Ц.Эрхэмбаяр: Хөрөнгийн зах зээлийг хуримтлал, хөгжлийн гарц гэж харах хэрэгтэй

0
хуваалцах
755
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа бид “Мандал капитал маркетс” ҮЦК-ийн Санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөх, эдийн засагч Ц.Эрхэмбаярыг урьж ярилцлаа.

 

ХАДГАЛАМЖИЙН ӨГӨӨЖ ХАСАХ УТГАТАЙ БАЙНА

Блиц

 Эдийн засагч, судлаач Ц.Эрхэмбаяр

2021-2022 “Мандал Капитал Маркетс “ҮЦК Санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөх

Боловсрол:

-2016-2020 Япон улсын Мэйкай Их сургуульд Эдийн засаг (бакалавр).

Ажлын туршлага:

-2020-2021 оны 5 сар Япон улс, Худалдаа хөгжлийн банк Токио дахь төлөөлөгчийн газар харилцагчийн зөвлөх.

-2012 онд ЕБС “Наран” бүрэн дунд сургууль төгссөн

 Япон дахь Монгол оюутны холбоонд гурван жил сайн дурын ажилтан. Санхүү хариуцсан гишүүн.

-Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 хувийг банк эзэлдэг. Сүүлийн хоёр жилд цар тахлаас үүдэлтэйгээр бүх улсын эдийн засаг унасан. Төвбанкууд нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж  мөнгө тараасан. Засгийн газрууд нь эдийн засгийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүллээ.

