Б.ТӨГС

 

Цар тахал дельта, омикрон зэргээр нэршлээ өөрчлөн дайрсаар байгаа ч дэлхийн эдийн засаг хэдийнэ сэргэлтийн замдаа орсныг дуу нэгтэйгээр хэлж байна. 2022 онд хөрөнгө оруулалт хийхдээ анхаарах ёстой асуудлууд болон чиг хандлагуудыг “Forbes” ийнхүү тоймложээ.

 

1. Цар тахлын салхи хаашаа үлээхээс эс шалтгаалан  аялал жуулчлал, үл хөдлөх, уламжлалт жижиглэн худалдааны хувьцаанууд 2022 онд өндөр байх болно. Ковидын дараах хөрөнгө зах зээлийн ралли уралдаан хэдийнэ эхэлснийг хөрөнгө оруулагчид ойлгох ёстой.

2. Холбооны нөөцийн сан 2022 онд хүүгээ өсгөх магадлалтай. Түүнчлэн инфляцын өсөлт 2022 онд улам нэмэгдэнэ үү гэхээс буухгүй. Зээлийн хүү, инфляц өндөр байгаа нь түр зуурын асуудал биш болсон. Энэ нь хөрөнгө оруулагчдад ашигтай шийдэл болж магадгүй.

3. Дэлхий дахинд нийлүүлэлтийн сүлжээ доголдолтой хэвээр байна. Дэлхийн аль ч боомтод очсон ачаа барааны эргэлт, чингэлэгийн бөөгнөрөл нь богино хугацааны асуудал биш болсныг харж болно. Цар тахал дууссан ч дэлгүүрийн лангууг бүрэн дүүргэх хэмжээнд сэргэх нь хугацаа шаардана. Омикрон энэ асуудлыг улам хүндрүүлэх магадлалтай.

4. Хөдөлмөрийн зах зээл тогтворгүй хэвээр байна. Хэдийгээр 2021 оны арваннэгдүгээр сард АНУ-ын ажилгүйдлийн төвшин 4.2 хувь хүртэл буурсан ч бодит зах зээлийн бүрэн бус дүр зураг гэж үзэж байна. АНУ тахлын хямралын үеэр алдсан 22 сая ажлын байраа эргүүлэн олж аваагүй байна. Олон компаниудын хувьд энэ асуудал хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.

5. “FAANG” хувьцааг анзаарах хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн бодит байдлыг мэдрэхийн тулд зах зээлийг хөдөлгөгч хүч болсон технологийн аварга таван компанийг ажиглах хэрэгтэй гэж шинжээчид зөвлөдөг. Үүнд Мета буюу Facebook (FB), Amazon (AMZN), Apple (AAPL), Netflix (NFLX) болон Alphabet, Google(GOOGL)  багтдаг. Заримдаа Netflix-ийг Microsoft (MSFT)-аар орлуулж, FAAMG товчлолыг хийх нь ч бий. Өнгөрсөн жил FAANG-аас эргэлт гарна гэж таамаглаж байсан, учир нь технологийн эдгээр аваргууд 2020 онд маш өндөр ашигтай ажилласан. Харин 2021 онд Майкрософт болон Google илүү их ашиг олсон бол Facebook болон Amazon төсөөлснөөс доогуур гүйцэтгэлтэй байв. 2020 онд эдгээр таван компани нийт зах зээлийн 25 хувийг эзэлж байсан бол 2021 онд  гурван хувь болж буурчээ. Тэгэхээр цаашид хөрөнгийн зах зээлийг “FAANG” тодорхойлох эсэх нь эргэлзээтэй.

6. Компьютерийн чипийн хомсдол нь зөвхөн технологийн хувьцаанд төдийгүй бусад бүх хувьцаанд нөлөөлнө. Удаан эдэлгээтэй хэрэглээний бараг бүх бүтээгдэхүүнүүд компьютерийн чиптэй байдаг тул хомсдол нь зөөврийн компьютерээс илүү том асуудал болоод байгаа. Intel-ийн хэлснээр чипний хомсдол 2023 он хүртэл үргэлжилнэ. Магадгүй чип үйлдвэрлэгч компаниуд асар өндөр ашигтай ажиллах болно.

 

“Голомт Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ:  Санал болгох бүтээгдэхүүн  “iShares Semiconductor ETF”

 

-Цар тахал, хөл хорионоос улбаалан нийлүүлэлтийн саатал, мөнгөний нийлүүлэлт нь инфляцыг түүхэн дээд түвшинд хүргэсэн. Дээр нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 133.9%-тай тэнцэхүйц өндөр болжээ. Тиймээс хөрөнгө оруулагчид бодлогын томоохон шийдвэрүүдийг хүлээсэн, харзнасан байдалтай байх болов уу. Америк л гэхэд энэ онд бондын худалдан авалтаа зогсоож, бодлогын хүүгээ гурван удаа өсгөнө хэмээн зарласан. Түүнчлэн дэлхийн бусад орнууд бодлогын хүүгээ өсгөх магадлалтай байна.

2022 онд хөрөнгө оруулах бүтээгдэхүүнээр “iShares Semiconductor ETF”-ийг нэрлэж, санал болгож байна. Учир нь 2021 оны хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн хямрал нь дэлхий нийтэд чипний хэрэгцээ ямар чухал болохыг ойлгуулсан. Чипний хомстолоос болж “General Motors” болон “Nissan” компаниуд сүүлийн хагас жилд автомашины борлуулалтынхаа 50 хувийг хийж чадсангүй. Ялангуяа интернэт, харилцаа холбооны салбар тэр дундаа 4G, 5G, дата процесс, үүлэн систем, крипто олборлолт, дата центрүүд, автомат жолоодлого, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэг ирээдүйн инновац руу зорьж буй бүх салбарынхан чипний үнэнч худалдан авагчид юм. Гэтэл зах зээлд үүсээд байгаа хомсдол 2022 оны эхний хагас хүртэл арилах төлөвгүй байгаа учраас хагас дамжуулагчийн салбарынхан үнийн өсөлтөөс ихээхэн хэмжээний ашиг олох боломжтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 3 (6735)