, мөнгө угаах явдалтай тэмцэх", “үндэсний аюулгүй байдал, үндэсний онцлог, уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах”, “эдийн засгийн хөгжлийг дэмжих” зэрэг олон зүйлээр зөвтгөж байгаа ч бодит байдал дээр эдгээр хуулийн төсөл нь одоо хэрэгжиж буй ТББ-уудын тухай хуулийг дээрдүүлж чадаагүй. ТББ-ын санхүүгийн хараат бус байдал нь түүний олон эх үүсвэрт санхүүжилт байдаг. Ингэж байж хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Дан ганц төрөөс санхүүжвэл яаж төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах билээ. Тиймээс гаднаас санхүүжилт босгох нь байж болох хэвийн зүйл. ТББ битгий хэл төр өөрөө гаднаас маш их санхүүжилт авдаг шүү дээ.

-Ер нь олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагууд өнгөрсөн хугацаанд татвар, тайлангаас эхлээд хэрхэн ажиллаж ирэв. Дээрх хоёр хууль энэ чигээрээ батлагдвал ямар эрсдэлтэй гэсэн үг вэ?

-Бусад байгууллагуудыг хэлж мэдэхгүй юм. Харин манай байгууллагын хувьд бол татвар, НДГ-ын газар, УБЕГ-т болон олон улсын төв, бусад хандивлагч нарт үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа өгдөг. Мөн олон улсын итгэмжит аудитын газраар хөндлөнгийн аудит тогтмол хийлгэдэг. Манай бүх тайлан жил жилээрээ байгууллагынхаа цахим хуудсанд байршиж байдаг. Гишүүд дэмжигч, олон нийтэд нээлттэй.  Энэ хууль гарлаа гээд тайлагналтанд ямар ч өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ТББ-ын тухай хуулийн зохицуулалт хангалттай. Уг нь бид ХЗДХЯ-наас илүү алсыг харсан цаг үеэ олсон шинэлэг зохицуулалт, санхүүжилтийн хувилбаруудыг тухайлбал  нийгмийн тустай бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн өөрчлөлтийн хөрөнгө оруулалт, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх зэрэг ойлголт, санхүүжилтийн хэлбэрүүдийн талаар дурдаагүй нь иргэний нийгмийг санхүүжилтийн хувьд олон талт болгох, төлөвшүүлэхэд чиглэсэн хуулийн төсөл боловсруулаасай гэж хүлээж байсан. Тиймээс дутуу дулимаг хуулийн төслөө буцаах нь зүйтэй.

-Монгол Улс ФАТФ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн орчин боловсронгуй болгохоор болж байна гэсэн тайлбарыг хууль санаачлагчид хэллээ?

-Холбоо, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулахдаа Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын аргачлалын дагуу хийсэн терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг хуулийн үзэл баримтлалын гол үндэслэл болгосон гэсэн.  ФАТФ-ын удирдамж, эрсдэлийн үнэлгээ зөвхөн хөрөнгө босгон хуваарилдаг байгууллагуудад хамаатай, нийт ашгийн төлөө бус байгууллагуудад хамаарахгүйг анхааруулсан байтал ХЗДХЯ үүнийг нийт иргэний нийгмийн байгууллагуудад хамааруулж байгаа нь хэтрүүлсэн, илүүц хязгаарлалт, иргэний нийгмийн орон зайг хумиж буй хэрэг юм. Ийм явдал ч Түрк улсад гарсан. Дарангуйлал руу шилжиж буй бусад орнуудын ийм буруу жишгийг битгий дага гэсэн уриалгыг Монголын Эмнести Интернэшнлээс УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байгаа.

Түүнчлэн Холбоо, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалд дурдсаныг харахад ФАТФ-ын наймдугаар зөвлөмж, нэгдүгээр шууд хэрэгжилтийн дагуу 2020 оны 3-6 дугаар сарын хооронд хийгдсэн Монгол Улсын ашгийн бус байгууллагын салбарын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээгээр эрсдэл нь 0.46 оноо буюу дунджаас доогуур үнэлэгдсэн байсан. Тиймээс энэ тайлбар дангаараа ТББ-уудын хуулийг Холбоо,Сангийн эрх зүйн байдлын тухай хууль болгон өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

-ТББ-ууд мөнгө угааж, терроризм санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гэж үзэж байх шиг?

-Олон мянган ТББ-ууд байна. Уулын мод урттай богинотой гэдэг шиг сайн нь ч байгаа муу нь ч байгаа. Манай улсын хувьд хүмүүнлэг нийгэм, ардчилсан нийгмийн дархлаа болсон иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, дэмжих талаар бодлогогүй явж ирсний гайгаар өнөөдөр ТББ-уудын чадавхи  харилцан адилгүй байна. Нийгмийн тулгамдсан асуудлыг олон янзаар шийдвэрлэх гарц гаргалгаа хайн ажиллаж байгаа тэд мөнгө угаах, терроризм санхүүжүүлэх хэмжээний өндөр эрсдэлтэй гэж бодохгүй байна. Тийм их мөнгөтөй ч ажилладаггүй. Олны олон таван цэн гэгчээр олон жижиг байгууллагын олон жижиг төсөл хөтөлбөрүүд нийлэхээр их мөнгөн дүн гарч болно. Гэхдээ энэ нь эрсдэл өндөртэй гэсэн үг биш..Тайлангаа өгөхгүй байгаа нь ч эрсдэл өндөр гэсэн үг биш. Мөнгө угаах, терроризмын эрсдэлийг харин өөр газарт байгаа гэж харж байна.

Эцэст нь онцолж хэлэхэд дутуу дулимаг боловсруулсан хуулийн төслийг буцаан татах нь зүйтэй гэж эсэргүүцсэн болохоос иргэний нийгмийг хөгжүүлэх гэсэн Засгийн газрын  зорилт, зорилгыг эсэргүүцээгүй.  Зөв зорилго зөв замаар явах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 12 (6744)