Манай улс гэхэд 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин үр дүнд нь эдгээр их хэмжээний мөнгө хөрөнгийн зах зээл рүү төвлөрсөн гэж хэлж болно. Монголд ч ялгаагүй, бусад орнууд ч ялгаагүй. Ингэснээр 2021 онд дэлхийн голлох хувьцааны индексүүд  дундажаар  23-25 орчим хувийн өсөлттэй зах зээлийн нийт үнэлгээ нь 18 их наяд ам.доллароор нэмэгдэж  түүхэнд байгаагүй өндөр дүнтэй өсөлт үзүүлсэн юм. Үүнээс Монгол Улс дэлхийд нэгдүгээрт зогслоо. 2020 онтой харьцуулбал, үнэт цаасны компаниуд 131 тэрбум төгрөгийн арилжаа хийдэг байсан бол өнгөрсөн онд 2.8 их наяд, хувьцааны дундаж өсөлтийг тодорхойлох топ 20 индекс  130 хувийн өсөлттэй, зах зээлийн үнэлгээ нь 2.9- 5.9 их наяд төгрөгт хүрсэн нь  түүхэн амжилт юм. Мөн зарим ТОП компаниудын үнэлгээ 3-4 дахин өссөн байх жишээтэй. Дэлхийн бусад орнууд ч мөн адил жигд өндөр өсөлт үзүүлсэн. Ингэснээр энэ их өсөлтөөс Монголын ард түмэн нийтээр хүртэх боломж бүх талаараа бүрдсэн нь хамгийн том ололт байв. Хэдийгээр энэ өсөлт Монголын хөрөнгийн зах зээлийг сэрээсэн гэж хэлж болно. Тйимээс иргэд хөрөнгийн зах зээлийг ирээдүйн хуримтлал, хөгжлийн гарц хэмээн харах хэрэгтэй. Хөрөнгийн зах зээл маш энгийн. Өөрөөр хэлбэл, үнэт цаас гэх нэг төрлийн хөрөнгийг хөрөнгө оруулагчид авах, зарах нөгөө талаас компаниуд өөрсдийгөө бараа болгон нийлүүлдэг үнэ ханш нь эрэлт нийлүүлтээр зохицуулагддаг систем.  Манай улсын хөрөнгийн зах зээл хэдийгээр 30 орчим жилийн түүхтэй ч дийлэнх хугацаанд нь унтаа, нийтэд хүртээлгүй байлаа. Дэлгүүрийн лангуугаар төсөөлбөл барааны сонголтгүй хоосон шахуу, бараа байсан ч мэдээлэл нь тодорхойгүй, төвлөрөл ихтэй, жижиг хөрөнгө оруулагч нарт өгөөж нь наалдацгүй байв. Иймдээ ч авах тал байдаггүй арилжаа идэвхгүй байсан. Түүнчлэн санхүүгийн секторын тулгуур гурав гэгдэх хөрөнгийн зах зээл, банк, даатгал нь олон улсад жигд тархалттай байдаг бол энэ олон жилийн турш манайд банк л давамгайлж ирсэн. Саяхныг хүртэл мөнгөөр мөнгө хий гэж гудамжинд таарсан  дурын иргэнээс асуухад толгойд нь хугацаатай хадгаламж л буудаг байв. Даатгагдсан, хүүгийн орлого нь тодорхой учир арга ч үгүй. Авах тал нь хангалтгүй учир нөгөө талаас компаниуд энэ зах зээл дээрээс бага зардлаар, урт хугацааны тогтвортой санхүүжилт татах нөхцөл нь бүрдээгүй нөгөө л банкны зээлээ хөөдөг байж. Ерөнхийдөө хөрөнгийн зах зээлийн хөгжилд зах зээлийн зарчим талаасаа эрэлт буюу авах тал нийлүүлэлт талаасаа компаниуд, олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслүүд, зайлшгүй хэрэгтэй. Энэ хоёр огтлолцож байж тэнд мөнгө эргэлддэг болно гэсэн дүгнэлтэд хүрч болохоор байна. Авах талыг авч үзье.Үүнд арилжаанд идэвхитэй оролцдог цөөнх дангаар хангалтгүй институциональ хөрөнгө оруулагч нар буюу томоохон хөрөнгө оруулалт, тэтгэврийн сангууд түүний эзэд болох  иргэд хэрэгтэй. Үндсэндээ хамгийн чухал оролцогч нь хөрөнгө оруулалтын сан гэхэд хилсдэхгүй. Санг нэг үгээр хэлбэл энгийн хүн  хөрөнгийн зах зээлээс ашиг хийх зорилгоор мэргэжлийн хүнд мөнгөө даатгаж буй хэрэг. Дотооддоо үүссэн хуримтлалыг яг одоо санхүүжилт хэрэгтэй ирээдүйд мөнгөн урсгал, үнэ цэнэ бий болгох компаниуд руу үр дүнтэйгээр сангууд л шилжүүлдэг. Сүүлийн жилүүдэд манай улсад институциональ хөрөнгө оруулагч нарыг бий болгох эрх зүйн орчин, хорооны журмууд боловсронгуй болсноор хэдийнэ томоохон сангууд бий болж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Яг энэ мөчлөг дээр  ковидтой холбоотойгоор хүү буурсантай холбогдуулан иргэд хадгаламжаас хөрөнгө оруулалт руу шилжиж эхэлсэн. Нийслэлд өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар инфляцын түвшин 14.8 хувьд хүрчихсэн. Гэтэл төгрөгийн хугацаатай хадгаламж ердөө 7-8 орчим хувьтай нэг ёсондоо хадгаламжийн өгөөж хасах утгатай байна. Ус өндрөөс нам газар руу урсдаг бол мөнгө өндөр өгөөж рүү урсдаг нь зах зээлийн зарчим. Манай ард түмний  бүтэн нэг үе ч солигдож байна. Санхүүгийн систем зөв голдирол руугаа хэдийнэ эрчимтэйгээр шилжиж эхэлсэнд олзуурхууштай.

 

СИСТЕМИЙН ГАЖУУДАЛ, ОРЛОГЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ  ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ АРИЛГАна

 

-Манай улсад баян хоосны ялгаа, орлогын тэгш бус байдал үүсээд буй шалтгаан нь маш энгийн. Чинээлэг хэсэг нь их хэмжээний хадгаламжтай дотоодын томоохон хаалттай компаниуд, банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчид байдаг бол нийгмийн дундаж давхарга, ядуу хэсэг амьжиргаанд нь хүрэлцэхгүй цалингийн орлоготой, өр зээлтэй байдаг. Жилийн долоон хувьд  мөнгөө хадгалчихаад эргээд 13-20-ийн хүүтэйгээр зээл авч байна. Нэг тал нь төлдөг нөгөө тал нь түүнийг хүртдэг. Нөгөөтэйгөөр, ДНБ-ийг орлого талаас нь задлаад үзвэл ААН-ийн орлого 54 хувь буюу талаас дээш хувийг эзэлдэг. Харин иргэдийн цалин, хөрөнгийн орлого дөнгөж 25 хувийг эзэлдэг. Харамсалтай нь хамгийн өндөр ашиг орлоготой топ 100 компанийн 98 хувь  нь ХХК буюу цөөн хэдэн гэр бүл эзэмшдэг төвлөрөл туйлын өндөр.Үндсэндээ дээрх компаниудын хэдэн зуун тэрбумаар хэмжигдэхүйц ашиг нь нийгмийн маш цөөнхөд очдог гэсэн үг. Гэтэл бусад өндөр хөгжилтэй улсад энэ тоо эсрэгээрээ байдаг. АНУ-ын Microsoft, Солонгос улсын Samsung, Япон улсын Sony зэрэг үндэстэн дамнасан корпорациудын том хувьцаа эзэмшигчид бүгд хөрөнгө оруулалтын сан, хувийн тэтгэврийн сан гэсэн дээр дурдаад буй нөгөө л институциональ хөрөнгө оруулагч нар байдаг. Үндсэндээ эцсийн өмчлөгчид  буюу эзэд нь санд хөрөнгө оруулсан нийт ард иргэд нь гэсэн үг.   Google компанийн 2021 онд олсон 60 тэрбум ам.долларыг ард иргэд нь сангаараа дамжуулаад тэгш хүртдэг. Ирээдүйн өөрсдийн тэтгэврийн хуримтлалд нь төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, эдгээр сангууд өөр дээрээ бүртгэлтэй  компаниудыг энэ хэмжээнд хүртэл нь урт хугацаанд, үр дүнтэй санхүүжилтийг гүйцэтгэж чадсан байна. Ашиг нь манай улс шиг цөөнх гэр бүлийн халаасанд очдоггүй, банкны зээлээр хязгаарлагдмал бус эрүүл тогтолцоог бий болгож чадсан тулдаа дээрх улс орнуудын иргэд нийтээрээ баян, чинээлэг амьдардаг. 

Дээрх гажуудлыг арилгах хамгийн эхний дорвитой алхам бол банкны салбарт хийгдэж буй реформ билээ. Монголд баялгийн эзэд гэсэн сэдэв их яригддаг. Гэтэл бид газар доор булаатай байгаа, байгалиас өгөгдсөн ашигт малтмалын нөөцийг яриад байдаг. Бодит үнэндээ хайгуул хийгээд, олборлоод, гаргаж ирснийхээ дараа баяжуулан эцсийн бүтээгдэхүүн болгосноор  сая жинхэнэ капитал болж хувирдаг. Үүнд нь маш их цаг, энерги, урт хугацааны, тогтвортой санхүүжилт шаардлагатай. Үүнийг олон улс хөрөнгийн зах зээлээрээ гүйцэлдүүлдэг. Сангийн мэргэжлийн баг бүх түвшинд нь шинжилгээ, үнэлгээг нь хийж үр дүнтэй санхүүжилтийг хийсэн байдаг. Хэдэн зуун жилийн дэлхийн санхүүгийн түүх үүнийг батлаад байна шүү дээ. Ингээд харахаар жинхэнэ баялгийн эзэд гэдэг чинь урт хугацаанд хөрөнгө оруулсан, санд мөнгөө байршуулсан иргэдийг хэлж байгаа юм. Манай иргэд богино хугацаанд ашиг олох зорилготой хэдэн өдөр, хэдхэн сарын арилжааг жинхэнэ үнэ цэнтэй, урт хугацааны уламжлалт хөрөнгө оруулалттай андуурч болохгүй. Нэмж хэлэхэд арилжааны банкуудыг, хаалттай компаниудыг буруутгаагүй юм шүү. Үүсээд буй энэ нөхцөл байдал нь товчхондоо уул уурхайгаас хэт хараат, үйлдвэрлэгч бус солонгороогүй суурь эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Энэ олон жилийн турш нэгдсэн хөгжлийн бодлогогүй явж ирсний хор, гай нь юм. Хүү, инфляцын тогтворгүй байдал, баялгийн болоод орлогын тэгш бус хуваарилалт, өрийн дарамттай холбоотой.

 

БОГИНО ХУГАЦААНД БАГА ЗАРДЛААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТЫН УРСГАЛ БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙ

 

-Хөрөнгийн зах зээлээс гадна нэмэлтээр дурдахад, Монгол Улс нэгэнт л уул уурхайн дээр тулгуурласан эдийн засагтай учраас  Засгийн газрын зүгээс бүтцэд солонгоруулалт хийхийн сацуу мега төслүүдээ цааш тогтвортой үргэлжлүүлэх нь нэн тэргүүний асуудал. Түүнчлэн инфляцын түвшинд нэгж хувиар хамгийн их жин эзлэн, өрхөд дарамт үзүүлээд буй шатахууны үнэд шийдэл олох. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг яаравчлах хэрэгтэй. Өнөөгийн өндөр хөгжилтэй улс орнуудын туулсан замнал нь эхнээсээ газар тариалан, хөнгөн үйлдвэр, хүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбар байдаг. Дээрх хөгжлийн мөчлөгийг туулахад хэдэн үеийн Засгийн газар, олон жил үргэлжлэх нэгдсэн нүсэр бодлого, их хэмжээний санхүүжилт, капитал шаардагдана. Энэ урт мөчлөгийг туулалгүйгээр өнөөдөр нэгэнт  бий болсон  мэдээлэл харилцаа холбоонд суурилсан өндөр технологи ашиглан инновац бий болгож түүнийхээ тусламжтай илүү хурдан хугацаанд, нийтэд хүртээмжтэйгээр хөгжих боломжтой. Нэг үгээр хэлбэл, одоо байгаа цэгээс хамгийн сүүлийн мөчлөг рүү шууд үсрэх юм. Энэ үзэгдлийг олон улсад “Leapfrog” (Навч алгасаж үсэрдэг мэлхий) гэж нэрлээд буй. Африк тив, зүүн азийн улс орнууд маш амжилттайгаар хэрэгжүүлж байна. Манайх шиг хоёр том улсаар хүрээлэгдсэн гадаад зах зээл нь хязгаарлагдмал, эдийн засаг нь үйлдвэрлэлд суурилаагүй, суурь дэд бүтцүүд нь хангалтгүй, хүн ам цөөн, алслагдмал бүс нутгуудтай нийгэмд тулгараад буй асуудлууд их улсад нэн тохиромжтой. “Leapfrog”-ийг хэрэгжүүлэх суурь өгөгдөл ихтэй орон.  Залуучууд ихтэй орон гэдгээр сэтгэн бодох чадвар өндөр, цахилгаан эрчим хүчний өртөг хямд гэх мэт. Тухайлбал, Зүүн Африк, Руанда улс төвөөс алслагдмал бүс нутгууд руу эм, хангамж, бараа таваарыг нисдэг дроноор тээвэрлэж байна. Машин таван цаг хүрч очдог газар 15 минут. Хар зам тавих дэд бүтцийн санхүүжилтээ дэлхийн цаашдын хөгжлийн чиг хандлага болоод буй боловсролын салбар, мэдээлэл харилцаа холбооны салбартаа зарцуулж байна. Вьетнам, Филиппин улсын хэдхэн залуу нийлээд нэг цахим орчинд тоглоом бүтээв.

Зүгээр нэг тоглоом биш өнөөгийн трэнд блокчэйн технологи, NFT (Non Fungible token), Метаверс-д суурилсан. Түүгээр нь дэлхий нийт тоглон виртуал хөрөнгөөр бодит орлого бий болгож залуус амьдралаа өөрчилж байна. Зарим ядуу буурай орнууд аль ч үеийн Засгийн газар нь хийж чадаагүй валютын урсгалыг бий болгочихож байна шүү дээ. Үүнд  хэдхэн залуусын цаг үеэ мэдэрсэн ухаалаг санаа шийдэл, интернэт холболттой хэдэн төхөөрөмж л шаардагдсан. Манайд ч хэдэн залуу туршилт хийсэн. Энэ оноос шинээр байгуулагдах Хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам түүнчлэн БШУЯ-ны  газар, агентлагууд дээрх гарцыг олж харсан, төрийн бодлогоор дэмжиж ажиллахын тулд байгуулагдсан гэдэгт  хувьдаа итгэж найддаг. Монгол IT инженерүүд дэлхийн өнцөг булан бүрт хэдэн сая ам.долларын үнэ цэнийг бий болгосоор байна. Эцэст нь Япон улсад үлдсэн инженер найзууд минь эх орондоо эргэн ирж гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээлцэнэ гэдэгт итгэдэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 11 (6743)